“Зүүдэнд ч оромгүй явдал” кино 36 нас хүрлээ
Монголчууд бидний зүрхэнд хоногшин үлдсэн оросын алдарт “Зүүдэнд
ч оромгүй явдал” кино 36 жилийн ойтойгоо золгож байна. Галина Щербаковагийн “Роман
Юлька хоёр” туужаас сэдэвлэн 1981 онд найруулагч Илья Фрэз бүтээсэн энэ кино
монгол залуусын хамгийн үзэх дуртай кино байв. 1980-аад оныхныг хуйлруулж,
уярааж явсан уг киноны гол дүр Рома, Катя хоёрын үнэнч дурлалын түүх нь “Ромео
Жульетта”-н хайрын түүх мэт. “Зүүдэнд ч оромгүй явдал” кино одоо ч өсвөр,
залуу, дунд гээд бүх насныхны сэтгэлийг хөдөлгөж, дурсамжийг сэргээх кино
хэвээр байгаа билээ. Мөн киноны дуу болох “Последняя поэма” дуу нь хэн бүхний
зүрхэнд хоногшиж, аманд аялагдах хит дуу болж чадсан юм.
“Өөдөсхөн” биетэй ч
хэрсүү, эгдүүтэй Катя охинны дүрд 23 настай байсан Татьяна Аксюта тоглосон
бөгөөд түүний дурлалт залуу Ромкад тухайн үедээ 15 настай байсан Никита Михайловский
тогложээ. Үзэгчид Татьяанаг 16 настай Катьяа чигээр нь хүлээн авч, мянга мянган
захидал, бэлгээр дарж, аль хэдийнэ нөхөрт гарсан жүжигчин бүсгүйн гэрт
нэвтрэхийг хүртэл оролдож байжээ. Катягийн дүрд тоглосноос хойш Т.Аксюта 20 жил
Хүүхдийн төв театрт ажиллахдаа үргэлж хүүхдийн дүрд тоглосон аж. Москвагийн
хүүхдийн ордны жүжигчний дугуйлангаар багшаар олон жил ажиллаж буй жүжигчин
бүсгүй одоо 58 настай юм.

Харин үерхэлдээ үнэнч, тоондоо сайн, бусдыг хайрлах зүрх сэтгэлтэй Ромкагийн дүрд тоглосон Михайловский 27 насандаа өөд болжээ. Гэвч тэрээр энэ ахархан насандаа чамгүй их зүйлийг амжуулсан юм. “Зүүдэнд ч оромгүй явдал” дэлгэцэнд гарч эхэлмэгц 16-хан настай Михайловский хоромын төдийд нэрд гарч, өсвөр насны охид Никитагийн гэр рүү утасдаж, хайрын захидлаар дарж эхэлсэн гэдэг. Гэсэн ч Никита тун эрт гэрлэж, гэргий Настя нь түүнд Софья хэмээх охин төрүүлж өгчээ. Дэндүү залуугаараа гэрлэсэн хосууд тун удалгүй салсан бөгөөд хожим Никита Екатерина хэмээх жинхэнэ хайртайгаа учирч өөд болтлоо хамт амьдарсан юм. Никита гэнэт уран зураг сонирхож эхэлсэн бөгөөд Екатеринатайгаа хамтдаа зургаа зурж, буяны үйл эрхлэн хүүхдүүдэд туслахыг хүсдэг байв. Энэ хүслээ ч биелүүлж чадсан тэрээр хорт хавдраар өвчилж, дэндүү эрт энэ хорвоогоос явсан юм. Түүнийг амь насыг аврах гэж орос орон тэр аяара хөдөлж байсан гэдэг. Харамсалтай нь Никита 1991 онд 17 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд удалгүй нас барсан юм. Тэрээр амьдралынхаа эцсийн өдрүүдийг хүртэл хайртай бүсгүйтэйгээ хамт байсан бөгөөд “Хоёулаа яг л Ромка, Катя хоёр шиг хэзээ ч хагацахгүй шүү” хэмээн ярьдаг байжээ.
Ийнхүү уг киноны жүжигчдийн амьдрал ч кинотойгоо үргэлж холбоотой, кино шигээ хайрын түүхийг бүтээж явжээ. "Зүүдэнд ч оромгүй явдал" хэмээх энэ гайхамшигтай хайрын кино цаашид ч үе үеийн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, дурсамжийг сэргээсэн гайхалтай бүтээл хэвээр мөнхрөн бизээ.









