Сарын тэмдэг тань хэвийн бус ирдэг үү?

Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг янз бүр ирдэг. Гэхдээ бүсгүй таны хувьд анх яаж ирсэн тэр хэвээрээ байлгүй өөрчлөгдсөн бол чухам юунаас болж өөрчлөгдсөн бэ? Аз болоход сарын тэмдэгтэй холбоотой ихэнхи өөрчлөлтүүдийн шалтгааныг таамаглахад хялбар ажээ. Иймээс таны хувьд яг ямар шалтгаанаас болж өөрчлөгдөөд байгааг мэдээд аваарай. 

Дусагнах. Жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаа тохиолдолд сарын тэмдэг биш хэрнээ багахан хэмжээний цус дусагнах явдал тохиолддог. Гэхдээ ийм асуудалтай тулгарч байгаа бүсгүйчүүдийн 99 хувь нь айлтгүй. Зарим бүсгүйчүүдийн хувьд овуляцийнх нь үеэр эстрогений хэмжээ огцом ихсэж буурсанаас үүдэн цус ганц нэг дуслаар гарч болно. Эстрогений түвшин өндөртэй бүсгүйчүүдийн савны хананд жирийнээс илүү эсүүд тогтсоноос үүдэж үе үе дуслын дайны цус гарч болдог. Энэ тохиолдолд секс хийсний дараа цус гарах шинж тэмдэг мөн илэрч болно. Хэрэв чи жирэмснээс хамгаалах эм ууж байгаа, бас цус дусагнах нь хэдэн сарын турш үргэлжилж байгаа бол одооныхоосоо илүү өндөр тунтай эмээр солиод үзээрэй. Хэдийгээр магадлал багатай ч, секс хийсний дараа үргэлж цус гардаг бол савны хорт хавдрын шинжилгээ өгөхөд буруудахгүй.
Хэт их хэмжээгээр ирэх. Анх сарын тэмдэг ирсэн үеэсээ л их хэмжээгээр ирдэг бүсгүйчүүд олон бий. Тиймээс санаа зоволтгүй. Гэхдээ өмнөхөөсөө их ирдэг болсон болон та ариун цэврийн хэрэглэлээ өдөрт таваас дээш удаа сольдог бол үүнийг тоохгүй өнгөрч болохгүй шүү. Тамд үтрээний хананд байрладаг фибройд маягийн хоргүй хавдар үүссэн байх магадлалтай. Энэ хавдар 30-аас дээш насныханд илүү элбэг тохиолддог. Цус их хэмжээгээр гарахаас гадна хэвлий, давсаг хавьцаа хүчтэй зүйлээр дарсан юм шиг өвдөх шинж тэмдэг илэрч болно. Маш ховор тохиолдолд цус бүлэгнэлтэнд саад учруулдаг “Von Willebrand”-н цусны өвчин туссан байх магадлалтай. Хэрэв та цэвэрших ихээр ирэх энэ сарын тэмдгээ тэсвэрлэж чадна гэж бодож байвал тэр чигээрээ гүрийж болно. Учир нь эстрогений үйлдвэрлэл энэ хавдрыг тэжээдэг учраас цэвэршилтийн үед ихэнхдээ өөрөө шимэгдэж алга болдог. Эсвэл хэт авиан мэс заслын аргаар авахуулж ч болно. Гэхдээ энэ мэс засалд ч бас сул тал бий гэдгийг анхаараарай. Хэрэв та Von Willebrand-ын өвчтэй байвал мэргэжлийн эмчээс эмчилгээний журам бичүүлж аваарай.
Хэт бага хэмжээгээр ирэх. Хэрвээ сарын тэмдэг ирчихээд байхад л өдөр тутмын хэрэглэл хэрэглэхэд хангалттай байвал “хэт бага” гэж үзнэ. Мөн л бага тунтай юм уу, дан прогестинаас бүрдсэн жирэмснээс хамгаалах эм таны сарын тэмдгийн хэмжээг багасгаж байх магадлалтай. Гормонтой жирэмснээс хамгаалах эм уухгүй байгаа хэрнээ ингээд байвал чи бамбай булчирхайн юм уу өнчин тархины булчирхайн тэнцвэргүйжилд орсон байх магадлалтай. Үүнээс өөр шалтгаан гэвэл, Муллерийн гажиг буюу савны хэлбэр алдагдсан, онгон хальс битүүрч цус гадагшлахад саад учруулсан байж болно. Хэрэв жирэмснээс хамгаалах эмийн нөлөөтэй гэж бодож байвал эмээ өөрчлөөд үзээрэй. Харин бамбай булчирхайн асуудалтай бол эмчилгээнд орох шаардлагатай. Эндокринилогийн эмчид үзүүлж савны хэлбэр алдагдсан, онгон хальс битүүрсэн эсэхээ харуулаарай


Мөчлөг тогтворгүйжих. Хэрэв таны сарын тэмдэг ирэхгүй байвал жирэмслэлт, цэвэршилт гэсэн хоёр ерөнхий тайлбар байна. Гэтэл та цэвэрших насанд хүрээгүй бөгөөд найдвартай хамгаалах арга байнга хэрэглээд байхад л юм ирэхгүй удаад байвал юу гэсэн үг вэ? Энэ тохиолдолд сэжиглэж болох шалтгаан хэдэн арав бий. Мөчлөг тань тогтворгүйжсэн, өөрөөр хэлвэл 28 хоног тутамд ирдэг байснаа, 21, 35 болоод л эргээд 28 болох мэтээр өөрчлөгдөөд байвал тэр нь цэвэршилтийн өмнөх шат явагдаж байгаагаас үүдсэн байх боломжтой. Энэ нь бидний хүүхэд төрүүлж чадах нас дуусах тийшээгээ хандсан сүүлийн 5 жилд явагддаг зүйл. Мөчлөг алдагдахаас гадна үе үе бүх биеэр халуу оргиж, нойргүйдэж, ааш хувираад байвал гарцаагүй цэвэршилтийн өмнөх үе мөн. Үгүй бол стресс, жин хасалт эсвэл огцом жин нэмэлт, зулбалт, савны гадуурх жирэмслэлт, өндгөвчний уйланхай (энэ үед үргүйдэх, жин нэмэх, үс ургалт нэмэгдэх, батгаших зэрэг шинж тэмдэг нэмэгдэж болно) , хоолны дэглэмийн өөрчлөлт зэргээс шалтгаалсан байж болно. Мөн төв мэдрэлийн системд нөлөөлдөг бүх эм мөчлөгт тань нөлөөлж болзошгүй. Бамбай булчирхайн болон бодисын солилцооны өвчин, зүрхний өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнүүд ч бас мөчлөгийн алдагдалд тань хамаатай байж болно. Мөчлөг тогтворгүйжээд эхэлсэн бол 3-аас илүү сар харалгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй. Хэрэв цэвэршилтийн өмнөх үеийн тогтворгүйжил мөн бол сэрүүн газар унтаж, дасгал хийж стрессээ багасгаарай. Мөн гормоны тэнцвэргүйжилд орсон бол эмчийн заавартайгаар бага тунтай жирэмснээс хамгаалах эм ууж болно. Таны тодорхой өвчинтэйгөө тэмцэхийн тулд ууж байгаа эм энэ бүхэнд буруутай бол мөн л эмчтэйгээ зөвлөлдөөд найрлагынх нь төрлийг өөрчлөөрэй.


Сарын тэмдэг өвдөлттэй ирэх. Өвдөлтийн шалтгаан нь ихэнхдээ сарын тэмдгийг ирүүлэхийн тулд бидний биеэс ялгарах простагландин хэмээх бодистой холбоотой байдаг. Гэхдээ бүр тэсвэрлэхийн аргагүй өвдөж байвал энэ нь бүсгүйчүүдийн 7-10 хувь нь тусдаг эндометриосис хэмээх савны эд савнаас гадуур буюу аарцагны хавьд ургаснаас үүдэлтэй өвчлөл байж болно. Сарын тэмдэг ирэх үед бидний савны дотор хананы эдүүд ховхорч унан цус болж гардаг. Гэтэл эндометриосисийн үед савны гадуур ургасан эдүүдэд ч бас давхар ховхролт явагдана гэсэн үг. Тэндээс ховхорсон цус доошоо гарах боломжгүй учраас бидний хэвлий хэсэг рүү урсдаг бөгөөд энэ нь үрэвсэл үүсгэх магадлалтай. Эндометриосисийн үед сарын тэмдэг хэт их хэмжээгээр ирэх, хэт эрт ирэх шинж тэмдгүүд ч хавсардаг бөгөөд өмнө нь савны мэс засалд орж байсан юм уу, гэр бүлд нь үүгээр өвчилсөн хүн байвал тусах магадлал өндөртэй гэж үздэг.  Простагландинаас шалтгаалсан өвдөлтөнд ибупрофен, аспирин зэрэг өвчин намдаах эмнүүд ууж болно. Мөн магни, цинк, кали зэрэг эрдэс бодисууд үтрээний булчинг суллах, простагландиныг хязгаарлах зэрэг үйлчлэл үзүүлдэг учраас өвдөлтийг багасгах нөлөөтэй. Гэхдээ өөрийнхөө биеийн байдлыг сайн мэддэг үедээ л эдгээрийг хоолны нэмэлт маягаар хэрэглээрэй. Жишээ нь магни л гэхэд цусны даралтыг огцом бууруулах үйлчлэлтэй учраас тэр. Простагландиныг хязгаарласнаар өмнөхөөсөө ч их хэмжээгээр ирж болно. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд их цусыг их өвдөлтөөс илүүд үздэг. Хэрвээ өвчин намдаах эм уухаар шийдсэн бол сарын тэмдэг ирсэн өдөр хэрэглээрэй. Харин эндометриосистой болсон бол эстрогений хэмжээг багасгах гормоны эм ууж, мэс засалд орох хэрэгтэй.
Сарын тэмдэг “үл үзэгдэх”. Хэрэв та “мөчлөг тогтворгүйжих” хэсгийн бүх шалтгааныг уншсан ч яав ч биш байвал та зүгээр л жирэмсэн болчихсон байж болно. Зарим бүсгүйчүүдийн сарын тэмдэг хэт олон хоног ирэхдээ овуляцийн эхний өдрүүдтэй давхцах үе тохиолддог юм. Тэгэхээр сарын тэмдэг ирж байгаа хэрнээ үр тогтох магадлалтай өдрүүд эхэлсэн байж болно гэсэн үг. Жишээ нь таны мөчлөг 21 хоног бөгөөд биений юм 7 хоног ирдэг байлаа гэж бодъё. Тэгвэл та хэдий сарын тэмдгээ дуусах үед нь секс хийсэн байлаа ч сперм бидний биед 72 цаг амьд байдаг учраас жирэмсэн болсон байж болно. Мөн цэвэршсэн хойно ч оройтож жирэмслэх тохиолдол байдаг. Тиймээс “Уг нь би” гэж бодолгүйгээр тестээр шалгаад үзээрэй. Гэнэтийн гайхалтай бэлэг хүлээж байгаа ч байж мэднэ. Мөн аялалаар явж орчин бөгөөд цаг солигдохоор, өвчлөхөөр, хэт их дасгал хийх, мансууруулах бодис хэрэглэх үед, ядаргаанд орсон, хоолны дэглэм өөрчлөгдсөн үед нэг сар өнжих тохиолдол байдаг. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.