Пакистан эмэгтэй Парисын хүндэт иргэн болжээ
Парис хотын Зөвлөл Пакистаны оршин суугч Асия Биби гэх эмэгтэйд хотын хүндэт иргэн цол олгох шийдвэр гаргажээ. Энэ эмэгтэй эх орондоо Аллахыг доромжилсон хэргээр цаазын ял сонсоод байгаа юм байна.
Хүндэт иргэн цол олгох тухай саналыг Парис хотын дарга Анн Идальго гаргажээ. “Энэ алхмаараа Парис хот дэлхий даяар шашны үзэл суртал болон улс төрийн нөхцөл байдлын золиос болж байгаа эмэгтэйчүүдтэй эв санаа нэгтэй байгаагаа баталж байна” хэмээн тэрбээр ийнхүү цол олгох болсноо тайлбарлажээ. Хотын даргын саналыг хотын зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Парис хотын дарга Идальго Пакистаны төр засаг Бибиг өршөөх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Парис хот Пакистан эмэгтэйн гэр бүлийг хүлээж авахад бэлэн байгаа хэмээжээ.
Дашрамд дуулгахад Парис хотын хүндэт иргэн хэмээх цолыг 2001 оноос эхлэн олгож байгаа аж. Одоогоор энэ цолыг 14 хүн хүртсэн бөгөөд тэдний дотор XIV Далай лам, Нельсон Мандела, Оросын нисэхийн зохион бүтээгч Андрей Туполев зэрэг олон алдартан багтдаг юм.
2015 оны нэгдүгээр сард энэ цолыг анх удаа хуулийн этгээдэд олгож байв. Тодруулбал алан хядагчдын гарт уран бүтээлчид нь амиа алдсан Францын “Шарли Эбдо” сонин Парисын хүндэт иргэн цолыг хүртэж байжээ.







