“Оргил өөд” аян замын тэмдэглэл

2014 оны 8 дүгээр сарын 30-ны орой, Миний бие маргаашийн аялалдаа бэлдэж дууслаа. Цонхоор их хотын амьдрал цэцэлзэх намуухан шөнө зорих газраа битүүхэн төсөөлж, “Ямар адал явдалтай учрах бол, ямар шинэ хамт олон биднийг угтах бол!” гэхчлэн олон сайхан зүйлсийг бодон, догдлол дүүрэн хэвтэж байсан юм. Нэг л мэдэхэд хүсэн хүлээсэн шинэ өглөө, наран авхайтай хамт хаалгыг минь тогшлоо...

8-р сарын 31-ны өглөө

Ургахын улаан нарнаар эртлэн боссон найзууд амттайхан бас авсаархан хоол хүнсээ чимбайлан базааж товлосон цагтаа болзсон газартаа ирж аялалд хамт явах нөхдөө хүлээлээ. Нөхөд маань байдаггүй ээ. Яав ийв гэж бодож суутал манайхан эхнээсээ уван  цуван ирснээр сэтгэл нэг л уужраад явчихлаа шүү...

Бүгд цуглаж дуусаад автобусандаа сууцгаав. Нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотоос 65 км зайтай Тэрэлжийн “Мэлхий хад”-ын зүг хүлгийн жолоо заллаа. Байгалийн нэн сонин тогтоцтой мэлхийн хэлбэртэй тэрхүү хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт цохио, Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ. Галданбошгот хаан мөнгө алт эрдэнэсээ нуусан гэдэг домогтой холбоотой. Дэргэд нь очиход үнэхээр сүрлэг, гайхалтай тогтоцтой хадан цохио байсан. Тойрон хүрээлэх үзэсгэлэнт Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг эрхэм авхай та надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа.

Замд автобусны жолооч зохиолын дуунууд тавих агаад Дуучин С.Жавхлангийн “Хар хархан харц” дууг нийтээрээ дуу дуугаа нийлүүлэн дуулж баяр хөөрөөр дүүрэн явж байлаа...

Зорьсон газраа ирээд бүгд хувийн бэлтгэлээ базааж “Оргил өөд” алхахад бэлэн боллоо. Ихэнх нь бие биенээ танихгүй хүмүүс байсан учраас хэр баргийн яриа хөөрөө үүсгэхгүй байв. Багийн ахлагч “За оргил өөд урагш аа” гэсэн командаар бүгд нэгэн зэрэг алхацгаалаа.

Бид Тэрэлжийн “Мэлхийн хад”-аар дайран уул өөд мацаад л байлаа. Хад асга ихтэй, энд тэндээ өм цөм модтой, ихэнхдээ сул шороотой уулаар бид  алхаж явав. Бидний авирч байгаа хайрхан огцом өөдөөгөөс гадна хадаар нь алхахад гутал халтирч байсан юм. Ёстой л нэг уулынхны хийдэг осолтой аялал шиг санагдсан шүү.

Хамгийн сонирхолтой нь нэг нэгнийгээ таньдаггүй байсан хүмүүс уул, холын аялалд гутал нь халтирахад бие биенийгээ түшиж, цуцсан нэгнийнхээ цүнхийг нь үүрч, нэгнээ зоригжуулж танилцацгаасан юм. Хэсэг хугацааны дараа ганц ганцаараа явж байсан уулчид маань хоёр, гурвуулаа болон хөөрөлдөн алхацгааж харагдаж байв.

Уулынхны хүндэт зочиноор манай төр улсыг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал агсаны aч охин Анастасиа хамт алхсан билээ. Тэрээр маш сайхан инээмсэглэдэг, будгаар нүүрээ халхалдаггүй, бусадтай хуурамч харьцдаггүй тийм нэгэн эгэл бүсгүй шиг санагдсан шүү. Одоо 28 настай буюу Настяг монголын төрийн түшээдээс энгийн ард хүртэл Монгол хүнтэй суух бодолтой байна уу? гэж байнга асуудаг хэмээн тэрээр бидэнд хөөрөлдсөн юм.

Хэрвээ та монгол хүнтэй суухаар болвол гэсэн нэгэн бүсгүй асуултанд тэрээр:

Инээмсэглэнхэн “Хэрвээ суухаар болвол Увс нутгийн залуутай сууна аа” гэж хэлсэн нь Увс нутгийн уулчин залуучуудын чихийг сортолзуулаад авсан шүү. Учир нь түүний өвөө Увс аймгийн Давст суманд төрж өссөн учраас бүсгүй тийн хариулсан бизээ.

Түүнийг хараад Монголын минь хад асгаар түүртэхгүй алхаж байсан нь аргагүй л аавын охин байна даа хэмээн түүгээр бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.

Оргил өөд багийнхан зорьсон “Оргил”-доо хүрлээ. Бүгд их ядарч цуцсан хүмүүс оргилынхоо цэг дээр ирээд өөрсдийн алхсан газраа оройгоос харахад “Бид ийм өндөр оргил дээр гарсан гэж үү?” хэмээн дуу дуугаа аван уухайллаа.

Зорьсон газартаа ирцгээсэн бид нар гэнэт өлссөнөө мэдэн бэлдэж ирсэн хоолнуудаа гаргалаа. Дөчин нэгэн хүний 41 төрлийн хоол дэлгэцгээсэн бөгөөд кимбаб, хуушуур, бууз, салат гээд зүйл бүрийн амтат идээ зооглосон юм. Надад тэр дундаас нэг уулчин бүсгүйн хийж ирсэн луувангийн салат  маш их амттай санагдаж байсныг нуух юун.

Дараа нь бид уулнаас буух замдаа уусан уснынхаа саванд аньс жимс түүцгээж элдвийн яриа хөөрөлдсөн. Аялангаа амрах сайхан байлаа. Бидний авирсан ууланд хэр баргийн хүн ойртохооргүй байсан учраас....

Аялалын төгсгөлд Тэрэлж дэх Арьяабалын сүмээр дайран сайхан энерги авч хөргөө татуулав.

Бидний алхсан зам нийт оргил өөд 10 км алхсан бөгөөд зорилгоо биелүүлсэн хүмүүс хотын зүг баяр хөөртэйгөөр “Хар хархан харц” дуугаа хангинуулан гэрийн зүг хөдөлцгөөсөн юм аа.

Бидний аялалыг сонирхон уншсан уншигч авхай танд гялаалаа. Дараа дараагийн аялалын тэмдэглэлээр эргэн уулзацгаая.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Erkaa (203.194.118.109) 2014-12-06 12:43:26
Uuland ywah goy shuu Ta nar hawar uuland ywah uu bi hamt yawah gesen ym