“URBAN LADY FITNESS” клубийн менежер Мөнхтуяа: “Хөдөлгөөн хүний залуу насыг хадгалдаг”
- Танай фитнес клубын онцлог юу вэ? Хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна?
- “URBAN LADY FITNESS” клуб нь 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан фитнес клуб гэдгээрээ бусдаасаа онцлог. Анх нялх биетэй ээжүүдийг хүүхдүүдтэйгээ ирэх боломжоор хангах үүднээс 6-24 сартай нярайн, 2-5 настай хүүхдийн гэсэн хоёр өрөөг бүрэн тохижуулан камержуулж ээжүүд дасгалын заалнаас хүүхдүүдээ харах боломжтой ёстой л эх үрсийн амралтын газар шиг байсан. Нялх хүүхэд хүлээж авна гэдэг утгаараа ахуйн ариун цэврийг дээд зэргээр сахидаг байсан маань одоо болтол хэвшчихсэн шүү.
- Одоо хүүхэд хардаг хэвээрээ юу?
- Гурван жил гаран хүүхэдтэй ээжүүдээ хүлээн авсан боловч санаанд хүртэл хүүхдүүд ирээгүй. Тийм болохоор зах зээлийн хуулиа дагаад хүүхдийн өөрөөнүүдээ өөр хэлбэрээр ашиглаж эхэлсэн дээ.
- Танай төвд ирсэн хүүхнүүд маань ямар ямар үйлчилгээ авч болох вэ?
- Манайх аэробик фитнес, үсчин, гоо сайхан, маникюр, педикюр гэсэн үйлчилгээг үзүүлэхээс гадна хүүхнүүд маань үйлчилгээ авах зуураа цаг хугацаагаа ашиглаад машинаа угаалгах боломжтой болсон. Эсвэл машинаа угаалганд өгчихөөд өөрсдөө гоо сайхандаа орж болох юм.
-Үнэхээр амар юм байна. Зөвхөн машины гадна тал угаахад л цаг гаруй болдог. Тэр хугацааг ашиглаад өөртөө ашигтай өнгөрөөнө гэдэг их юм шүү дээ?
- Тийм ээ, манай хүүхнүүд “машинаа угаалганд өгчихөөд, дасгалдаа орчихоод гараад ирэхэд машин дулаахан амар байна” гээд олзуурхаад л байдаг юм. Ялангуяа өвлийн хүйтэнд.

-Та манай сайтын уншигчдад хичээлийнхээ талаар танилцуулаач?
- Манайд таван төрлийн аэробекийн хичээл ордог. Кардио аэробик, степ аэробик, бөмбөгтэй аэробик гэсэн 3 төрлийн спорт аэробик, мөн зумба, секси, бүжгийн аэробикийн хичээл ордог.
-Секси аэробик гэхээр их сонин санагдаж байна?
- Тийм шүү манайхаас өөр газар одоохондоо ороогүй байгаа. Ер нь бол ийм төрлийн аэробик байдаг. Энэ хичээл нь бүсгүйчүүдийг маань хөдөлгөөний дутагдлаас гаргах эвсэлтэй болгоход чиглэгддэг. Нэг ороод л үзээрэй таалагдана шүү.
- Их сонирхолтой санагдлаа?
- Нэг ээлжиндээ 5-6 хүнтэй, дан хүүхнүүд болохоор дасгал хөдөлгөөнөө хийхдээ санаа зовоод биеэ бариад байх шаардлагагүй. Мөн үтрээний дасгалыг багш нар маань сайн хийлгэдэг. Цөөнхөн хүнтэй хичээллэдэг болохоор үйлчлүүлэгч бүртээ тулж ажиллах боломжтой.
- Ахимаг настай хүмүүс залуу хүнтэй ороход хэцүү байдаг шүү дээ?
- Харин тийм. Гэхдээ манай төвд бол санаа зовох зүйлгүй. Цөөн хүнтэй болохоор багш хөдөлгөөний хурд, хэмнэл зэргийг хүн бүрт нь зориулж хийлгэдэг. Эгч нь гэхэд бөөр солиулсан хүн. Энэ дасгал хөдөлгөөн гээч юмыг огт хийж болохгүй л заалттай. Гэхдээ багш нарын удирдлаган доор хичээллэсээр байгаад, арваад кг хасаад бие хөнгөрөөд, өвчин гээчийг мартаад их сайхан байгаа. Та хэрвээ илүүдэл жинтэй байж байгаад их бага хэмжээгээр жингээ хассан хэн нэгэнтэй таарвал заавал баяр хүргээрэй, 1 кг ч бай, 10 кг бай жин хасна гэдэг асар их тэвчээр нөр их хөдөлмөрийн үр шим байдаг юм шүү.
- Хүүхнүүдэдээ хандаж юу хэлмээр байна?
- Аэробик фитнес нь зөвхөн илүүдэл жинтэй хүмүүст зориулагдсан зүйл биш. Хөдөлгөөний дутагдалд орсон, бие эрхтэний өвчлөлтэй, гоо сайхан залуу насаа удаан хадгалах гэсэн бүх хүмүүст зориулагдсан байдаг. Тиймээс бүх бүсгүйчүүдэдээ аэробик фитнесээр хичээллэхийг уриалж байна. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан сайт нээсэн та нартаа ажлын амжилт хүсээд, баяр хүргэе!
Д. Байгалмаа







