Заавал унших шилдэг номнууд

Бүсгүйчүүдээ амралтын өдрөөр өөртөө цаг гарган, оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй. Номонд дурлагч бүсгүйчүүддээ “Бестселлер” болж буй шилдэг номноос уншихыг санал болгож байна. 
1.    “Ээж тандаа”, Х.Экслей. Энэхүү номонд үргэлж бидний дэргэд байж, амьдралд чухал нөлөө үзүүлэгч элбэрэлт ээжүүдийн тухай өгүүлсэн хамгийн сайхан үгсийг багтаажээ. Дэлхий даяар дөрвөн сая гаруй хувь борлогдсон энэхүү номны хуудас бүрт эхийн хайрыг магтан дуулж, хүмүүний амьдралд эх хүний эзлэх орон зай ямар чухал болохыг өгүүлсэн байна. Мөн Жулиэтт Кларкийн гайхамшигт зургууд номыг улам бүр чимсэн аж. Хелен Экслейн бэлгийн номнууд нь гэр бүл хийгээд анд нөхрийн холбоо, хувь хүний үнэт чанарууд гээд хүний харилцааны хамгийн нөлөө бүхий талуудыг хамарч чаддаг.

2.    “Судасны чимээ”, Г.Аюурзана. Нэгэн эр домогт алтан бурхнаар өвчилжээ. Шунал эдгэрдэг үү? Нэгэн зохиолч хаа ч байхгүй зохиомол түүхээр өвчилжээ. Этгээд гаж санаа эдгэрдэг үү? Бүсгүй багынхаа дурлал руу буцан ирэхийн тулд хорь гаруй жил шаналжээ. Хайр сэтгэл эдгэрдэг үү? “Судасны чимээ” романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг өгүүлжээ.

3.    “Өөдөө тэмүүл”, Ш.Сандберг. Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн “Тайм” сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэхүү ном 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байгаа юм. Зохиогч энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг өгүүлж, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй манлайлах амбицтай байхад уриалан дууджээ. Мөн эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудал, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын тухай өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судлагаа тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номноос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

4.    “Ногоон Нүдэн лам”, Ц.Оюунгэрэл. Уг номыг Монгол Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байнан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ.

5.    “Зуун жилийн ганцаардал”, Г.Маркес. Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын энэхүү романыг дурдах хэрэгтэй. Маркес 1927 онд Колумбын далайн эргийн Араката тосгонд төржээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь “Зуун жилийн ганцаардал” юм. Бүэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Энэхүү бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.