Төрсний дараах сэтгэлзүйд гарах өөрчлөлт гэж юу вэ?
Эмэгтэйчүүдэд төрсний дараа сэтгэл санааны байдалд өөрчлөлт орох нь нэлээд элбэг тохиолддог хэвийн үзэгдэл юм. Анхлан төрж байгаа эмэгтэйчүүдэд тохиолдох нь нэлээд элбэг байдаг байна.

Энэ тухай төрж буй эмэгтэй болон түүний нөхөр, гэр бүл, ойр дотны хүмүүс мэдсэнээр төрөлтийн дараа үүсч болох олон асуудлыг эерэгээр шийдвэрлэх боломжийг олгодог юм. Төрсний дараах сэтгэлзүйд гарах өөрчлөлт нь төрсний дараах эхний өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд үргэлжилж, уйтгарлах, сэтгэл тавгүйтэх, ууртай бухимдангуй болох, сэтгэлээр унах, уйлах, өөрийгөө аз жаргалгүйгээр мэдрэх, урам хугарах зэрэг таагүй сэтгэл хөдлөлөөр илэрч, нийт төрсөн эмэгтэйчүүдийн 80%-д тохиолддог бөгөөд “baby blue” гэж дэлхий дахинд нэрлэдэг ажээ.
Яагаад ийм байдалд ордог вэ?
Эмэгтэй хүн жирэмсэн байх 10 сарын хугацаанд цусанд эм бэлгийн даавар
буюу эстроген, прогестерон байнга өндөр хэмжээнд байдаг. Төрсний дараа
дааврын хэмжээ гэнэт буурсанаас сэтгэлзүйд дээрх өөрчлөлтүүд гардаг
ажээ. Эм бэлгийн дааврын зохицуулга нь төрснөөс хойш 7-14 хоногт хэвийн
байдалдаа буцаж ордог бөгөөд дааврын улмаас үүсч байгаа өөрчлөлтүүд нь
эмгүйгээр засагдах учир нь үүнтэй холбоотой байдаг байна.
Ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Төрөх үед эмэгтэй хүн олон цагаар өвдөж, маш их эцэж туйлддаг. Иймээс
маш сайн амрах, нойроо хангалттай сайн авах, илчлэг, амин дэмээр баялаг
хоол хүнс хэрэглэн алдагдсан энерги хүч тэнхээгээ олж авах хэрэгтэй.
Ингэж чадахгүй бол сэтгэлзүйн өөрчлөлт ихсэх нь олонтоо тохиолддог.
Төрсний дараах хугацаанд нөхөр, гэр бүлийнхэний тусламж, дэмжлэг хамгийн
их хэрэгтэй. Ялангуяа анх удаа төрж байгаа ээжүүд хүүхэд асрах
туршлагагүй байдаг. Мөн гэрийн ажил, хүүхэд салхилуулах, усанд оруулах,
төрсөн ээжийг хангалттай унтуулахад тусламж заавал хэрэгтэй болох нь
ойлгомжтой. Мөн дотны найзууд нь үргэлж холбоотой байж, чи ганцаараа биш
гэдгийг ойлгуулан сэтгэлийн дэм үзүүлж байх хэрэгтэй. Ингэж чадвал
төрсний дараах сэтгэлзүйн өөрчлөлтийг хялбархан даваад гарах болно.
Ямар үед эмчид хандах вэ?
Хэрвээ дээрх шинжүүд 2 долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл мэргэжлийн сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө аваарай.
Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!
Эх сурвалж: facebook.com/ medic эрүүл мэндийн хуудас






