Дугхийх нь таны бодсоноос ч илүү ач холбогдолтой


Урт хугацаагаар нойрсох хийгээд богино хугацаанд дугхийх хоёрын хооронд багагүй ялгаа байдаг бөгөөд хүний биед харилцан адилгүй нөлөөлж байдаг аж. Олон цагаар унтах нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бие махбодийг идэвхигүй болгож байдаг. Харин өдрийн цагаар богино хугацаанд дугхийх нь ой санамжийг сайжруулж, бүтээлч байдлыг дээшлүүлдэг болохыг судалгаагаар баталсан байна.
Тэгвэл богино хугацаанд нүдний хороо гаргах нь таны эрүүл мэнд, сэтгэлзүйд хэрхэн чухал нөлөөтэйг хэлж өгье.
1. Богино хугацаанд нойр авах нь таныг илүү аз жаргалтай болгодог
“Клиникийн эндокринилоги ба хүний биеийн бодисын солилцоо” сэтгүүлд өдөрт 30 минут дугхийдэг хүмүүс сэрсэн хойноо илүү эрч хүчтэй болж, залууждаг гэж бичжээ. Өдөрт тогтмол 30 минут унтдаг 11 эрүүл хүнийг нэгэн эрүүл мэндийн судалгаанд хамруулж, шөнө нь хоёр цаг л унтуулсан байна. Гэтэл өдөрт дугхийдэг хүмүүс шөнө нь бага цаг унтсан ч ядрах, сульдах, нойр алдах магадлал бусад хүмүүсийнхээс харьцангуй бага байжээ.  
2. Тогтмол дугхийдэг хүмүүс нь бусад хүмүүсээс бага стресстэй байдаг
Бидний олонхи нь гэртээ байхдаа ч ажлаа хийсээр байдаг учир ердийнхөөсөө илүү стресстэй амьдардаг гэж хэлж болох юм. Тиймээс ажил, сургуулийн орчны уур амьсгал бидний сэтгэл санаанд шууд нөлөөлж байдаг. Тэгвэл стресс, ачаалал ихтэй өдөр богино хугацаанд нойр авах нь нөхцөл байдлыг даван гарах, тэдгээрийг ухаалгаар шийдвэрлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг болох нь батлагджээ.
Эрдэмтэд Пенсильвани мужийн Аллегейни коллежийн 85 оюутны цусны даралтыг бүх л өдрийн турш ажиглажээ. Гэтэл 45-60 минут нойр авсан хүмүүсийн цусны даралт сэрүүн байсан хүмүүсийнхээс харьцангуй бага байсан байна.
3. Дугхийсний дараа ажлын бүтээмж дээшилдэг
Тайм сэтгүүлд мэдээлснээр АНУ-ын коллежууд ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд богино хугацаанд дугхийхэд зориулсан амралтын өрөө байгуулж эхлээд байгаа гэнэ. Харин Мичиганы Их Сургууль энэ санаачлагыг бүр эртнээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд номын сангууддаа дугхийхэд зориулсан өндөр технологийн сандлыг суурилуулжээ.
Тус сургуулийн оюутан 21 настай Райн Де-Анжелис “Сургуулийн номын сандаа 20 минут унтаад эргээд хичээлээ хийгээд ямар ч асуудалгүй. Харин дотуур байрандаа очиж дугхийвэл эргэж сэрэхэд бэрх бөгөөд заримдаа хийх ёстой зүйлээ маргааш хүртэл хойшлуулах нь ч бий” хэмээн ярьсан байна.
4. Тархины үйл ажиллагаа идэвхижиж, бүтээлч байдал нэмэгддэг
Хэрэв та бүтээлч нэгэн бол энэхүү мэдээллийг уншсны дараа хэсэг хугацаанд нүдний хороо тайлахыг хүсэх нь лавтай. Учир нь өдөрт богино хугацаагаар тогтмол дугхийдэг хүмүүсийн баруун тархи илүү идэвхитэй ажилладаг болох нь судалгаагаар батлагджээ. Богино хугацаанд нойрсох үед тархины баруун тал бөмбөлөгт очих цусан хангамж сайжирч байгаа нь ажиглагджээ.Тархины баруун хэсэг бол бүтээлч байдалтай нягт холбогдож байдаг хэсэг юм.
Грекийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар долоо хоногт доод тал нь гурван удаа 30 минутын турш дугхийдэг хүмүүс зүрхний гаралтай өвчнөөр нас барах эрсдэл 37 хувиар бага байдаг байна.
5. Ой тогтоолтыг сайжруулна
Германы Заарланд Их Сургуулийн эрдэмтэд тогтмол дугхийдэг хүмүүсийн ой тогтоолт бусад хүмүүсийнхээс тав дахин илүү байдгийг тогтоосон байна. Судалгаанд оролцсон 41 хүн ой тогтоолтын цуврал тест авахад илүү үнэн зөв, баттай хариулт өгч байжээ. Харин дараа нь тэдгээр хүмүүс өдөрт хэд хэдэн удаа богино хугацаагаар дугхийдэг хүмүүс байсан нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн байна.                                       
6. Сэтгэл санааны байдал дээрдэнэ
Нейротрансмиттер серотонин хэмээх даавар нь бидний сэтгэл санааны байдал, нойр, хоолны дуршил зэргийг зохицуулж байдаг. Харин бид стрессдэж, ядарсан үед серотонин их хэмжээгээр ялгардаг бөгөөд үр дүнд нь бид түгшсэн, бухимдангуй, сэтгэлээр унасан, уймраа болж хувирдаг. Тэгвэл дугхийх үед серотонин ялгаралт багасч, эерэг төлөв байдлыг бий болгодог аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.