Өвөрмөц үнэр, гайхамшигт охь шимээр бие сэтгэлийг тайвшруулан эмчилж болно

Арома хэмнэл 1

Ургамлын өвөрмөц үнэр, гайхамшигт охь шимээр бие сэтгэлийг сэргээн тэтгэх, эмчлэн илааршуулах, тэнцвэржүүлэх, тайвшруулах бие сэтгэлийг засах ухааныг ароматерапи буюу анхилуун үнэрийн засал гэдэг.


Энэхүү засалд хамгийн гол хэрэглэдэг зүйл бол эфирийн тос юм. Анхилуун үнэрт ургамлын цэцэг, навч, иш, үндэс, холтос, үр, давирхайнаас гаргаж авдаг өвөрмөц анхилуун үнэрт, ууршимтгай тосорхог шингэн бодисыг эфирийн тос гэдэг. Өнөөгийн байдлаар 1500-аад төрлийн ургамлаас гаргаж аваад байгаа бөгөөд 100 гаруйг түгээмэл хэрэглэж буй ч өдөр тутмын амьдралд 30-50 гаруй эфирийн тосыг зонхилон хэрэглэж байна. Ароматерапи нь өнө эртний уламжлал, соёлын улбаатай, олон сая жилийн турш янз бүрийн аргаар хэрэглэж ирсэн баялаг түүхтэй бөгөөд шинжлэх ухаан гэдэг талаасаа анх 1920 онд Францын химич эрдэмтэн Ренэ Морис Гатфосе үндэслэн тавьсан юм. Тэрбээр лабораторидоо туршилт хийж байгаад гараа түлж, сандрахдаа хажууханд нь байсан лаванда хэмээх ургамлын эфирийн тосонд гараа дүрсэнд богино хугацаанд огт сорвигүй эдгэрчээ. Ургамлын гайхамшиг, хүч чадлыг биеэрээ мэдэрсэн тэрбээр цааш гүнзгийрүүлэн судалж, анхилуун ургамлын үнэр, түүнээс гарган авсан эфирийн тосоор эмчилгээ, засал хийхийг ароматерапи гэж нэрлэсэн юм.


Эмгүй эмчилгээ буюу урьдчилан сэргийлэх анагаах ухааны салбарт багтдаг бөгөөд хөгжингүй орнуудад анагаах, тайвшруулах спа, сэтгэл засал, зурхай, чакра засал зэрэг салаалан эрчимтэй хөгжиж байгаа юм. Мөн эмэгтэй хүний дааврыг тэнцвэржүүлэх, сэтгэл санааны тавгүй байдлыг арилгаж, урам зориг оруулах, амьдралыг баяр баясгалантай, сэтгэлд өнгө нэмэх нэгэн байгалийн тустай хэрэглэгдэхүүн болгож, амьдрал ахуйдаа хэрэглэж үзээрэй. Хэрхэн яаж хэрэглэхийг цувралаар танилцуулна. Хамгийн өргөн хэрэглэх арга нь эфирийн тосоо ууршуулагч диффюзер, лаатай тавиурт дусаагаад эсвэл хөвөн, даавуу, модны холтост шингээгээд хажуудаа тавьж үнэрлэх, халуун усанд хийж, үнэрээр өөрийгөө засах зэрэг олон арга бий. Энэ удаа та бүхэндээ намрын улиралд тохирсон хоёр аром жор танилцуулья.

1. Ядаргаа тайлах өөртөө иллэг хийх арома тос




Орц:

Суурь тос 15 мл
Гаа 2 дусал
Бергамот 1 дусал

Бэлтгэх заавар:

Тосондоо эфирийн тоснуудаа сайн холиод ядарсан хөл, биедээ түрхэж, иллэг хийн зангирсан булчингаа зөөллөөрэй. Анхилам сэнгэнэсэн үнэр нь таны бие, сэтгэлийн ядаргааг тайлна.



2. Нүдний ядаргаа тайлах

Нүдний ядаргаагаа тайлья гэвэл жижиг түмпэнд хийсэн 2 дусал лавандатай халуун усанд алчуураа норгож мушгиад нүдэн дээрээ бигнүүр болгон тавина. 

Лаванда нь тайвшруулах гайхамшигтай увдист охь юм. Хүйтэн, халуун бигнүүр сольж тавих нь цусны эргэлтийг улам сайжруулж, илүүдэл, хэрэггүй болсон эд эсийн шингэн биеэс хурдан гаргахад нөлөөлдөг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.