Жирэмсэн үе дэх хүүхдийн хөдөлгөөн
Хэзээ би хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг мэдрэх вэ?
Жирэмсний явцад хүүхдийн хөдөлгөөн анх мэдэгдэхдээ хүч султай өчүүхэн зүйл чичирч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэрэв таны анхны жирэмслэлт бол хүүхдийн хөдөлгөөнийг мэдрэхэд амаргүй байх болно. Ургийн хөдөлгөөн анхны жирэмсэнд 18-22 долоо хоногийн үед харин давтан төрөгчид 15-18 долоо хоногийн үед анх удаа мэдэгдэх болно.

Миний хүүхэд тэнд юу хийж байдаг бол?
Хэт авиан шинжилгээний тусламжтайгаар таны хүүхдийг юу хийж байгааг харж болно. Хүүхдийн хөдөлгөөн таныг мэдэрч эхлэхээс аль эрт эхлэсэн байдаг. Үүнд:
• Долоогоос найман долоо хоногийн үеэс таны хүүхэд бөхийх хажуу тийшээ эргэх зэрэг хөдөлгөөн хийж эхлэдэг.
• Есөн долоо хоногтойгоос эхлэж ураг зогьсох, хөл гараа хөдөлгөх, хөхөх залгих зэрэг хөдөлгөөн хийдэг болно.
• Арван долоо хоногтойдоо ураг толгойгоо бөхийлгөх эргүүлэх хөдөлгөөн хийж чаддаг болно. Мөн гараа нүүрэндээ хүргэх, амаа ангайх, суниах зэргийг хийж чаддаг болно.
• Арван нэгэн долоо хоногтойдоо эвшээж чаддаг болно.
• Арван дөрвөн долоо хоногтойдоо нүдээ хөдөлгөж чаддаг болно.

Аажимдаа таны хүүхдийн хөдөлгөөн хүчтэй болох бөгөөд танд мэдрэгдэхүйц болж ирдэг. Таныг хүүхдийнхээ хөдөлгөөнийг анх мэдрэхээс хавьгүй удаан хугацааны өмнөөс тэрээр цохих, өшиглөх, мөчдөө тэнийлгэн суниах зэрэг хөдөлгөөнийг хийж байдаг.
Гэхдээ ураг байнга хөдлөгөөнтэй байдаггүй. Яг л тань шиг заримдаа амрах унтахыг хүснэ. Жирэмсний сүүлийн хугацаа дөхөхөд таны хүүхэд цагт 45 минут орчим амардаг болно. Ингэж удаан амардаг болсноор та түүнийг хөдөлгөөн бүрийг мэдэрэхгүй байж магадгүй.
Таны хүүхдийн хөдөлгөөн долоо долоо хоногоор хэрхэн өөрчлөгдөх вэ?
Та хүүхдийнхээ бүх хөдөлгөөнийг мэдэрч чадахгүй. Зарим хөдөлгөөнүүд нь танд мэдрэгдэхээр хангалттай хүчтэй байдаггүй. Та хүүхдийн хөдөлгөөнүүдээс хэдэн секундээс илүү удаан үргэлжилсэн, хүчтэй хөдөлгөөнүүдийг нь илүү мэдэрэх болно. Та хэдийд ямар хөдөлгөөнийг мэдэрч чаддаг болохыг доор орууллаа.
20-24 долоо хоног
Эдгээр долоо хоногуудын үед таны хүүхдийн хөдөлгөөн аажим ихэсдэг. Та хүүхдээ өдрийн туршид илүү идэвхтэй хөдлөж олон удаа өшиглөж тонгочиж байгааг мэдэрх болно.
24-28 долоо хоног
Та хүүхдийнхээ зогьсуулж байгааг мэдэрч эхлэж магадгүй. Энэ нь тодорхой хэмнэлтэй огцом маягийн хөдөлгөөнөөр мэдрэгдэж болзошгүй. Жирэмсний энэ хугацаанд ураг орчмын шингэний хэмжээ 750 мл орчим байдаг тул хүүхдийг чөлөөтэй хөдлөж сэлж, эргэлдэж байх орчин болж өгдөг. Та түүнийг зарим үед гэнэтийн дуу чимээнд цочиж үсрэхийг мэдэрч магадгүй.
29 долоо хоног
Энэ үеэс таны хүүхэд зарим жижиг тодорхой хөдөлгөөнүүдийг хийж чаддаг болно. Мөн тэрээр томорч умай дотороо хөдөлгөөн хийхэд харьцангуй хязгаарлагдмал байдалтай болох болно.
32 долоо хоног
Танд арай сулхан хөдөлгөөнүүд мэдрэгдэж эхлэнэ. Энэ долоо хоногийн дараагаар хүүхдийн хөдөлгөөн харьцангуй цөөрч байгаа нь мэдэгдэх болно. Учир нь түүний чөлөөтэй хөдлөх орон зай багасаж байгаатай холбоотой тул хэвийн үзэгдэл юм.
36 долоо хоногийн орчимд
Хэрэв таны анхны жирэмслэлт бол ургийн толгой аарцгийн орох хэсэгт сууж эхлэнэ. Энэ нь анхны жирэмслэлтийн явцад умайн болон хэвлийн булчин илүү чанга байдагтай холбоотой. Жирэмсний энэ үед ургийн хөдөлгөөн хөл болон гараараа нудрах, жийж маягтай байдаг. Зарим үед ургийн эдгээр хөдөгөөнүүдтэй холбоотойгоор хавирганы нумаар хөндүүрлэх нь бий.
Хэрэв та өмнө нь төрж байсан бол таны хэвлийн булчин илүү сул байна. Иймд ургийн толгой аарцийн хөндийн орох хэсэгт тавигдаагүй дээр байхын зэрэгцээ ховор тохиолдолд байрлалаа өөрчилж болохыг анхаараарай.
36-40 долоо хоног
Таны хүүхэд томорсонтой холбоотойгоор эргэлдэх хөдөлгөөн урдынхаасаа багасна. Магадгүй одоо таны хүүхэд эрхий хуруугаа хөхөж сургууль хийж байгаа. Хэрэв хуруу нь амнаас нь гарчихвал түүнийг олохыг оролдож толгойгоо хурдан хөдөлгөдөг.
Жирэмсний сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ургийн хөдөлгөөн аажим багасдаг. Харин оронд нь та хүүхдийнхээ аль нэг талын хавирганы нум руу жийж байгааг мэдрэх болно. Энэхүү хөдөлгөөн харьцангуй багасаж байгаа нь хэвийн үзэгдэл боловч таны санаа зовж байвал эмчид үзүүлж болно.
Одоо хүүхдийн толгой доошилж аарцгийн хөндийд төрөхөд хамгийн тохиромжтой байрлалаа олсон байх бөгөөд энэ хорвоод ирэх аялалаа эхлэхэд бэлэн болсон байгаа.
Таны хүүхэд зарим үед унтаж амрах ба бусад цагт нь идэвхтэй сэрүүн байна. Магадгүй тэрээр үдээс хойш эсвэл таныг унтахаар хэвтэх үед идэвхтэй хөдлөх болно. Хүүхэд энэ хөдөлгөөний идэвхи, хэв маягаа амьдралынхаа эхний хэдэн долоо хоног хүртэл хадгална.
Би өдөр бүр хэдэн хөдөлгөөн мэдрэх ёстой вэ?
Өдөрт хэдэн удаагийн хөдөлгөөнийг мэдрэх нарийн хэлэхэд хэцүү ч мэргэжлийн эмч нар хоёр цагийн дотор зургаагаас доошгүй хөдөлгөөн мэдрэгдэх ёстой гэж үзжээ. Хэрэв жирэмсний 28 долоо хоногоос хойш ургийн хөдөлгөөн хоёр цагийн туршид зургаагаас цөөн мэдрэгдвэл эмчид хандаарай.
Эрсдэл өндөртэй жирэмсэн эмэгтэйчүүд 26-32 долоо хоногийн үеэс эхлэж ургийн хөдөлгөөнийг өдөр болгон хянаж эхлэх хэрэгтэй. Харин эрсдэл багатэй эмэгтэйчүүд жирэмсний сүүлийн гурван сарын туршид анхаарч байх хэрэгтэй бөгөөд хэрэв хөдөлгөөн багасвал яг нарийн хянах шаардлагатай. Ургийн хөдөлгөөн хоёр цагт зургаагаас доошгүй байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Миний хүүхдийн хөдөлгөөн өнөөдөр мэдэгдсэнгүй. Би санаа зовох ёстой юу?
Та өөр ямар нэгэн зүйлд анхаарч байгаад хүүхдийнхээ хөдөлгөөнийг анзаараагүй байж магадгүй. Хэрэв та хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдрэхийг хүсч байвал дараах аргуудаас хэрэглэж үзээрэй. Үүнд:
• Хөлөө өндөрлөөд амрах хэрэгтэй. Хүүхдүүд заримдаа таныг хөдлөж байх үед унтаж амарч харин хөдөлгөөнөө зогсооход сэрдэг.
• Хэвлий дороо бага зэрэг зөөлөн зүйл ивж хажуугаараа хэвтээрэй. Энэ нь таны хүүхдийн хөдөлгөөнийг мэдрэгдэхэд тус болж магадгүй.
• Хэвлийдээ зөөлөн хүрч түүнийг болгоомжтой түлхэж сэрээж болно.
• Хүйтэн юм ууж болно. Хүүхэд темпратурын өөрлөлтийг мэдэрч түүнээс холдохоор хөдлөж магадгүй.
• Ямар нэгэн чихэрлэг зүйл идэж болно. Үүнийхээ дараагаар хэвтээд хэвлий дээрээ гараа тавиарай. Цусанд сахар огцом нэмэгдэхэд хүүхэд хөдлөж болно.
• Дуу чимээ гарга. Хөгжим чанга тавих эсвэл хаалга чанга хаагдахад таны хүүхэд хариу үйлдэл хийж болзошгүй.
Хэрэв таны хүүхэд эдгээрийн үед хөдлөж байвал бүх зүйл сайн сайхан байж магадгүй. Гэхдээ энэ үеэс хүүхдийнхээ хөдөлгөөнд анхаарал хандуулаарай. Хүүхдийн хөдөлгөөнд анхаарахаа хэрхэвч хойш тавьж болохгүй.
Хэдийд би эмчид хандах хэрэгтэй вэ?
Хэрэв танд дараах шинжүүд илэрвэл эмчтэйгээ холбоо бариарай.
• Хэрэв таны хүүхэд 28 долоо хоногоос хойш дээрх аргуудыг хэрэглэсэн боловч хөдлөхгүй байвал эсвэл хоёр цагт зургаагаас цөөн хөдлөж байвал
• Хүүхэд дуу чимээ болон бусад цочролд хариу үзүүлж хөдлөхгүй байвал
• Хүүхдийн хөдөлгөөн эрс багасвал эсвэл хэд хоногийн туршид хөдөлгөөн цөөтэй байвал
Ургийн хөдөлгөөн багасах нь түүнийг ихэсээр дамжуулан хангалттай хэмжээний хүчилтөрөгч, хоол тэжээлийн бодис авч чадахгүй байгаагийн шинж болдог. Хэрэв ийм байдал байж магадгүй гэж үзвэл эмч ургийн зүрхний бичлэг хийхийн зэрэгцээ ургийн биофизик профилийг шалгах болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







