Наадмын бөөрөнхий хуушуур гэртээ хийцгээе
"Монголын нууц точвоо" рестораны ахлах тогооч: Н. Тэгшжаргал
Наадмын хуушуурны орц: Европ хоол шиг грамласангүй, хуушуур идэх өөрсдийн хэмжээндээ тааруулаад материалаа бэлдээрэй.
1. Гурил
2. Мах, үхэр хонины аль нь ч болно
3. Давс
4. Сонгино
5. Жууцай
6. Тос

Хийх арга:
1. Хамгийн түрүүнд гурилаа зуурч бэлдэх хэрэгтэй. Ингэх нь гурил амрах хугацаанд бусад зүйлсээ бэлдэх цаг танд гарна.Гурилаа зуурахдаа нэлээн нялцгай зуурах бөгөөд, гурил зуурах ус маань буцлаад буцаад бүлээрсэн ус байвал сайн. Мөн усанд тохирох давсаа хийж өгөөрэй. Зуурмаг бэлэн болоход гурилаа хатахааргүй битүү саванд амраана. Хамгийн багадаа л хоёр цаг амраах хэрэгтэй шүү. Түүнээс их амраавал бүр ч сайн.
2. Махаа машиндах хэрэгтэй. Тэгэхдээ дан хар мах биш, бага зэргийн өөх хийвэл зүгээр. Хүсвэл хуушуурандаа хийх сонгиноо махтайгаа цуг машиндсан ч болно. Ингэвэл машиндсан махнаас том хэрчсэн сонгино зажлагдаад байдаггүй сайн талтай.
3. Харин жууцайгаа гараар нарийн жижиг татаж өгөх хэрэгтэй. Энэ нь ногооны амт шим хадгалагдах, хоолонд өнгө нэмэх сайн талтай. Ингээд үндсэндээ махны хольц бэлэн боллоо.

4. Махаа амтална. Мах, сонгино, жууцай зэргийг бүгдэнг нь нийлүүлээд дээрээс нь давсаа тааруулж хийнэ. Ингэхдээ гэрийн хуушуур амталдаг шиг ус битгий хийгээрэй. Харин түүнийхээ оронд бага зэргийн тос хийж гараарай базлан сайн хутгаж өгнө. Оливын тос, наранцэцэгийн тос, эсвэл бага зэргийн майонез ч байж болно. Майонез хийвэл илүү амтархаг болдог тал бий. Ингээд наадмын хуушуурны мах бэлэн боллоо.
5. Махаа амтлах зуураа тосоо халаасан байх хэрэгтэй. Тавганд хийсэн тос хуушуур хөвөх хэмжээнд байх шаардлагатай.
6. Бага зэргийн тосоор гараа болон, гамбанзаа тослоод бэлэн болсон зуурмагаа савнаас нь гаргана. Гаргаад битгий нухаарай. Зүгээр тостой гараараа хуушуурныхаа хэмжээгээр гурилаа тастаж аваад хуруугаа ашиглан бага зэргийн бөөрөнхий хэлбэр оруулж элдэнэ. Үүн дээрээ махаа тохируулж хийн битүү чимхээд гараараа эсвэл элдүүрээр нимгэлж өгнө. Ингэхдээ хуушуураа аль нэг газар нь цоолчихоос, хэтэрхий нимгэлэхээс болгоомжлоорой. Гэх мэтчилэнгээр хийж бэлтгэсэн хуушуураа халуун тосондоо шарж гаргаад битүү саванд тодорхой хугацаанд дараад өгвөл таны хүссэн наадмын хуушуур бэлэн болно.
Та бүхэнд амжилт хүсье, сайхан наадаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







