Үдшийн Цаснаар

Орчлонгийн гадаргуу дээр тогтсон бүтэн жилийн хир тортгийг цагаахан өнгөөрөө ариусгах гэж жил жилийн төгсгөлд тэнгэрээс цас буудаг ч юм шиг.. Амьсгаа авахад сэнгэнэх нь хүртэл сэтгэл дотрыг цэвэрлээд өгөв үү гэлтэй. Алдсан оносон, авсан гээсэн болгоноо эргэцүүлж, өнгөрөгч он авхай надад чухам юу өгөв гэдгийг тунгаан бодох таатай сайхан үе.. Бас дараа жил юу хийж бүтээх вэ гэдгээ төлөвлөж, ирээдүйгээ олж харах эрч хүчийн зогсоол. Чухам энэ цаг мөчид хүний сэтгэл юунд ингэтлээ догдолдог юм болдоо. Уртаас урт үргэлжилсэн дулаахан шаргал намар цастай хуртай жинхэнэ гоёмсог өвлийг бидэнд үлдээгээд явж. Хотын гудамж урьд урьдынхаас илүү гэрлэн чимэглэлээр гоёж, сэтгэл хөдөлгөсөн шинэ жилийн аялгуу энд тэнд эгшиглэхэд юунд ч юм учиргүй хөөрөн баярладаг хүүхэд насны дурсамж сэргэх шиг. Дэргэдүүр өнгөрөх хүмүүс яаран яаран алхах нь даарсных бус энэ ондоо хийх ёстой ажлаа гүйцээхээр тэмүүлснийх юмуу гэлтэй. Ажлаа дуусгачихаад сэтгэл хангалуун гэртээ хариад, хайртай гэр бүлтэйгээ шинэ оноо угтах шиг аз жаргал хаа байхав.. Тиймээ, бидний амьдрал хичнээн өрнүүн сайхан юм бэ.

Цасан будран ороход сэтгэл яагаад уужирдгийг, цав цагаан агаар дотор луу сэнгэнэн ордогийг бүсгүй хүний нандин мэдрэмжээр хөглөн бодоход уянгалаг. Цасны чийхрах чимээнээр би алхаж байна, нэг л гоё... Цасан дээр алхах бүрт миний мөр гарч байна, тов тод...


                                                                        By: УянГоо

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.