Шүүс хийх аргууд

Лууванг ширүүн үстэй сойзоор үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин буцалгасан усаар угаагаад үрэгчээр үрж, шүүсийг нь 2 давхар самбайгаар шүүж шахаж авна. Шүүсийг тагтай шил саванд хийж таглаад шилтэй нь халуун устай саванд хийж 5-10 минут хийж буцалгана.

Орц:

Шар лууван дунд зэргийн 3 ширхэг

Гарц: 100 мл

Тэжээллэг чанар: уураг 2.4 гр, тослог 0.8 гр,

нүүрс ус 22.8 гр,

Илчлэг 110.0 ккал

Бэлтгэх арга: Лууванг ширүүн үстэй сойзоор үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин буцалгасан усаар угаагаад үрэгчээр үрж, шүүсийг нь 2 давхар самбайгаар шүүж шахаж авна. Шүүсийг тагтай шил саванд хийж таглаад шилтэй нь халуун устай саванд хийж 5-10 минут хийж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн 1:1 харьцаатайгаар шингэлж дасгах журмаар өгнө. Мөн суулгалтын үед эмчилгээний журмаар өгнө.



Чацарганы цэвэр шүүс

·    Жимсийг угааж цэвэрлээд 40-45 градус халаана.
·    Дараа нь няцалж жижиглэн нарийн шүүр буюу давхарласан самбайгаар шүүж паалантай юмуу үл зэврэх гангаар хийсэн саванд тосон авч 65-70 градус хүртэл халаагаад шилэн саванд савлаж, түүнийгээ буцламгай халуун усанд 20-25 минут байлгаж ариутгаад битүү таглан сэрүүн байранд тавьж хадгална.



Чацарганы чихэрлэг шүүс

·    Шүүсийг шахаж авсны дараа үлдсэн шахдас дээрээ 40 градус температуртай ус (1 кг шахдаст 0,2-0,5 л) хийж модон хутгуураар алгуурхан, сайтар хутгаад 2 цаг орчим хугацаанд байлгасны дараа дахин шахаж гарган авсан 1 л шүүсэнд 700-800 грамм элсэн чихэр нэмж буцалтал нь халаана.
·    Дараа нь урьдчилан ариутгасан шилэн савны эзлэхүүний 60-70 хувь хүртэл цэвэр шүүс хийсэн саванд чихэрлэг шүүсээ нэмж өмнөх адилаар ариутгаад битүүмжлэн таглаж сэрүүн байранд тавина.

Чацарганы холимог шүүс

·    Шинэхэн шахаж гаргасан цэвэр шүүсийг бусад жимс, жимсгэний шүүстэй хольж чихэрлэг шүүсээр амт тохируулан холимог шүүс бэлтгэнэ.
·    Чацаргана, үхрийн нүдний холимог шүүсэнд үхрийн нүдний шүүс 35%, чацарганы цэвэр шүүс 15%, чихэрлэг шүүс 50% байна.
·    Чацаргана, алимны холимог шүүсэнд алимны шүүс 60%, чацарганы шүүс 15%, чихэрлэг шүүс 25% байна.
·    Чацаргана, луувангийн холимог шүүсэнд луувангийн шүүс 60%, чацарганы шүүс 15%, чихрийн уусмал 25% байна.

Тайлбар: Дээр дурдсан чацарганы гурван төрлийн холимог шүүсэнд орох чихэрлэг шүүсийг бэлтгэхдээ ус, чихрийг 2:1 харьцаагаар холино.



Үзэмний шүүс 

Хатаасан үзмийг ашиглан халуун усанд хандлаж уухыг монголчууд үзэмний шүүс хэмээн нэрлэж заншсан байна. Сайн чанарын хатаасан үзмийг сайтар цэвэрлэж шигшинэ. Хүйтэн усаар зайлж угааж болно. Усыг буцалгаж галаас гаргаж хөргөнө. Халуун бүлээн усанд хатаасан үзэм, элсэн чихэр, давсыг хийж уустал нь сайтар хутгасны дараа зөөлөн гал дээр тавьж зөөлөн буцалгаж хутгаарай. Аяндаа үзэм хандлагдаж ус бор шаргал өнгөтэй болох болно. Хүсвэл элсэн чихэр давс хийхгүйгээр хандлаж хэрэглэвэл таны эрүүл мэндэд нэн сайн. Ингээд галаас гаргаж хуванцар сав эсвэл шилэнд хийж хөргөөд хүссэн үедээ ууж болно.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.