“Номын баринтаг” төсөл талархлын өдрөө зохион байгууллаа
JCI Капитал салбар байгууллагаас санаачлан, Үндэсний номын сан, БСШУЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төслийн багийнхан хамтран ажилласан хувь хүн, төрийн байгууллага, ААН-үүдэд талархлаа илэрхийлэх өдөрлөг зохион байгууллаа.
Үндэсний номын санд одоогийн байдлаар 3 сая гаруй ном хадгалагддаг бөгөөд үүнээс 35 мянга орчим судрын баринтигийг шинэчлэх ажил төслийн хүрээнд өрнөж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш олон нийтийн дунд нэээлттэй хэрэгжиж буй “Номын баринтаг” төслийн хүрээнд нийт 5 мянга гаруй номын баринтаг цугласныг өнөөдөр Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.
Өдөрлөгт “Номын баринтаг” төслийн санаачлагыг дэмжин хамтран ажилласан Нийслэлийн сургуулиудаас гадна 108-аас дээш баринтаг бэлэглэсэн ААН-үүд болох “Бумбын Улаан Хонгор” компанийн “Хүү төрлөө..,”Үндэсний брэнд, цахилгаан, сан зэрэг 10 гаруй байгууллагууд хүрэлцэн ирсэн юм.
Уг арга хэмжээний үеэр холбогдох албаны хүмүүсээс авсан тодруулгыг хүргэж байна.
Л.Батхуяг: Төсөл цаашид үргэлжлэнэ
/JCI Капитал салбар байгууллагын төслийн хорооны дарга/
- “Номын баринтаг” төслийг олон нийтийн санаачлагад суурилан хийх санаа анх яаж төрсөн бэ?
- JCI Капитал салбар байгууллагын төслийн хорооны залуус анх Үндэсний номын сан хөмрөг архив, номын өргөөтэй танилцсаны үндсэн дээр энэ төслийг эхлүүлэхээр болсон. Үндэсний баялаг болсон эртний ном судруудын баринтагийг шинэчлэх ажлыг олон нийтийн оролцоотойгоор шийдэх нь хамгийн зөв гарц юм. Тиймээс ч энэ бид төслийн хүрээнд холбох ажлыг санаачлан гүйцэтгэсэн байгаа. Ингэхдээ нийслэлийн сургуулиуд, хувийн ААН-үүдэд хандсан. Мөн хувь хүмүүс ч бас өөрсдийн санаачлагаар энэ төслийг дэмжин ажилласан.
- Баринтагийг өөрсдөө урлах боломжгүй ч төсөлд оролцох саналтай буян санасан иргэд, ААН-үүдийг хэрхэн зохицуулсан бэ?
- Төслийн хүрээнд нийт 5 мянга гаруй баринтаг цугларсанаас 3 мянга гаруй баринтагийг урлуулах ажлыг бид холбон зуучилсан. Ингэхдээ гэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг ээжүүдийн оёдлын цехээр оёулсан байгаа. Нэг баринтагийн нийт гарах өртөгийг 5500 төгрөгөөр үнэлж, үүндээ оёдлын хөлс болох 300 төгрөгийг мөн суулгаж өгсөн байгаа. Төслийн хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нарт нийтдээ 5 сая гаруй төгрөгний баринтаг оёх ажил олж өгсөн. Хэн хэндээ тус болж, буян үйлдэж буй хэрэг юм. Гэхдээ өөрсдөө урласан хувь хүмүүс, ААН-үүд нэгжүүд ч байна. Тухайлбал, хүүхдийн өлгий, тоодон дээл зэрэг нэрийн бүтээгдэхүүнтэй “Бумбын Улаан Хонгор” компанийн “Хүү төрлөө..,”Үндэсний брэнд л гэхэд өөрсдөө баринтагаа урлаад нийлүүлсэн байгаа.
- “Номын баринтаг” төсөлд хамгийн идэвхтэй оролцсон төрийн байгууллага?
- Нийслэлийн 67 дугаар сургууль төслийн хүрээнд нийт 1452 баринтаг урлаж, Үндэсний номын санд хүргүүлсэн. Сургуулийн хүүхдүүдийг энэ төслийн үйл ажиллагаанд татан оролцуулснаар тэдний ном судрыг хайрлах сэтгэл нь бөхжиж, Үндэсний өв уламжлалаа илүү хайрлаж эхэлж байгаа нь ажиглагдсан. Төсөл энэ хүрээд зогсчихгүй. Цаашид үргэлжилж, 35 мянган судрын баринтагийг бүрэн шинэчлэх хүртлээ ажлаа явуулна гэж төслийн багийнхан тооцсон байгаа.
Л.Удвал: “Хүү төрлөө..,”Үндэсний брэнд төслийг дэмжин ажилласандаа баяртай байна
/“Бумбын Улаан Хонгор” компанийн “Хүү төрлөө..,”Үндэсний брэндийн технологич/
- Манай “Хүү төрлөө..,” брэнд төсөлд хамтран оролцох уриалгыг дэмжин ажиллаж, нийтдээ 108 баринтаг Үндэсний номын санд нийлүүлсэн байгаа.
Манай брэнд Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанрыг өрх гэрийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх зорилт тавин ажилладаг.
Тиймээс Үндэсний өв уламжлалын үнэт өвийг өвлүүлэн хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй “Номын баринтаг” төслийг дэмжин ажилласандаа баяртай байна.
Т.Баярлах: Баринтагийг торго, малын арьс, мод тэргүүтнээр урладаг уламжлалтай
/Үндэсний номын сангийн Төвд номын фондын ажилтан/
- Баринтаг гэх үгийн ойлголтын тухайд?
- Монголчууд ном, судраа эртнээс нааш оройдоо залан, хүндэтгэсээр ирсэн. Тэр дундаа сударчилсан хэлбэрээр өнөө үед өвлүүлэн үлдээсэн гэдэг утгаараа баринтаг гэх үг Монголчуудын дунд түгээмэл хэрэглэгдсээр ирсэн. Баринтагийг торго, дурданаар хийхээс гадна малын арьс, мод тэргүүтнээр урладаг уламжлал бий. хавтаслан нандигнадаг. Хүүхдийн дээл барина гэдэг үг бий. Үүний нэгэн адил номын хувцас гэж нэрлэж ч болно.
- Одоогоор хичнээн судрын баринтаг шинэчлэх шаардлагатай байгаа бэ?
- “Номын баринтаг” төслийг эхлэхээс өмнө буян санасан хувь хүмүүс манайд хандаж, баринтаг хийж өгдөг байсан. Нийтдээ 3 мянга гаруй баринтагаа сайн санаат хүмүүсийн буянаар шинэчилсэн. Сая төслийн хүрээнд 5 мянга гаруй баринтаг шинэчлэгдлээ. Тэгэхээр бид 20 мянга гаруй судрын баринтагийг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
- Баринтагийг шинэчлэхдээ хуучин баринтагийг нь хэрхдэг бэ?
- Хуучин баринтагууд өөрөө соёлын өвийн хэмжээнд үнэлэгдэх эд зүйл.Тухайн цаг үеийн гар урлалыг онцлогт төрхийг ч агуулсан байдаг. Нөгөө талаас он жилийн явцад тухайн судрынхаа эд эс нь болчихсон байдаг учраас шууд шинэ баринтагийг гадуур ороодог байгаа. Ер нь эртнээс нааш баринтаг шинэчлэхдээ хуучин баринтагийг нь хаядаггүй, гадуур нь шууд боодог байсан уламжлалтай юм билээ. Бид энэ дэг ёсыг дагаж байгаа гэдгээ хэлмээр байна.






