Цайны дээж өргөх ёс
Монголчууд цай сүүнийхээ дээжийг өргөдөг эртний сайхан уламжлалтай билээ. Өглөө цайгаа чанаад эхлээд Бурхан шүтээндээ дараа нь хангай дэлхий, уул хайрхандаа өргөдөг. Зарим нутагт цайныхаа дээжийг гэрийн хоймор буюу тогооны дээд талд гурвантаа дусаадаг нь гэр орондоо аз жаргал хүссэн сэтгэл болдог. Бурхан шүтээндээ дээжээ өргөдөг нь Бурханы шашинтан хэн боловч "... юу идсэн, юу уусныхаа дээжээр Чухаг дээд гурвыг тахиж байх” гэсэн сургаал мөрдлөгийн ёс юм. Цайныхаа дээжийг зэс, гууль, мөнгө, алт, болор зэрэг эрдэнийн зүйлээр хийсэн тахил, цөгцөнд өргөнө. Цайнд цай, давс, хужир дээдийн эд бүрдсэн тул бор, сүүтэй аль нь ч болох юм. Зарим нутагт тооноороо өргөх нь мөн л тэнгэр, нар, cap, газар, лус, хангай дэлхий уугуул нутаг усны эздэд зориулан ган зуд, аадар бороо, мөндөр, хяруу, гал түймэр, усны үер зэрэг байгалийн аюул хүн малын эмгэг өвчин, ад зэтгэр, гарз, барцад саад бүгдийг гаргахгүйг сахин хамгаалж ивээн тэтгэж байхыг хүсэн залбирч байгаа зан үйл юм. Ер нь цай бол монгол хүний идээний дээж мөн.

Монгол бүсгүйчүүд малынхаа сүүг есөн нүхтэй цацлаар гэрээ нар зөв гурван удаа тойрч дээжээ өргөдөг нь мөн л бурхан шүтээн, газар дэлхий, тэнгэр, нар, сарандаа тахил өргөн даатгаж байна гэж үздэг.
Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой.
Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.
Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй. Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө.
Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.
Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ. Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.

Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ.
Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгье. Долоон бурхан одны тэгширдэг цаг:
Зун: 02:30 - 04:30
Намар: 21:30 - 23:30
Өвөл: 19:00 - 20:30
Хавар: 0:30 - 02:30
Долоон бурхан одонд аврал эрэхдээ дан ганц өөрийгөө, эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн амьтанд аврал гуйх нь зөв юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







