Үс хэлбэржүүлэх бүтээгдэхүүнүүдийн онцлог
Олон төрлийн үсний хэлбэржүүлэх бүтээгдэхүүнүүд байдаг. Өдөр тутам хэрэглэдэг шампунь, ангижруулагч, тэжээлийн тос зэргээс гадна хөөс, лаак, ийлдэс гээд л. Харин эдгээрийг яг ямар үед яаж хэрэглэдэг, юугаараа ялгаатайг мэдэхгүй байх нь бий.

Үсний хөөс /hair mousse/
Үсний хөөс нь үсийг ороож, буржийлгах эсвэл индүүдэх үед биежүүлж, удаан тогтоцтой байлгах, хөвсийлгөх, хамгаалах зорилгоор ашигладаг бүтээгдэхүүн юм. Гель, вакс зэрэг бүтээгдэхүүнүүдээс илүү ямар нэг зүйл түрхээгүй төрөлхийн мэт, харагддагаараа давуу талтай. Мөн дараа нь самнаж болох ба өдөр бүр хэрэглэх боломжтой байдаг. Гэвч зарим хөөс нь спиртийн найрлагатай байдаг болохоор хуурайшсан үсэнд түрхвэл улам илүү хуурайшуулдаг.
Үсний лак /hair spray/
Нар мандахаас жаргах хүртэл үсний хэвийг хадгалж байх хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Цацдаг, цацдаггүй хоёр төрөл. Цацдаггүй савлагаатай лакийг зайлшгүй шаардлагатай үед хэвэнд нь оруулж маш сайн барихын тулд хэрэглэдэг. Өдөр тутмын хэрэглээнд лакны оронд хөөс хэрэглэж байвал сайн.

Үсний гель /hair gel/
Үсийг нэг хэлбэрт, байранд нь маш удаан тогтооход хэрэглэгддэг. Ихэвчлэн богино халимаг үстэй бүсгүйчүүд хэрэглэхээс гадна үсээ өө сэвгүй, гөлчийтөл бооход гель түрхвэл сайхан харагдана. Ихэнхдээ эрчүүд хэрэглэдэг гэж боддог боловч гель хэрэглэхийг таашаадаг бүсгүйчүүд ч бас цөөнгүй бий. Хэрэглэхдээ хэмжээнд нь анхаарч байгаарай. Хэт их байвал үсний эрүүл мэндэд муу бөгөөд үсийг чинь хэтэрхий хавтгай, тослог мэт харагдуулдаг.
Үсний вакс /hair wax/
Вакс бол гелийг бодвол арай зөөлөн бүтэцтэй, гялтганаад байдаггүй. Гель шиг хатуу барьдаггүй. Өдөр тутамдаа бага зэрэг хэлбэр оруулахад хэрэглэвэл зохимжтой. Өдөр тутамд гельний оронд ваксыг сонгож байвал үсний эрүүл мэндэд ч сайн байдаг. Маш сайн барьж тогтоох шаардлагатай үед л гелийг хэрэглэж байвал зүгээр.
Үсний ийлдэс /hair serum/
Үсний ийлдэс нь бүдүүн ширхэгтэй, хэвэнд сайн ордоггүй, замбараагүй үсийг зөөлрүүлж, намирсан харагдуулах үйлчилгээтэй. Хэтэрхий өтгөн үсийг хэлбэржүүлж болгодогоос гадна хэт хуурайшсан, гэмтсэн үсэнд хэрэглэвэл зохимжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







