М.Фелпс : ” Би амьдралын ёроолыг мөргөөгүйсэн бол дахиж сэргэхгүй байлаа


news-image

  АНУ-ын алдарт усанд сэлэгч , бүх цаг үеийн олимпийн наадмын хамгийн шилдэг тамирчин Майкл Фелпс энэ удаагийн 31 дэх зуны олимпийн наадамд одоогийн байдлаар 4 алтан медаль хүртээд байгаа билээ. Ингэснээр тэрээр карьерынхаа туршид олимпийн наадмаас нийт 22 алтан медаль хүртсэн гайхамшигтай амжилт үзүүлээд байгаа билээ. Алдарт тамирчин " NBC " телевизэд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 

 -Та Лондоны олимпод гялалзсаныхаа дараа нэлээд хүнд хэцүү үеийг туулсан гэсэн?


-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд би Лондонд гагцхүү авьяас чадварынхаа ачаар л амжилтад хүрсэн юм. Тэгтлээ их хөлс гарган хөдөлмөрлөөгүй юм шүү дээ. Бээжингийн олимпоос хойш гурван жилийн турш энд тэндгүй дураараа наргиж цэнгэн бэлтгэлээ удаан хугацаагаар тасалдуулдаг байлaa.

Үүндээ ч тэгтлээ санаа зовдоггүй явсан. Тэгээд олимп эхлэхээс жилийн өмнө л шаргуу бэлтгэж эхэлсэн дээ. Нэг их хүчлэлгүй ялалт байгуулдаг байж. Харин энэ удаа дахин сэргэхэд дэндүү хүнд байсан шүү. Би маш их мэрийсэн.

-Та нэгэн ярилцлагадаа, усан сэлэлтгүйгээр өөрөө өөрийгөө гээж, юу хийхээ ч мэдэхгүй болдог тухайгаа ярьсан нь бий. Иймээс ч уралдаан тэмцээнээс хөндийрөөд амьдралын хар бараан тал руу алхаж дээ?

-Бурхан минь, өдөржин өрөөнөөсөө гаралгүй хэнтэй ч ярихыг, хэнийг ч харахыг хүсдэггүй байсан тэр үеэ өнөөг хүртэл мартаж чаддаггүй юм. Тэгэхэд би амьдрах ямар ч хүсэлгүй болсон юм.

 Ёроол руу доошлох хурдны цахилгаан шатанд суучихсан юм шиг л санагдаж билээ. Тэгээд тэр амьдралын ёроол гээчид төд удалгүй хүрсэн дээ. Өглөө бүр ямар ч амьдрах хүсэл сонирхолгүйгээр сэрээд л...


-Гэхдээ амиа хорлох оролдлого хийсэн үү. Зүгээр л амьдрах хүсэлгүй байх нь амиа хорлох тэмүүллээс өөр гэдэг шүү дээ?

 -Амиа яаж хорлох вэ гэдэг бодол орж ирж байснаа нуухгүй. Гэвч би хэзээ ч амиа хорлохгүйгээ ч мэдэж байсан юм. Амиа хорлосноор би өөрийгөө ч, өрөөл олныг ч зовооно гэдгээ ойлгосон. Амиа хорлох бодол үнэхээр хүнд дарамттай юм билээ.


Гэхдээ юу гээч? Амьдралынхаа ёроолыг мөргөснөөр би дахин сэргэх, дахин дээш тэмүүлэх, дахин тэмүүлэх чин хүслийг олж авсан юм. Тэгээд аажмаар сэргэж, бүхнийг өөрчлөхөөр тэмүүлж эхэлсэн дээ.

-Та наркологийн төвд албадан эмчилгээнд байхдаа бусадтай хэрхэн харьцдаг байв. Бусад өвчтөн бүгд л өөр рүү тань чичлэн “Өнөөх Майкл Фелпс чинь энэ шүү дээ” гэхэд амаргүй биз?

-Өвчтөнүүд америк хөлбөмбөг үзэж суусан нэгэн үдшийг ер мартдаггүй юм. Тоглолтын дундуур гэнэт гай болж миний уралдаж буй усанд сэлэлтийн тэмцээний бичлэг гарч билээ. Бүгд л над руу гайхан эргэж харсан даа. Би яахав. “Тийм ээ, наад залуу чинь би байна” ухааны дохио зангаа хийж инээмсэглээд л өнгөрсөн юм.

-Тэр хүнд үеэс та юуны түрүүнд ямар сургамж авснаа хуваалцаж болох уу?

-Хүн бүр алдаж гишгэснийхээ дараа яг л хүүхэд шиг болчихдог юм билээ. Тэгээд дотоод ертөнцөө нээн дахин цоо шинээр төрөхийг эрмэлзэх нь чухал. Тэр бүхнийг ойлгосноор би өөрийн мөрөөдөж байсан амьдралаа бага багаар цогцлоож эхэлсэн. 

Усан бассейнд ч, тэндээс гараад ч тэр. Би хөөрхөн хүүхэдтэй боллоо, надад үнэнч сайхан сүйт бүсгүй байна. Сайхан гэр бүл байна. Миний хайртай хүмүүс намайг хүрээлж, намайг хариу хайрлан урам зориг өгдөг юм. Товчдоо би одоо өөрийн хүсч мөрөөдсөн амьдралдаа хүрч чадсан шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo (150.129.143.8) 2016-08-16 07:47:58
Эр хүн нэг алдаж эрэг нэг нурнаа гэж сайхан үг байдаг Мундаг залуу байна аа Одоо энэ залуу жинхэнэ амьдралаар сайхан амьдрана даа Алдаа хийх шиг амархан зүйл энэ амьдралд байхгүй хамгийн хэцүү нь тэр алдааг буруу юм байна гэж харах сэтгэлийн тэнхээ гэж аймаар том далдын хүч хүнд хэрэгтэй байдаг юм даа түүнээс алдсан болгон муу хүн биш дотоод хүн нь угаасаа зөв хүн бол сэргээд л босоод ирнэ иймэрхүү алдааруу түлхэх хөндлөнгийн муухай хүмүүс бас их байдаг гэхдээ л амьдрал сайхан амьдрах бүр сайхан мундаг залуу байна шүү сайн сайхныг монгол орноос ерөөе дээ