Хардалтаас үүдэн эмэгтэйчүүдийн бэлгийн дуршил буурдаг

Хардалт гэдэг бол яг үнэндээ бид бүгдийн мэдэрч үзсэн бидний төрөлхийн сэтгэл хөдлөл юм. Бид хардах үедээ айдас, түгшүүр, уур хилэн, ганцаардал болон үзэн ядалтыг давхар мэдэрч байдаг бөгөөд энэ үед хэн ч эрүүл саруул сэтгэдэггүй.


Гэхдээ энэхүү сөрөг сэтгэл хөдлөл нь давамгайлж ирвэл бидний харилцаа холбоонд ан цав суулгах эрсдэлтэй. Хэрвээ хүүхэд бага насандаа гэр бүлээсээ хэт их хайр халамж амсаж өссөн, хүссэн зүйлээ авдаг эсвэл эсрэгээрээ гэр бүлийнхэн нь элэгсэг дотно бус, ямар нэгэн дарамт шахалт амсаж өсвөл хүүхэд том болоод хартай болох магадлал өндөр байдаг. Үүнээс гадна хүн амьдралдаа томоохон хууралт амссан бол мөн хартай болно.

Хардалтаа хүн өөрөө гүнзгийрүүлдэг. Тухайлбал эхнэрээ эсвэл нөхрөө гэм буруугүй байхад нь олон дахин хардаж уурлавал мэдээж хашрагч тань өөрийгөө хамгаалж уурлана. Энэ явдал улам даамжирсаар таниас аливаа жижиг асуудлаа  ч нуухад  хүрнэ. Ингээд таны  хардалт улам гүнзгийрэх болно. 

Хардах сэтгэлийн хөдлөлд эмэгтэйчүүд эрчүүдээс 9 дахин илүү ширүүн болон эмзэг ханддаг ба энэ нь тэдгээрийн илүү уян сэтгэл, өндөр сэтгэлийн хөдлөлтэй нь холбоотой гэж тодорхойлогдсон байна. Хардалтыг зөвхөн дурлалт хосуудын хооронд байдаг хэмээн ойлговол эндүүрэл болох юм. Хардалт нь дотроо ах эгчийн буюу гэр бүлийн, ажлын байрны, амраг хосын, нөхөрлөлийн гэх мэт хэлбэрүүдтэй байна. 

Хардах бодлоосоо салахын тулд:

1. Өөртөө итгэлтэй бай. Хэрвээ таны хардалт өөрийгөө дутуу үнэлснээс болсон бол хамтрагчаа хардахаасаа урьтаад өөрийгөө өөрчилж, өөртөө итгэлтэй бол. Үүний тулд эерэг зан чанар болон сөрөг зан чанараа тодорхойлоод сөрөг зан чанараа зас. Өөрийн хийхийг хүсдэг зүйлсдээ суралц. \хөгжим тоглож сурах, усанд сэлэх, бүжиглэх гэх мэт\ Өдөр бүр баяр ёслолд явах гэж буй мэт өөртөө анхаарал тавь.

2. Асуудлаа бусадтай хуваалц. Дээр дурдаж байсанчлан хүн хардах сэтгэл хөдлөлд автахаараа эрүүл ухаанаар сэтгэж чаддаггүй. Тэгэхээр өөр хэн нэгнээр шийдвэрлүүлэх нь магадгүй зөв шийдэлд хүрэхэд тань тусална.

3. Бодитоор хар. Эргэлзээ төрүүлж байгаа, хардах шалтаг гаргаж буй зүйлсийг нэг бүрчлэн тунгаан бод. Мөн танд үнэнч хандсан, таныг хайрлаж байсан, таны төлөө хийсэн зүйлсийг ч бас тунгаан бод. Одоо энэ хоёрыг харьцуулаад аль болох бодитоор хар. Утас, мэйлийг нь шалгахаа боль. Энэ нь таны хардах бодлоос болоод энгийн захидал хүртэл утга агуулгатай сангадах болно. Ингэх нь хамтрагчаа гомдоохоос цаашгүй.

4. Хардалт таныг зовоогоод байвал асуудлыг хайртдаа хэл. Өөрийн мэдрэмжээ дэлгэ. Гэхдээ хэрүүл маргаан болгож түүнийг шүүмжлэхээ урьтал болгож болохгүй. Харин ухаалгаар ярилцах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал хэн хэн нь сэтгэлээ зовоохгүй болно.

5. Зүгээр л хайрла. Хардаж цагаа үрэхийн оронд хайртай хүндээ сайхан зүйлсийг хийж өг, түүнийг баярлуул. Ингэж чадвал хэн нэгэн та хоёрын дундуур орсон байлаа ч хэн нэгэн хайртад чинь сээтэн хаясан ч, та хоёрын дурлал бат бөх байгаа цагт хэзээ ч цуурахгүй. Хайрлана гэдэг өмчлөхийн нэр биш тул өөрсдийн хайрыг улам бадраахын тулд юу хийхээ л сайн бод.

Үр дагавар

- Хартай хүний эхнэр (нөхөр)  найз нөхөдгүй, гэрээр нь шагайх хүнгүй, хүнтэй ч мэндлэх эрхгүй болно. Хардаад байдаг болохоор таньдаг хүнтэйгээ ч тааралдахаас яс хавтас хийнэ.

- Байнга хардаж сэрдүүлэн, түгшиж, айж сандарч явснаар мэдрэл нь сульдаж, сэтгэцийн өвчтэй ч болж болно.

- Хардалт сексийн харьцаанд сонирхолгүй болгож, дур нь хөрөх байдал үүсгэдэг. Хардалт бол эмэгтэйн бэлгийн дур хөрөх нэг гол шалтгаан юм. Иймд эхнэрээ “мөсөн” хүн болгочихгүй гэвэл хэт хардалт огт хэрэггүй.

- Хэт хардалт даамжирсаар сэтгэцийн өвчин эмгэгт ч хүргэж болно. Хардалтын улмаас ноцтой гэмт хэрэг өдүүлсэн тохиолдол ч цөөнгүй.

- Хэт хартай хүн хажуудах хүнээ байнгын дарамтанд байлгадаг. Хардалтаас үүссэн хэрүүл маргаанд хүүхдийн хүмүүжилд ямар хор уршиг авчрах нь тодорхой. Хардах онцлог ч гэж бий. Эрэгтэй нь хардахаараа эхнэр рүүгээ халддаг бол, эмэгтэйчүүд голдуу нөхрийнхөө “нууц амраг руу” дайрдаг аж.

- Эрэгтэй хүн хардуулснаар улам цаашлана уу л гэхээс биш, наашлах нь хэзээ ч үгүй.

- Хартай аав ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, том болсон хойноо мөн л хартай хүн болж хувирдаг.

Эх сурвалж:  mongolcom.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.