Шоппинг хийж үзмээр дэлхийн хамгийн том дэлгүүрүүд

Худалдааны төв гэдэг зөвхөн худалдан авалт хийчихээд л гардаг газар байсан цаг үеэ өнгөрөөжээ. Энэ ч утгаараа дэлхийн томоохон молл, худалдааны төвүүдэд шоппинг хийнгээ алжаалаа тайлж, амарч цэнгэх бүхий л тааламжтай орчныг бүрдүүлсэн байдаг.

Ингээд та бидний хэрэгцээ шаардлагыг жинхэнэ утгаар нь хангахуйц дэлхийн хамгийн том 10 их дэлгүүрийг танилцуулъя. Эрхэм та эдгээрээс аяллынхаа маршрутдаа заавал оруулаарай.
10
506.435 м.кв: SM Megamall

  • Хаана байдаг: Филиппин, Мандалуонг
  • Дэлгүүрийн тоо: 1000 (+)
Хятад гаралтай Филиппин бизнесмэн Хенри Сигийн удирддаг “The SM Megamall” нь Филиппиний Метро Манила бизнес дүүрэгт байдаг. 4200 гаруй машины зогсоолтой томоохон их дэлгүүрээр өдөрт 800.000 гаруй, нэг жилд 292.000.000 гаруй хүн үйлчлүүлдэг. Их дэлгүүр нь нэг дор 4.000.000 хүнийг багтаах талбайтай бөгөөд IMAX театр, тоглоомын төв, зоогийн газар, супермаркет зэрэг хүний бүхий л хэрэгцээг нэг дор цогцлоожээ.
9
550.000 м.кв: The Central World

  • Хаана байдаг: Тайланд, Бангкок
  • Дэлгүүрийн тоо: 600 (+)
“The Central World” нь 8.000.000 гаруй хүн амтай нийслэл Бангкокийн томоохон их дэлгүүр бөгөөд “Дэлхийн худалдааны төв” нэртэйгээр 1990 онд нээгдэж байсан юм.
8
557.419 м.кв: The Golden Resources Mall

  • Хаана байдаг: БНХАУ, Бээжин
  • Дэлгүүрийн тоо: 1000 (+)
 Барилгын ажлыг нь 20 гаруй сарын хугацаанд гүйцэтгэсэн энэ дэлгүүр 2004 - 2005 онд дэлхийн хамгийн том (№1) их дэлгүүрээр нэрлэгдэж байсан юм. Энд түрээсээр үйл ажиллагаагаа явуулдаг 1000 гаруй дэлгүүр байдаг бөгөөд эдгээрээр орж үзэхэд хамгийн багадаа хоёр бүтэн өдрийг зарцуулдаг ажээ. Сонирхуулахад дэлгүүрт 230 цахилгаан шат байдаг гэнэ.
7
562.501 м.кв: Centro Santa Fe

  • Хаана байдаг: Мексик, Мехико хот
  • Дэлгүүрийн тоо: 300 (+)
Латин Америкийн хамгийн том их дэлгүүрээр нэрлэгддэг “The Centro Santa Fe” нь худалдааны төвөөс гадна кино театр, 450 өрөө бүхий зочид буудал, ажлын байрыг түрээслүүлдэг. “H&M” брэнд Мексикт анхны салбараа нээсэн нь “The Centro Santa Fe” их дэлгүүрт болсон бөгөөд жилд 20.000.000 гаруй хүн үйлчлүүлдэг ажээ.
6
600.000 м.кв: Isfahan Center

  • Хаана байдаг: Иран, Исфахан
  • Дэлгүүрийн тоо: 770 (+)
Галт тэрэг, нисэх онгоцны буудалтайгаа ойр байрладгаараа хөл хөдөлгөөн ихтэй “The Isfahan City Center” - ийн барилга, архитектурыг “Prestige Land Iran Co.” компани гүйцэтгэжээ. Дэлхийн олонх орны томоохон худалдааны төвд кино театр, аквариум, урлан зэргийг шийдэж өгсөн байдгийн адилаар энд музейнээс эхлээд онгоцны билетийн касс, таван одтой зочид буудал, кино театр, зоогийн газар, хайпермаркет, банк санхүүгийн байгууллагуудын салбар байрладаг юм. Долоон давхар худалдааны цогцолбор нь 5000 машины зогсоолтой гэнэ.
5
700.000 м.кв: The Costanera Center

  • Хаана байдаг: Чили, Сантьяго
  • Дэлгүүрийн тоо: 330 (+)
Сантьяго хотод тэнгэр баганадсан өндөр дөрвөн барилгын бүтээн байгуулалт явагдаж байгаагийн нэг нь 2012 онд нээлтээ хийсэн “The Costanera Center” юм. Эдгээр дөрвөн барилга нь их дэлгүүр, зочид буудал, ажлын байрны зориулалттай байх агаад “The Cencosud” компаний өмч ажээ. Энэ их дэлгүүрт “Zara”, “Guess”, “Hugo Boss”, “H&M” зэрэг дэлхийд нэртэй брэндүүд салбараа нээсэн байдаг бөгөөд фитнес, кино театр, кафе зэрэг үйлчилгээний олон төв байдаг.
4
700.000 м.кв: Berjaya Times Square

  • Хаана байдаг: Малайз, Куала Лумпур
  • Дэлгүүрийн тоо: 1000 (+)
“The Berjaya Times Square” нь 203 м өндөр орон сууц, худалдааны төвийн зориулалт бүхий томоохон цогцолбор юм. 48 давхар барилгад офис, зоогийн газар, 1000 гаруй дэлгүүр, “2D, 3D” кино театр зэрэг бизнесийн чиглэлийн төв үйл ажиллагаагаа явуулдаг. Цогцолборын гол онцлог нь үйлчлүүлэгчдийнхээ алжаалыг тайлж амарч тухлахад зориулж бүтээн байгуулсан бяцхан цэнгэлдэх хүрээлэн, тоглоомын талбайг өвөрмөц байдлаар шийдэж өгсөн явдал юм.
3
882.000 м.кв: Mall of Arabia

  • Хаана байдаг: Египет, Каир
  • Дэлгүүрийн тоо: 900 (+)
Египетийг зорьсон жуулчдын нэн тэргүүнд очиж үзвэл зохих хамгийн том, хамгийн алдартай энэ их дэлгүүр 9000 гаруй машины зогсоолтой бол их дэлгүүрт нь 13 кино театр, усан оргилуур, зоогийн газар, 900 гаруй брэнд дэлгүүр бий.
2
891.869 м.кв: New South China Mall

  • Хаана байдаг: БНХАУ, Дунгуань
  • Дэлгүүрийн тоо: 2350
Бэлэн гоймон зарж тэрбумтан болсон БНХАУ-ын бизнесмэн Алекс Хугийн эзэмшилд байдаг энэ дэлгүүр 47 давхар барилгатай. Гэвч газраа буруу сонгосны улмаас эндэхийг зорьдог хүмүүс бараг л байдаггүй. Нийт 2350 гаруй түрээсийн лангуутай ч 2303 гаруй нь хоосон байдаг юм. Гэвч энэ бол нийт талбайнхаа хэмжээгээр хоёрдугаарт, түрээсийн талбайнхаа хэмжээгээр нэгдүгээрт бичигддэг дэлхийн хамгийн том их дэлгүүр ажээ.
1
1.124.000 м.кв: The Dubai Mall


  • Хаана байдаг: Арабын Нэгдсэн Эмират Улс, Дубай
  • Дэлгүүрийн тоо: 1200 (+)
“The Dubai Mall” нь барилгынхаа нийт талбайн хэмжээгээр дэлхийн хамгийн томд тооцогддог их дэлгүүр бөгөөд 14.000 машины зогсоолтой юм. Хамгийн тансаг зэрэглэлийн их дэлгүүрээр ч гэсэн нэрлэгддэг энэ газар 1200 гаруй дэлгүүр, аквариум, мөсөн гулгуурын талбай, дэлхийн хамгийн том чихрийн дэлгүүр, боловсролын төв болон кино театр зэрэг олон сонирхолтой газар бий. Мөн түүнчлэн 25 өнгөөр солонгорч харагддаг усан оргилуурыг дурьдахгүй өнгөрөх аргагүй юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.