Мишел Обама, Мерилл Стрийп нартай цагаан ордонд хийсэн ярилцлага

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Холливүүдын алдарт жүжигчин Мерил Стрийп хоёрын цагаан ордон хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 

Хатагтай Обама эхлээд эхлүүлсэн төслийн тань талаар ярилцья. Таны амьдралд ямар эмэгтэй хамгийн их нөлөөлсөн бэ? Багадаа хэнээс үлгэр дууриал авдаг байв?

МС: Ээж маань нөлөөлсөн. Миний ээж тийм алдар нэртэй олны танил хүн байгаагүй. Гэвч ээжийн минь очсон газар болгон гэрлээр гийх шиг болж, тэр гэрэл ээжийг минь явахад унтарч хүмүүс гунихардаг байсан. Хүнд хэрхэн яаж нөлөөлж чадав гэдэг энэ л их чухал зүйл юм бна. Ингээд бодохоор ээж маань л одоогийн энэ би гэдэг хүн бүрэлдэн бий болоход хамгийн чухал нөлөө үзүүлж. Тэрээр дандаа "Охин минь, чи чадна. Чи хүссэндээ хүрье гэж бодож зорьж л байгаа бол хүрнэ, чадна. Энэ бүхэн гагцхүү чамаас өөрөөс чинь л хамаарна" гэж хэлдэг байсан. Гэхдээ "Миний охин мундаг шүү" гэж хэлээгүй, харин "Чи өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна. Харин залхуурах аваас чадахгүй. Зорьсондоо хүрэхийн тулд зорилго руугаа тэмүүлэх, түүндээ хүрчихсэн мэтээр төсөөлөн, маш ихээр хүсэх явдал юм" гэж сургадаг байсан, би ч үүнд нь итгэж өссөн. Хар нялхаас ээжийн минь хэлж ирсэн сургааль ердөө л энэ. Энэ сургаалиар би хүмүүжиж, гэхдээ үүнээс болж би бас нилээн бардам болсон байж магад /инээв/.

МО: Бардам, өөртөө итгэлтэй, гэхдээ түүндээ хүрч биелүүлж чаддаг уу. Яг энэ үзэл бодол, танай ээжийн сургааль намайг ч бас өнөөдрийн БИ болоход нөлөөлсөн. Тэгэхээр танай манай хоёр ээж их адилхан юм. Би өөрийгөө нилээн мэдрэмжтэй хүн гэж боддог, дээрээс нь миний оюун ухаан сайн бас нөхцөл байдал, хүмүүсийг их сайн уншиж мэдэрч чаддаг гэж өөрийгөө боддог. Ингээд бодохоор ээж маань ч гэсэн яг ийм хүн байгаа юм даа.




Сэтгүүлч: Та хоёр ээжтэйгээ адилхан уу? Ээжийнхээ цутгамал юм биш биз?

МС: Би харин санаснаас их ээжтэйгээ адилхан байх аа. Үүнийгээ саяхнаас л ээжтэйгээ хамт амьдрах болсноос хойш улам ихээр ухаарч бна. Ээж маань заримдаа миний дургүй юмыг хийнэ тэрэнд нь би бухимдана, тэгснээ "Яанаа, би нээрээ бас ингэдэг юм байна шүү дээ" /инээв/ гэж бодно. Охин маань ч гэсэн бас тэгж ажигласан байна билээ. Миний ээж ямар ч дээд сургууль төгсөөгүй, элдэв диплом үнэмлэхгүй ч тэрээр хүссэн болгоноо хийж ирсэн. Гэхдээ хүүхдүүдээ өөрт нь таалагдаагүй юмыг ч гэсэн хийхийг хүлээн зөвшөөрч ирсэн. Олон эмэгтэйчүүд хүүхдүүдээ айдаг юмнаасаа хол байлгадаг бол манай ээж тэгээгүй. Өөрөө айж санаа зовж бсан ч бидэнд сонгох эрх өгсөн. Манай ээж аялж хол явах дургүй бсан, гэхдээ ах маань сагсан бөмбөгийн тэмцээнээр Европ явах боломж гарч ирэхэд "Май хүү минь, онгоцны чинь тийз энэ байна. Онгоцондоо суугаад Парис явж тэр тэмцээндээ оролц" гэж хэлээд явуулж байлаа. Тэрээр айдсаа үр хүүхдэдээ дамжуулж болохгүй гэдгийг маш сайн ухамсарласан байсан л даа. Яг үүнийг одоо би охидууд дээрээ туршаад, айдсаараа охидуудынхаа хүсэл мөрөөдлийг бөхөөж унтраачих бий вий хэмээн болгоомжилдог. 

МС: Би ээж шигээ биш ээ. Би ээжээсээ хамаагүй илүү дотогшоо хүн. Хүмүүст, олон нийтэд бодол санаагаа ил гаргахгүй талын хүн байгаа юм. Олны өмнө гарахаасаа өмнө би өөрөө өөртөө "Мэри, чи үүнийг хийж чаднаа" гэж шивнэдэг хүн дээ. Хийж чадна гэж бодсон юмаа хийх нь итгэл хүч хайрладаг гэж би боддог. Би одоо ч гэсэн өдөр болгон өөртөө ингэж хэлдэг, хэрэв тэгэхгүйгээр өөрийгөө сонссонсон бол өдөржин гэрээсээ гарахгүй "өнөө орой ямар хоол идэх вэ" гээд л бодоод сууж байх байлаа. 

Та хоёр хоёулаа хоёр хоёр охинтой. Эх хүний хувьд охидуудаа энэ эрчүүдийн ч гэмээр юм уу эсвэл охид эмэгтэйчүүд арай л бага үнэлэгддэг ертөнцөд бэлтгэхийн тулд яаж сурган хүмүүжүүлэв?

МО: Би охидтойгоо их ярьдаг. Энэ бол миний ээжээсээ сурсан зүйл. Ээж маань үргэлж “Чи хүүхэд өсгөж бгаа биш, хүн өсгөж бгаа шүү” гэж хэлдэг байлаа. Тиймээс ч би охидтойгоо аль болох эртнээс нээлттэй чөлөөтэй харилцааг бий болгохыг зорьсон. Одоо миний охид /Малия 17, Саша 14 настай/ шилжилтийн насанд хүрцгээлээ. Ийм өсвөр насныхан голдуу үеийнхнээсээ асууж зөвлөдөг. Би харин тэр асууж зөвлөөд бгаа юмаа ээжтэйгээ зөвлөөрэй, ээж нь хариултыг нь мэдэж бгаа гэж байн байн сануулдаг. Үр хүүхэд маань өөр нэг 14 настай охины заасан замаар бүү яваасай гэсэн дээ тэр. Гэхдээ бас хэт их яншиж, юм болгоныг хажуугаас нь зааварлаад байдаггүй. 

МС: Хэт заах юм бол залхаад зөрүүдлээд угаасаа үгэнд орох ч үгүй.

МО: Хэлэх гэсэн санаагаа охидтойгоо өөр энгийн юм ярьж байхдаа ч юм уу, эсвэл тэдний асуудал бэрхшээлийг сонсож бхдаа, заримдаа аавынхаа хэлсэн үгэнд уцаарлан туньж байхад ч нь юмуу хавчуулан хэлчих бас их зүгээр. Миний ажигласнаар ийм л үед тэд хэлсэн үгийг арай илүү авч тусгаад байх шиг.

МС: Үүн дээр тэргүүн хатагтай байх бас их сөрөг талтай байж магадгүй шүү. Учир нь та бусад эхчүүд шиг сургуульд нь хүргэж өгөх замдаа машин дотор яриулчихна гэж байхгүй. Ер нь машин дотор их чухал чухал яриа болдог юм шиг ээ. Ээж жолоогоо бариад чимээгүй явахад /анхаарал шаардлагатай тул/ хүүхдүүд их ярьдаг. Ээж шууд л “Өнөөдөр юу болов, яав ийв?” гэж байцаахгүй. Ийм асуултаар булвал хүүхдээс юу ч олж сонсохгүй. Хүүхдээс юм олж сонсохын тулд дуугай байгаад л , чихээ дэлдийлгэх хэрэгтэй юм шиг байгаа юм.



МО: Харин тийм, өөрөө ярьж эхэлтэл нь хүлээх үү?

МС: Яг үнэн, хүлээх. Хүмүүс надтай уулзахаараа л “Та их хүчирхэг эмэгтэй юм шиг санагддаг” гээд л эхэлдэг, тэгэхээр нь би “Та яриагаа эрчүүдтэй бас л ТА ИХ ХҮЧИРХЭГ ЭРЭГТЭЙ ЮМ гээд л асуултаа тавьдаг уу?” гэж сөргүүлэн асуудаг. Үгүй л байхгүй юу. Яагаад гэвэл бид эрчүүдийг угаасаа тийм хүчирхэг гэж хэдийн хүлээн зөвшөөрчихсөн бдаг. Бид яагаад эмэгтэй хүн бас ийм хүчирхэг байна гэж бодож заншаагүй юм бэ? Миний охид /Мами 32, Грэйс 29, Луйза 24 настай/ бүгд их чадмаг төрсөн, өсч бойжихдоо ч гэсэн бадриун мундаг бсан. Харин шилжилтийн насандаа очоод жаахан эргэлзээ, итгэлгүй болж ирсэн ч төдөлгүй засарч давсан. Гурван охин маань ганц хүүгээс их өөр байсан /Хүү Хэнри 36 настай/. Ер нь хүү өсгөх гэдэг бас шал, өөр сорилт бэрхшээл. Хүүхэд өсгөхөд хамгийн гол юм бол өөрөө үлгэрлэн үзүүлэх л юм байна билээ. Тэд ухамсарлахгүйгээр эцэг эхээ байнга ажиглаж бдаг. Хүүхдэд ажиглагдахгүй өнгөрдөг юм гэж нэгээхэн ч үгүй гэхэд болно. Ялангуяа бага насны хүүхэд бол яг л локатор л гэсэн үг. 

МО: Тэднийг бүхнийг сонсож шингээж аваад эргүүлээд бидэнд бидний тавьсан жүжгийг эргүүлэн тоглоно шүү дээ. Үр хүүхэд маань биднийг сайн эцэг эх байж чадаж уу гэдгийг өөрөөрөө харуулаад өгдөг. Гэхдээ энэ бас хүүхэд болгон дээр ч бас тохиохгүй ээ. Дараа дараачийн хүүхэд гарч ирэхээр “Үгүй энэ чинь одоо юу болов оо? Энэ маань ахаасаа/эгчээсээ шал өөр юм гээч хөөе?” гэж гайхашрах нь ч бас бий. Гэлээ ч яалтай билээ, бас л хүмүүжүүлэх гээд зүтгэнэ биз дээ, нөгөө айхтар нөхрийг чинь. Завиа жолоодон залуурдах гэж чармайна ч, чардайна ч. Энэ явдал юу харуулаад бна гэхээр, хүүхэд болгонд төрөлх заяагдмал зан чанар гэж байгаа. Ийм бие хүнийг хаашаа л бол хаашаа эцэг эхийн хүссэнээр амархаан залуурдчихаж болно гэж боддог бодлынхоо эсрэг л эцэг эхчүүд бид өөрөө өөртэйгөө тэмцэлдэх хэрэгтэй юм шиг. Хүүхдэд өөрөөрөө байх боломжийг нь үлдээгээд дэмжиж өгөх л их хамгийн сайн арга гэж би боддог.

МС: Харин тийм яг ийм дэмжлэг л тэднийг маань цэцэглүүлэн хөгжүүлнэ. 

Өнөөгийн охидод тулгарч бгаа хамгийн чухал асуудал юу бна гэж та хоёр боддог вэ? 

МО: Боловсрол, боловсрол, бас дахин хэлье боловсрол. Олон хүүхэд лицей бол алдар хүнд, амжилтын оргилд хүрэхийн өмнөх зүгээр л нэг зогсоол мэтээр сэтгээл байх шиг. Энэ улс орны охид эмэгтэйчүүд СУРЧ БОЛОВСРОХ бол энэ амьдралын хамгийн чухал, хамгийн агуу гоё юм гэж ухаараасай л гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. 

МС: Харин тийм. Ганц охид ч биш, бас хөвгүүд ингэж зориосой, тэгэхгүй бол хөвгүүдэд маань ч гэсэн бодол санааг нь сарниах хэт их юм байна. 
МО: Үнэн үнэн.
МС: Гэхдээ өнөөгийн охид хүүхнүүд бидэнд нэг асуудал бна. Бид эрчүүдтэй адил тэгш эрхтэй гэж тунхаглагдсан мөртлөө , яг тэр тунхагийнхаа тунхаглалд бүрэн хүрч, адил тэгш эрхээ эдлэхгүй байгаа юм шиг. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа эмэгтэй хүн эрчүүдтэй мөр зэрэгцэн нийгмийн бүхий л салбарт хүчээ үзэх нөхцөл бололцоо анх удаа бүрэн бүрдлээ гэхэд болно. Гэсэн хэдий ч өмнө минь эсэргүүцэл байсаар байна. Ийм эсэргүүцэл хаа сайгүй байна гэхэд хилсдэхгүй. Засаг төр удирдлагын бүхий л шатны байгууллагад, бас Холливүүдэд ч байсаар л байна. Тиймээс охидод маань тулгарах гол бэрхшээл бол энэ саадыг даван туулах явдал юм. Тэгэхээр бид эх хүний хувьд охидоо эдгээр нүдэнд үл үзэгдэгч эсэргүүцлийг даван туулах зүрх зориг, хүчтэй болгохоос гадна эрх тэгш байдал гэдэг бол нэг их тэгж хүн айж сүрдээд байхаар юм биш гэдгийг нийгэмд давхар ойлгуулж өгөхийг зорих хэрэгтэй. Бидний охид энэ эсэргүүцлийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Надад өөрт маань ийм эсэргүүцэл хаа сайгүй байнга тулгарч ирсэн болохоор би ингэж хэлж байна. 

Тийм үү? Бүр Холливүүдэд ч тийм эсэргүүцэл байна гэж үү? Хүмүүс таны энэ үгийг сонсоод гайхна байх даа.

МС: Холливүүдэд ийм эсэргүүцэлтэй тулсан уу гэнээ? /инээв/ Патрисия Аркуэтийн Оскарын шагнал гардан авахдаа хэлсэн үгийг та сонссон уу? /эрэгтэй эмэгтэй жүжигчдийн цалингийн ялгааны талаарх/ Энэ бол санаанаасаа зохиосон худлаа зүйл огтоос биш, үнэний дээд үнэн шүү дээ. 

МО: Ээж маань бидний өнөөгийн амьдралыг биднийг харчихаад “Та нарт бүрэн боломж бна” гэж байнга хэлдэг. Ээжийн маань үед эмэгтэйчүүдэд сонголт үнэхээр хомс байж. Өнөөгийн бид хүртэл заримдаа “Надад карьер хийх шаардлага бна уу? Би гэртээ сууж үр хүүхдээ өсгөн бойжуулахыг илүүд үзвэл яах вэ? Би хүчирхэг мундаг эмэгтэй болохыг сонирхохгүй бол яах вэ?” гэх мэт олон асуултын хооронд эргэлзэж тээнэгэлзэж байна. Би ч гэсэн эдгээр асуулттай үргэлж тулгардаг. Учир нь хүмүүс намайг хүчирхэг эмэгтэй гэж хүлээж авдаг болохоороо ч тэр үү, эсвэл өмнөх тэргүүн хатагтай жинхэнэ хүчирхэг эмэгтэй Хилари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн болохоор ч тэр үү байнга л “Та ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?” гэж асуудаг. Гэхдээ Хилари бид хоёр адилгүйгээс гадна, бас өөр хүсэл эрмэлзэл зорилготой.

Та ажил, ар гэр хоёртоо цагаа хэрхэн тэнцүү хуваарилдаг вэ? Ажилдаа зарцуулах цаг чинь ар гэрт чинь хүндрэл учруулдаг уу?

МС: Миний ажил гэр бүлд маань хүндрэл учруулдаггүй, харин ар гэрийн амьдарлын маань нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг. Гэхдээ миний эрхэлдэг ажил ихэнх хүмүүсийн ажлаас өөр л дөө.Миний ажил бол дүрд хувирч, тухайн дүрээрээ амьдарч, зовоход нь зовж, жаргахад нь жаргаж түүгээрээ дамжуулан эргээд өөрийнхөө амьдралыг баяжуулж цэнэглэдэг тийм гайхамшигтай ажил. Хүүхдүүд маань ч гэсэн бас амилуулсан дүрээр минь дамжуулж ээжийгээ дахин нээж таньж бдаг. Жишээ нь 2012 онд тоглосон “Төмөр хатагтай” хэмээх киноны Маргерет Тэтчер хатагтайн дүр байна. Гэхдээ би хүүхдүүдээ гараас гараагүй бага байхад тэднээсээ 2-3 долоо хоногоос илүү холддоггүй байсан. Тухайн үед миний миний гол зарчим, мөрдлөг байлаа. Жижиг хүүхэд эцэг эхээ 3 долоо хоногоос илүү удаан хугацаагаар явбал сүүлдээ санахаа болиод, эргэж ирэхэд нь тоохоо больдог тал бий. Би мэдээж юу гэж энийг хүсэх вэ дээ. 



МО: Ээжийгээ явж яваад “Сайн уу миний хүү, ээж нь ирлээ” гэхэд өөдөөс “Алив, та наад тоглоомоо аваад өг дөө” гэвэл нээрээ балрав аа. Барак сенатор байхдаа ихэнхдээ Вашингтонд байдаг блаа. Охидууд маань жаахан, бид Чикагодоо үлдсэн. Би маш сайн хүүхэд асрагчаа алдаад дараа нь жолооны үнэмлэхгүй хүүхэд асрагч олов. Ёстой баларсан, их хэцүү юм билээ. Тэр үед Малия, том маань цэцэрлэгт, бага нь гэртээ байсан юм. Ээж маань ч юм уу хүүхэд хардаг хүүхэн маань өглөөний 5 цагт ирж намайг фитнэст явуулдаг байлаа. Тэгээд өглөө цаг хагас дасгал хийчихээд 6:30-д фитнэсээсээ ирээд томыгоо босгож өглөөнийх нь ундыг өгөөд өөрөө жолоодон цэцэрлэгт нь хүргэж өгнө. Дараа нь шууд ажилдаа очиж өдрийн 2 цаг хүртэл ажиллачихаад буцаж цэцэрлэг рүү давхиж, охиноо аваад гэрт нь бушуухан аваачиж асрагчдаа тушаачихаад буцаж ажилдаа ирж оройн хоолны цаг хүртэл ажилладаг блаа. Би яг ингэж бүтэн 6 сар ажилласан.

МС: Ийм стресстэй үед цас ороогүй ч юм уу хэн нэгэн өвдөөгүй бол их амжилттай сайн өдөрт тооцогдож байгаа биз дээ?

МО: Харин тийм. Ийм үед хэн ч өвдөх эрхгүй. 

МС: Хүн өөрийнхөө дээд хязгаарыг /лимит/ тогтооно, бас тэр хязгаар дотор юу болохыг ч бас өөрсдөө тогтооно.

МО: Харин тийм. Би амьдралынхаа шаардлагын дагуу ажлаа зохион байгуулсан. Угаасаа үүнийг ч амьдрал биднээс шаардаж байсан. Өөрөөр хэлбэл сайн ээж байхын тулд ингэх хэрэгтэй болсон. Гэхдээ өнөөдөр бас нөхцөл бдал өөрчлөгдөж сонголт хамаагүй ихэслээ. Миний хүүхдүүдэд юу ч дутагдаагүй. Ээжийгээ ажил хийлээ гээд тэд маань надаар айхтар дутаж зовоогүй гэхэд болно. Бас би ажил хийлээ гээд тэднийгээ бага хайрлаагүй. Бас аав Вашингтонд ажилтай, 5 дах өдрийн орой гэртээ ирнэ гэдэг нь ч гэсэн тэдний маань хувьд жирийн байх ёстой зүйлээр бодож өссөн дөө. 

МС: Хүүхдүүд чинь хайраар дутаагүй, айдас хүйдэсгүй өсч бгаа болохоор тэгж байгаа юм.

МО: Үүнээс болж би ажил ар гэрээ тэнцүүхэн авч явах асуудлын талаар илүү нухацтай боддог болсон. Ажил маань намайг тодорхойлж, бий болгож бна гэдгийгээ ойлгоход төвөггүй байлаа. Ажил хийх бол миний өөрийн сонголт бсан, би өөрөө ажил хийхийг хүссэн юм.

МС: Хүү маань хөгжимчин. Тэр 21 настай байхдаа Талархлын баярын ширээг бидний гэр бүл хамаатан садны 16 хүн тойрон суусан байхад гэнэт “Амьдралдаа хамгийн ихээр харамсаж явдаг зүйл маань юу гээч?” гэж асуув. Би сонсоод дотроо “Одоо яадаг билээ, би сургууль дээрээ тоглосон жүжгийг нь очиж үзэж чадаагүй, эсвэл хүүгийнхээ хүлээлтийг гүйцээж чадаагүй” гэж хэлэх нь дээ гэж бодон айж байтал тэрээр “Та намайг хөгжмийн дугуйланд явуулж бгаагүй” гэж авдаг байна шүү. Би тэгэхээр нь “Би чамайг төгөлдөр хуурын курст явуулаа биз дээ? Бүтэн хоёр жил явуулсан шүү дээ” гэж хэлсэн. Мань хүн мартчихсан байсан юм билээ. 
МО: Хүү чинь өөрийгөө хөгжмийн гоц авьяастай гэж итгэж байж дээ, тэгвэл.

МС: Тэр 15 настайдаа гитар аваад өөрөө бие дааж сурсан гээд байсан, тэр нь үнэн. Гэхдээ төгөлдөр хуурынхаа курсийг тас мартчихсан байсан, их сонин. Намайг төгөлдөр хуурын курст явуулья гэхээр сагс тоглоно гэсэн хүн л байсан юм. Тэр үед хөгжимдөө хачин дургүй бсан. Би төгөлдөр хуурт бараг хүчээр явуулсан. Би тэр үедээ бас жаахан жаахан хүч хэрэглэчихдэг “бар ээж”-ийнхээ үе дээр байлаа шүү дээ. Түүний хөгжмийн дур сонирхол нь цаг болохоороо хожим ирсэн. Гэхдээ би яахав эхийн хувьд өөрийнхөөрөө хичээсэн, хөгжүүлэх гэж оролдсон, тэр л чухал, өөр яах билээ бид чинь.



Та хоёр үр хүүхэддээ юу өвлүүлж үлдээмээр бна? Түүхэнд ямар үүрэг роль гүйцэтгэмээр байна?

МО: Би хүмүүст хэрэгтэй ямар нэг юм хийж үлдээмээр байна. Ийм ч учраас би олны дунд орж хүмүүстэй холилдож, гар барьж үгийг нь сонсохыг хичээдэг. Ялангуяа хүүхдүүдтэй. Хэн мэдэхэв, үүнээс болж хэн нэгэн нь амьдралаа орвонгоор нь өөрчлөх ч юм бил үү? Би хоромхон зуур зогсоод хэн нэгэн бяцхан охиныг чих тавин сонсоод, ирээдүйд юу хийхийг ямар ажил мэргэжилтэй болохыг нь асууж сонирхоод, түүнд урам хайрлаж түүгээр бахархаж байгаагаа хэлээд чанга тэвэрвэл тэрээр үүнийг насан туршдаа дурсаж явах, цаашдаа өсөн дэвжихэд нь түлхэц болох ч юм бил үү гэж горьддог. Энэ бол миний зорилго, миний уриа юм. Тэргүүн хатагтай гэдэг энэ эрхэм алдар хүндийг зүгээр өнгөрөөчихмөөргүй байна. 

МС: Наадхыг чинь сонсоод дуучин Стингийн хэлж байсан зүйл санагдчихлаа. Тэрээр багадаа Английн хөлөг онгоц үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн районы нэгэн хотхонд амьдарч байхад хатан хаан Елизаветта тэдний хотод үйлдвэрийн ойн баяраар ирсэн гэнэ. Хатан хааны ирэх үйл явцад бяцхан Стинг хүү ихэд баярлан хөөрч, олон долоо хоногийн өмнөөс хирэндээ бэлдэж, гэртээ хатан хааны зургийг хүртэл залж яаран хүлээж л дээ. Тэгээд хүсэн хүлээсэн өдөр ч болж, хатан хаан хотод нь ирээд олны дундуур бүхээггүй задгай машинаар олон түмэн рүү гараа далласаар одохыг ээжтэйгээ харж зогссон тэрээр “Би яг хатан хаан шиг ийм л гоё машин дотор ингээд хүмүүс рүү даллаад явна даа” гэж бодсон юм гэдэг. 



МО: Гэхдээ надад тийм зорилго байхгүй л дээ.

МС: Тэгэхээр ийм хоромхон зуурын мөч ч гэсэн хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж насан туршид нь үл мартагдах дурсамж болж, бүр хөтлөн дагуулж бна гэдэг гайхамшигтай. Миний үлдээх өвийг би өөрөө биш, бусад хүмүүс хийж өгч бна гэж би хувьдаа боддог шүү. Жишээ нь, миний авсан шагнал, шагналд нэр дэвшүүлэх зэргийг би өөрөө хийдэггүй, дан бусад хүмүүс шийддэг. Гэхдээ би ямар өв үлдээж юугаараа дурсагдах хүн бэ гээд бодохоор би өөрийн эрхгүй ээжийгээ боддог юм. Надад хайртай бас миний хайртай тэр хүмүүст л тэдний амьдралынх нь нэг хэсэг байж чадсан болов уу, тэдэндээ дурсагдаж чадах болов уу гэдэг л надад хамгийн чухал, тэрүүгээрээ л би өөрийгөө өв үлдээж чадсан эсэхээ дүгнэнэ. Өвийн тухай миний ойлголт бол илүү хувийн чанартай гэх үү дээ. Миний үлдээх өв бол гадуур хүмүүсийн хүлээж авдаг тэр агуу том “Мэрил Стрийп”-тэй нэг их холбоогүй зүйл. 

Хэрвээ та хоёр нэг нь Тэргүүн хатагтай, нөгөө кино од бгаагүй бол ойр орчиндоо нөлөөлөхийн тулд юу хийж чадах вэ? 

МС: Хариуцлагатай ухаалаг хэрэглэгч байх, болох. Би дэлгүүрээс юм худалдан авахдаа энэ авч байгаа зүйл маань байгаль хүрээлэн буй орчинд муу нөлөөтэй юу? Хаанахын ямар гарал үүсэлтэй эд вэ? Үйлдвэрлэж байгаа хүмүүс нь хэрхэн яаж хийсэн бол? гэх мэтийн зүйлийг ихэд чухалчлан анхаардаг. 

МО: Дуртай зүйлээ олоод түүн рүүгээ байнга тэмүүлэх. Би үүнд бат итгэдэг гэхэд болно. Жишээ нь: Мэрил Стрийп мэтийн хүчирхэг эмэгтэйчүүд яг л ингэж гарч ирсэн байгаа. Яг л түүний хэлсэн шиг үр хүүхэдтэйгээ харьцаж хамт өнгөрүүлж бгаа мөч бүхэн, бие биенийхээ төлөө хийж байгаа жижигхэээн зүйл ч ирээдүй хойчид ихээхэн өөрчлөлт авчрах том зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Амьдарч буй нийгэм хүрээлэлдээ бидний хийж байгаа жижиг сажиг зүйл маань Мэрилийн дэлгэцэн дээр урлан бий болгож буй дүр, миний арай илүү өргөн хүрээгээр хийх гэж ядаж буй ажил бүгд адил бусдын төлөө хийж буй миний чадах зүйл билээ. Хүүхдүүд маань “Ээжээ та биеэ бод, өөрийгөө арчил асар” гэдэг шиг.

Францын FEMME MAJUSCULE сэтгүүлээс орчуулсан Доржийн БОЛОРТУЯА

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo (122.201.24.6) 2016-01-10 11:29:11
Гоё ярилцлага орчуулж хүргэсэнд баярлалаа Нэгэнт эмэгтэйчүүдийн тухай ярьж байгаа болохоор монгол эмэгтэйчүүдийнхээ талаар өмөөрсөн хэдэн үг бичье гэж бодлоо Хөгжилтэй оронд бол яг ийм зарчим үйлчилдэг Мишээл 6 сар хүүхэд харах хүнгүй асуудлаа шийдсэнээ маш их юм хийсэн шиг ярьж байгаа биз Үнэхээр энэ бол маш их цаг хүч стресс шаардсан ажил байдаг Манайд бол хамгийн үнэгүй ажил Анхнаасаа бүр тэгээд ойлгуулчихсан Хүүхдээ хараад гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд ажилдаа явахад юун тийм хэцүү гэж гээд Эхнэрүүдийнхээ ажлыг үнэхээр үнэлдэггүй Хөгжилтэй оронд бол манай эмэгтэйчүүдийн хийх ёстой юм шиг ямар ч стрессгүй хийдэг ажилд маш их мөнгө зардаг Товчхондоо эмэгтэйчүүд ажлаа үнэлүүлж сургах хэрэгтэй шүү Дэлгүүрээс тор дүүрэн аймаар хүнд хүнсийг дандаа л эмэгтэйчүүд маань л барьсан явж харагддаг За за ингээд эмэгтэйчүүдээ нэг өмөөрье дөө