Өнөөдөр Ялалтын баярын өдөр

Өнөөдөр ялалтын баярын өдөр. Энэ өдөр Монгол цэргүүд маань хэрхэн тулалдаж, дайны хүнд бэрх цагт хэрхэн оролцож байсан талаар бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Мэдээж эрэлхэг, дайчин эрсээрээ бид бахархах ёстой. Гэсэн ч тэдний ард сайн хань, гайхалтай бүсгүйчүүд, ээж нар байсныг бид мартах ёсгүй...

Та Ялалтын баярын Парадыг доорх линкээр шууд үзээрэй.  http://stream.1tv.ru/live


Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.
зураг түүх өгүүлнэ:
18

1941–1944 онд монголчууд гараа хумхиж суулгүй ирмүүн ажилласан түүхэн сургамж өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна. Сүү тосны завод олноор байгуулагдан ажилласны үрээр цөцгийн тос бусад цагаан идээ боловсруулан гаднаас авах явдлыг эрс багасгажээ.1945 оныг 1940 онтой харьцуу­лахад Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 5 дахин өссөн байдаг.

Бүх төрлийн гутал болон өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүнийг өөртөө үйлдвэрлэж ялангуяа арьсан ба ноос, цэмбэн эдлэлийг ихээр үйлдвэрлэж байв. Ингэж дотоодынхоо нөөц бололцоог ашигласны ачаар тэр үед зөвлөлтийн ард түмэнд чухал хэрэгтэй бай­сан зарим барааг ЗСБНХУ–аас авахаа багассан. Тэгэхдээ дайны жилүүдэд монгол зөвлөлтийн хамтын ажиллагаа гагцхүү ЗХУ–д ашигтайгаар хөгжиж байсан мэтээр өрөөсгөл үзэж болохгүй. Гит­лерчүүдийн дайн дэгдсэн явдал Монгол Улсын хөгжилд ч үлэмж бэрхшээл учруулсан.
19 20
      Монгол Улсаас ЗСБНХУ-д олгож байсан эдийн засаг, санхүүгийн тусламж нь мөнгө, өвлийн хувцас, хүнсний бараа, мал, худалдаж авсан танкийн цуваа, нисэх онгоцны эскадрилаас бүрдэж байв.Монгол Улсад зөвлөлтийн армид туслах фонд байгуулав.
Монголын ард түмний хуримт­луулсан хөрөнгөнөөс “Хувьсгалт Монгол” – гэдэг танкийн цуваа, “Монгол ард” хэмээх нисэх онгоцны эскадрилийг байгуулж 1942 – 1943 онуудад зөвлөлтийн армид шилжүүлжээ. Эдгээр нь фашист булаан эзлэгчдийг зөвлөлтийн нутгаас хөөн тонилгож Чех улсын нийлслэл Прагийг чөлөөлөх, Гер­маны нийслэл Берлинийг эзлэх байлдаанд оролцон гарамгай гавьяа байгуулсан дайчин замналтай.

21 22
          1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1,8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа илгээв. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв.

23 24
      1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25,3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.

1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны «Монгол ард» эскадриль худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ.1943 оны наймдугаар сарын 18-нд Сталин Улаан армийн дайчдад дорвитой тусламж үзүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон маршал Чойбалсанд талархал илэрхийлсэн байна.

25
     1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн хоёрдугаар хороонд «Монгол ард» эскадрилийг хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол Улс бас танкийн цуваа, эскадрилийнхныг дайн дуустал эд материал, хүнсээр хангах үүрэг хүлээв.

26 27
Монгол Улсын Засгийн газар монголын ард түмний өмнөөс Внешторгбанканд 2,5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулжээ. Энэ мөнгөөр Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн танкийн цуваа худалдаж авч, Монголын засгийн газрын төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 1942 оны эцэс гэхэд Москва мужийн Наро-Фоминскийн районд 53 танк ( Т-34 танк 32, Т-70 танк 21) хүргэжээ.

28 29
(Ариун дайны түүхийг сөхөн цусаар гагнагдсан найрамдлыг эргэн санахуйд)

1941 оны зургадугаар сарын хоринхоёронд Зөвлөлт Холбоот Улсад Гитлерийн Герман итгэл эвдэн гэнэт цөмрөн халдав. Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнол хувь заяа ЗХУ оршин тогтнох явдал болон түүний тусламж дэмжлэгтэй салшгүй холбоотой учир Германы түрэмгийлэгчдийн эсрэг боссон зөвлөлтийн ард түмний тэмцэл нь БНМАУ – ын амин чухал эрх ашгийн асуудал байв.
         Иймээс зөвлөлтийн ард түмний Эх орны аугаа их дайн эхэлсэн тэр өдөр тухайн үеийн Монгол улсын дээд удирдлага ЗСБНХУ – д Германы фашистууд халдан довтолсныг эрс жигшин эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн хамт 1936 оны Монгол – Зөвлөлтийн харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгааг илэрхийлээд ЗХУ – д бүхий л бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан.
        Энэхүү уриалгыг монголын хөдөлмөрчид халуунаар дэмжин сайшааж угтсан. Манай ард түмэн дайны эхний өдрөөс эхлэн зөвлөлтийн ард түмэн, фронд дээр тулалдаж байсан улаан армийг санаа сэтгэлээр тууштай дэмжин чадлынхаа хэрээр эд материалын тусламж үзүүлэн ариун дайнд ялалт байгуулна гэдэгт анхнаасаа гуйвилтгүй итгэж байлаа.
Монголын ард түмэн зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг янз бүрийн хэлбэрээр өрнүүлэв.
          Улаанбаатар хот дахь аж үйлд­вэрийн комбинат, цахилгаан ком­бинат зэрэг үйлдвэрийн газруу­дын хамт олон зөвлөлтийн ард түмэнд туслахаар хүч чармайлтаа дайч­лан норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх амлалт авч Улаан Армид зориулан хувиасаа хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг гар үйлдвэрийн хоршоолол, Налайх хотын болон нарийн төмөр замын ажилчид дэмжив.
30 31
          БНМАУ – ын аж үйлдвэрийн газрууд фронтын дайчдад дулаан хувцас, хүнсний хэрэгцээнд зориулсан тусгай захиалгат зүйл­сийг голчлон үйлдвэрлэж байв. Монголын эмэгтэйчүүд өөрс­дийн санаачилгаар нэхэх сүлжих дугуйлангууд байгуулж фрон­дынхонд хүзүүний ороолт, оймс, бээлий хийж илгээхийн сацуу донороор цусаа өгч байлаа.

Зөвлөлт Холбоот Улсад цэргийн ба иргэний сургуулиудад сурал­цаж байсан Монгол оюутнууд, ажил­лаж амьдарч байсан БНМАУ – ын харъяат иргэд Москва, Ленинград болон өөрсдийн оршин сууж байсан хотуудад дайсны тагнуул, десантуудыг илрүүлэх, нисэх онгоцны аэродромыг хамгаалах, нуувч ухах, танк эсэргүүцэх саад барих, хамгаалалтын шуудуу татах, шөнийн эргүүл манаанд гарах, дайсны хаясан шатаагч бөмбөгийг унтраах, шархтаныг асрах, донор болох зэргээр зөвлөлтийн нөхөдтэй мөр зэрэгцэн фашистуудыг бут цохин ариун үйлсэд хэр чинээгээрээ оролцож байв.
          1941 оны 6 сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор Монгол улсын гол холбоотон - Зөвлөлт гүрэн Дэлхийн II дайнд татагдан орлоо. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, амьдарч эхлэв. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөлөө. Нийтдээ хагас сая шахам адуу фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэв. Мөн 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр "Хувьсгалт Монгол" танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг байгуулан, Улаан армид хүлээлгэн өгчээ.
32

Архангай аймгийн Чулуут сумын хөдөлмөрчид 70000 биет төгрөг үнэ бүхий зүйлс, Цэнхэр сумын хоршооны дарга С. Самбаллхүндэв 15 морь 1000 төгрөг, Баян – Улаан сумын Гэндэнгийн Баатар, Бат – Өлзийн Чойжилсүрэн нар 32000 төгрөг,

Булган аймгийн тавдугаар багийн дарга Ж. Бадарч 8 хайнагийн шар, 12 морь, Бугат сумын хоёрдугаар багийн ард Донид 3 хурдан хүлэг оролцсон 8 морь, Цэцэрлэг хотын дунд сургуулийн ажилчин эмэгтэй Аюуш 4 цэнгийн алтан бөгжөө, Дундговь аймгийн Дэрэн сумын ард Манал 14000 төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Х. Базар 13000 төгрөг, хорин адуу, Увс аймгийн Өмнөговь сумын малчин эмэгтэй Бадам 5450 төгрөг, 1600 хонь, 94 адуу, 6 тэмээ, нийслэлийн аж үйлдвэрийн комбинатын арьс ширний заводын ажилчин Чимэдлхам амралтын хорин гурван өдөр ажилласны ажлын хөдөлмөр хөлс, Москвад суралцаж байсан монгол оюут­нууд стипендээсээ хуримтлуулж 23300 рубль Бэлэглэлийн фондод нэмэрлэсэн зэрэг бахдам жишээ олон.
33 34
 Танкийн «Хувьсгалт Монгол» бригад, байлдааны нисэх онгоцны «Монгол ард» эскадриль гитлерчүүдтэй хийсэн олон тулалдаанд оролцож, дайныг Берлиний дэргэд дуусгасан юм.

          1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах фондын хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн фондод хандивласаар байв.
35 36
“БНМАУ зөвхөн 1941 онд нийтдээ 65 сая төгрөгийн үнэ бүхий 140 вагон янз бүрийн бэлэг ирүүлсэн.

Түүнээс гадна 1942 онд гадаад худалдааны банканд хоёр сая таван зуун мянган төгрөг, зуун мянган америк дол­лар, 300 кг алт оруул­сан билээ” гэж ЗХУ – ын 4 удаагийн баатар, БНМАУ–ын баатар, маршил Г.К.Жуков дурсан бичжээ. Манай улс ЗХУ–ын банканд 1942 онд 7,2 сая, 1943 онд 8,3 сая, 1944–1945 онд 9 сая төгрөгийг шил­жүүлснээс гад­на зөвлөлтийн чөлөө­лөгд­сөн нутгийнханд зориулж үржлийн үхэр 1211, хонь ямаа 40 мянга, адуу 5597 бэлэглэжээ.
Дээрх баримтыг оролцуу­лалгүйгээр манай улс зөвхөн зөвлөлтийн улаан армийн фрон­тын дайчдад 517500 эмнэг морио гардан өгчээ. Монгол морь бие бэсрэг алхаа жижиг атугай ч чадал зориг харьдаггүй газрын холд цуцдаггүй халуун хүйтэнд хальширдаггүй өл даах тэсвэртэй эдэлж унахад найдвартай эзэн хүндээ ээлтэйгээрээ орос дайчин эрсийн сайшаалыг хүлээж хайрыг булаасан түүхтэй. “Квантуны арми сөнөсөн нь” хэмээх номдоо ЗХУ – ын генерал И. А. Плиев “Хамгийн хүнд бэрх 1941 оны өвөл юмсан. Москвагийн дэргэд манай гвар­дийн морьт цэргийн 3–р дивизэд алс тэртээх монголоос цэрэг нэхий дээл, эсгий гутал, бээлий зэрэг бэлэг ирлээ.
Тэр монгол морьд уу? Морьд бидэнд маш их хэрэг болсон. Монголын унамгай жижигхэн морьд ч Зөвлөлтийн танктай зэрэгцэн Берлин хүрсэн” – гэж тэмдэглэсэн байдаг. Монголын ард түмний хүч хөрөнгөөр бэлтгэсэн бэлгийг дайны жилүүдэд аль чухал үед нь манай төр засаг, ард түмний төлөөлөгчид фронтод найман удаагийн цуваагаар хүргэжээ. Тодруулбал, Аугаа эх орны дайны жилүүдэд монголын ард түмэн 438 сая төгрөгийн үнэ бүхий зүйл 300 кг шижир алт, 100 мянган долларыг хойд хөршийнхээ ариун шударга тэмцэлд нэмэрлэс­нийг ЗХУКН–ын түүхэнд онцлон тэмдэглэж үлдээжээ.
37

Улс даяар хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн эрчимтэй өрнүүлсэнтэй холбогдуулан 1941 оны есдүгээр сард Сайд нарын Зөвлөлийн дэргэд Улаан армид бэлэг хуримтлуулан хүргэх ажлыг эрхлэн зохион байгуулах Бэлэглэлийн төв комисс байгуулагдав.


38 39
Манай эх орны хөдөө нутгаар туршлагатай анчид сайн дураараа нэгдэн анчдын бригад хэдэн арвыг байгуулж зээр зэрлэг гахай агнаж фронтод илгээж байв.Дайны турш Монголоос ЗСБНХУ-д 500 мянга гаруй агт морь нийлүүлсэн нь улсын бүх адууны 10 хувь байв.
           АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байв гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэхүү стратегийн бүтээгдэхүүн байлдааны зарим үед танк, их буунаас ч илүү үнэлэгддэг байлаа. Нэхий байх эсэх нь ялах ялагдахыг ч тодорхойлдог үе бий. Монголтой холбоотой болсноор Сталин энэ бүтээгдэхүүнээр хангагдаж байсан юм.
          Зөвлөлтийн ард түмэнд туслах чин сэтгэлийн хөдөл­гөөн “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө!” гэдэг уриан дор орон даяар өрнөж хүн амын бүх давхрааг хамарсан нийт ард түмний бадрангуй үйлс болон өрнөв.Монголын хөдөлмөрчид фронтын дайчидтай захидлаар харилцах тусгай тасаг байгуулагдан ажиллаж бие биендээ сэтгэлийн дэм урам хайрладаг байв.
43 44
Дэлхийн хоёрдугаар дайн 1945 он буриад монгол цэрэг балгас болцон Берлин хотод
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.