Тэдний хайр сургуульд байх үеэс нь эхэлжээ

10 жилийн сургууль мөн оюутан байх ахуйдаа танилцаж, хайрын романс үүсгэн улмаар гэр бүл болон олон жил аз жаргалтай амьдарч байгаа алдарт хосуудыг танилцуулж байна. 

Кейт Мидлтон болон ханхүү Уильям

Тэдний хайрын түүх үнэхээр сайхан. 2002 онд Сент-Эндрю их сургуульд сурч байхдаа анх танилцжээ. Ханхүү Уильям Кейтыг хараад анхны харцаар дурласан гэж ярьдаг. Олны хараанд өртөлгүй нууцаар үерхэж байсан тэдний харилцаа олон жилийн ил гарсан юм. Улмаар 2011 онд тэд гэрлэж одоо 2 хүүхдийн эцэг эх болон аз жаргалтай амьдарч байна. 

Марк Цукерберг болон Присцилла Чан

Facebook - ыг үндэслэгч дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг болох Марк Цукерберг эхнэртэйгээ 14 жил хамт байна. Түүний эхнэр эмч мэргэжилтэй. Тэд 2002 онд Харвардын их сургуульд сурч байхдаа танилцсан бөгөөд тэр үеэс тэдний хайрын түүх эхэлсэн юм. 2012 онд албан ёсоор эхнэр нөхөр болсон. Хосуудын хүүхэд тогтохгүй хэцүүхэн байсан ч бэрхшээлийг хамтдаа туулж өнгөрсөн жил хөөрхөн охины аав, ээж болсон. 


Рон Ховард болон Шерил Элли

Алдарт найруулагч маань эхнэртэйгээ ахлах сургуульд байхдаа танилцан, үерхэж эхэлсэн байна. Тэд долоо хоногт 2 -оос  дээш удаа уулздаг байсан бөгөөд эцэг эхийнхээ хориг, хязгаарыг даван хамтдаа байжээ. Тэд гэрлээд хэдийнэ 41 жил өнгөрсөн байна. 


Леброн Жеймс болон Саванна Бринсон

Алдарт сагсан бөмбөгчин Леброн Жеймсийн анхны хайр бол түүний эхнэр Саванна Бринсон юм. Тэд нэгэн Католик сургуульд хамт сурч байсан бөгөөд тэр л үеэс бие биедээ татагдах болжээ. Леброн 2011 онд гэрлэх санал тавьсан ч үүнээс 2 жилийн дараа албан ёсоор гэр бүл болсон юм. 


Боно болон Элисон Хьюсон

U2 хамтлагийн ирээдүйн ахлагч Боно түүний эхнэр Элисон нар Дублин дахь сургуульд хамт сурдаг байжээ. 1975 онд анх болзож эхэлсэн бөгөөд 1982 онд хуулийн дагуу эхнэр нөхөр болсон юм. Тэдний урт удаан , хүчтэй хайрын үр дүнд 4 хүүхдийн эцэг эх болжээ. "Би энэ дэлхийн хамгийн ер бусын эмэгтэйтэй учирсан, би түүнгүйгээр амьдарч чадахгүй байсан" хэмээн эхнэр Элисоны тухай ярьсан байна. 


Жон Бон Жови болон Доротеа Харли

АНУ - ын алдарт Bon Jovi хамтлагийн дуучин Жон эхнэртэйгээ их сургуульд байхдаа танилцжээ. Сургуулийн танхай оюутны нэг Жонд эхнэр Доротеа тун их тусалдан гэдэг. Сургуулиа төгсөнийхөө дараа хамтдаа Лас Вегаст шилжин ирж 1989 онд хуримаа хийжээ. Одоо тэд 4 хүүхэдтэй үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг юм. 

Снуп Догг болон  Шанте Тейлор

Алдарт рэппэр Снуп Догг анхны хайртайгаа гэрлэжээ. Тэд ахлах сургуульд байхаасаа үерхэж эхэлсэн бөгөөд сургуулийнхаа хамгийн сайхан хосуудын нэг байжээ.  1997 онд хуулиар батлуулсан эхнэр нөхөр болж одоо 2 хүү, 1 охинтой өнөр отгон аз жаргалтай гэр бүл юм. 


Энтони Маки болон Шэлетта Чэпитал

Алдарт хосууд ахлах сургуульд байхаасаа л үерхдэг байжээ. Тэрээр нэгэн киноны нээлтэн дээр эхнэрээ дагуулж ирсэнээр анх удаа олны өмнө тэдний харилцаа ил болсон юм. 2009 онд хосууд бяцхан хүүтэй болж, 2015 онд албан ёсны эхнэр нөхөр болон батлуулжээ.


Сэмюэл Л. Джексон болон ЛаТаня Ричардсон

Дэлхийн алдарт жүжигчин Сэмюэл эхнэртэйгээ Атланта дахь их сургуульд хамт сурч байжээ. 1974 онд тэд болзож эхэлсэн бөгөөд 6 жилийн дараа албан ёсоор гэр бүл болсон юм. Тэдний амьдралын гэрэл гэгээ болсон охиныг Зое гэдэг. 


Джефф Дэниелс болон Кэтлин Трэадо

Кино од Жеф өөрийн эхнэр Кэтлинтэй Мичиган дахь сургуульд хамтдаа сурч байсан юм. Тэр үед хэн хэн нь 24 настай байсан гэдэг. Одоо тэд 37 жилийг хамтдаа туулж, 3 хүүхдээрээ аав, ээж хэмээх эрхэм нэрийг дуудуулан аз жаргалтай амьдарч байна. 









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.