Автобусны жолооч бүсгүй

Автобусны жолооч эмэгтэйчүүд улсын хэмжээнд нэлээд хэд байдаг тухай урьд нь сонсож байсан ч эмэгтэй жолоочийн барьж яваа автобусанд суугаад түүнтэй ярилцаад явах юм гэж бодоогүй юм. Түүний нэрийг Дамдинсүрэнгийн Энхтөр гэдэг. Шаливхан биетэй энэ бүсгүйн сэтгэл зүрхэнд үнэхээр их зориг, итгэл, зүтгэл оршдог юм билээ.
Уг нь тэр үсчин мэргэжилтэй. Хүний дайтай амьдрахын тулд түүнд хийж үзээгүй ажил гэж бараг байхгүй. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байж түүнийхээ төлөө цаг үргэлж тэмцсэн болохоор тэр өнөөдөр аз жаргалтай байгаа. Анх 2004 онд жолооны курс төгсөөд урьдчилгаагүй лизенгийн зээлээр жижиг суудлын тэрэг авчээ. Зээлээ эргэн төлөх гэж өдөр шөнөгүй халтууранд явсаар хувьдаа унах унаатай ч болж.
Орох оронтой, унах унаатай болсон ч түүнд нэг л зүйл дутуу хэвээр... Энхтөр эгч өнгөрсөн амьдралаа ярьж суухдаа “Шонгийн мод бүрийг хүн болгож хараад ганцаараа жолоо бариад явах үнэхээр хэцүү юм билээ. Хүнд ажлын хамт олон шиг хэрэгтэй зүйл байдаггүй. Би өнөөдрийг хүртэл “Тэнүүн–Огоо” компанийхаа захирал, багш, хамт олондоо баярлаж явдаг юм хэмээн ярьсан юм.
Энхтөр эгч автобусны жолооч болоод удаагүй ажлаа хүлээж аваад анхны гараандаа гарч байсан өдөр нь би тааралдсан юм. Дулаахан байх гэмээр зузаан хар куртик, өмд, зузаан ултай үстэй гутал өмссөн түүнийг араас нь харсан зорчигчид лав бүсгүй хүн байна даа гэж огт бодохгүй. Харин том рулин дээр байгаа турхан цагаан гарыг нь анзаарч харсан хүн л “Өө энэ чинь эмэгтэй жолооч байна шүү дээ” гэж бахархан харах нь лавтай.
Ингээд түүнтэй хэсэгхэн хором ярилцсан ярилцлагаа сайтынхаа уншигчидад хүргэе.
-Та анх яагаад автобусны жолооч болохоор шийдсэн бэ?
-Би том тэрэг барих юмсан гэсэн чин хүсэлтэй байсан. Тэгээд жолооч болох хүсэлтээ хэлж энэ компани дээрээ очоод кондуктороор ажилд орсон. Кондуктор хийж автобусны жолооч хүн юун дээрээ анхаарах ёстой вэ гэдэг талаар илүү их ойлголттой болсон. Явж байгаад шугамнуудаа мэдэж авсан. Хүнээ ингэж ачмаар юм байна, энэ буудал дээр жаахан сууж, тэр буудал дээрээс арай хурдан хөдөлмөөр юм байна гээд л. Ингээд 6 сар гаран кондуктор хийж байтал хувь заяа маань шал өөр тийш эргэсэн дээ.
-Яаж тэр вэ?
- Нэг өдөр дарга маань дуудаад “Бригадын дарга хий” гэсэн юм. Би “даргаа чадахгүй, удирдах ажил хийж үзээгүй” гэж хэлсэн. Хийж байх үедээ ч шантарсан. Харин захирал маань надад чи чадна, чадах ёстой гэсэн итгэл өгч, дэмжиж байсан болохоор би дөчин кондуктор хариуцаад бригад ахлаад ажиллалаа. Гурван сар гаран ажиллаж байгаад дарга дээрээ ороод “одоо би жолоочоо хиймээр байна” гэж хэлсэн. Өвлийн энэ гулгаатай үед л сайн явж сурахгүй бол ирэх жил дахиад л өвөл болно гэж бодсон юм. Дарга ч зөвшөөрсөн. Ер нь манай удирдлага эмэгтэй жолооч нарыг их дэмждэг. Надаас гадна дөрвөн эмэгтэй жолооч манай баазад байдаг. Захирал маань “эрэгтэй жолооч нарын хэцүү гэж халаглаад байдаг ажлыг хийж чаднаа гээд ороод ирсэн эмэгтэйчүүдээ чадлынхаа хэрээр дэмжинэ” гэдгээ олны олон дотор хэлж байсан юм. Тийм ч учраас би хамт олныхоо дэмжлэгээр өнөөдөр хүссэн ажлаа хийгээд явж байна даа.
- Өмнө нь та жижиг тэрэг бариад олон жил болсон гэсэн. Том автобус барина гэхээр хэцүү байгаагүй юу?
-Хүний нэг сонирхолтой юм гэж байдаг даа. Сэтгэлд зориг байхад бүх зүйл сайхан болдог. Би үнэхээр их хичээсэн, хүссэн. Нийтийн тээврийн автобусаны жолоочоор орохоосоо өмнө хот хооронд ээлжийн жолооч хийж байсан л даа. Мэдээж буудал болгон дээр зогсоод байхгүй болохоор арай өөр л дөө. Ер нь жолооч, тэр дундаа автобусны жолооч олон хүний амь насыг хариуцаж ажилладаг. Хоёр хажуугийн тольтойгоо харьцаагүй ганцхан секунд л асар их хохиролыг дагуулдаг. Тийм болохоор алдаа гаргах эрхгүй.
-Харахад овор ихтэй болохоор ч тэр үү, руль, араа гээд эд анги болгон нь хүнд, хатуу юм шиг санагддаг?
-Овор ихтэй, том болохоос биш яг л жижиг тэрэг шиг хөнгөн, зөөлөн. Хамгийн гол нь зайгаа сайн мэдэрч, хойд хэсэгээ зөв тооцоолох хэрэгтэй. Тэгээд мэдээж толь. Тольтой байнга харьцах шаардлагатай. Манай багш надад тоглоом шоглоомоор сануулж байсан юм. Автобусны жолооч хүн хоёр талын толь руугаа ээлжлэн харсаар байгаад толгой нь хоёр тийшээ “савладаг” зуршилтай болчихдог юм шүү гэж. Нээрэн л тийм юм билээ.
-Манай зам их хэцүү, дээр нь нэг чиглэлд өөр компаний олон автобус давхцан явдаг. Энэ болгонд бухимдах үе гардаг уу?
-Гайгүй ээ, Өвөлдөө бол гулгаа л жаахан хэцүү дээ. Хөдөлгөөн ихтэй үед жижиг тэрэгнүүд урдуур огцом дарж ордог. Энэ нь автобус дотор яваа зорчигчидод хүнд тусна. Учир нь автобус хоосондоо 10 тонн жинтэй. Дээр нь хүн нэмэгдэхээр даац нь хүндрэх нь тодорхой. Огцом тооромзлоход энерцээрээ урагш түлхдэг. Тийм болохоор бүх жолооч нар дүрмээрээ явж, хөдөлгөөнд соёлтой оролцвол асуудал бага гарна гэж боддог.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Ажилдаа амжилт гаргаж аварга, осолгүй манлай, онц тээвэрчин гээд л жолооч хүний авч болох бүхий л шагналыг авмаар байна. Тэгээд илүү том хүчтэй тэрэг бариад явахсан гэж боддог доо.
За баярлалаа таны алтан шар зам өлзийтэй байг!
Miranza. A





