Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье

Манай монголчууд эртнээс хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сайхан уламжлалтай. Цаг төр өөрчлөгдөхийн хэрээр монгол ёс заншил алдагдах болсон нь нууц биш. Иймд залуу эцэг, эхчүүдэд зориулан монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх заншлыг уламжлъя. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас энд заримыг дурдлаа.

1. Зан төлөв, харилцаа
• Худал хэлдэггүй 
• Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй 
• Ахмад хүний дээд талд суудаггүй
• Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй
• Хүний өмнүүр орж ярьдаггүй 
• Зочны өмнүүр гүйдэггүй 
• Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй
• Хүний толгой, малгайд хүрдэггүй 
• Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй
• Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй

2. Эмх цэгц
• Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)
• Цүнхний амыг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)
• Авдрын тагийг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтнэ)

3. Хооллолт
• Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ)
• Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй)
• Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна)
• Буруу харж сууж хоол иддэггүй
• Цагаан будаа асгадаггүй (өрөнд орно)

4. Эрүүл ахуй
• Хуруугаа хөхдөггүй (ээж нь үхнэ)
• Самандаа сэвээ үлдээдэггүй (ажил бүтэхгүй)
• Зуухны үүдэнд хогтой хонодоггүй

 • Үснийхээ үзүүрийг амандаа хийдэггүй (эмэгтэй хүн зовно)
• Орой усанд явдаггүй
• Эмэгтэй хүн завилж суудаггүй
• Хөлийнхөө улыг нийлүүлдэггүй (муудалцана)
• Амаараа тургидаггүй (бороо орно)

5. Эд юмстай харьцах 
• Босгон дээр гишгэдэггүй (гарз дуудна)
• Хаалга савдаггүй (муу ёр)
• Хаалга алдалдаггүй (олзны үүдийг хаана)
• Тотгоноос зүүгддэггүй 
• Хана дөрөөлдөггүй (муу ёр зөгнөнө)
• Багана түшдэггүй (баганы зовлонг үүрнэ)
• Давс асгадаггүй (гай тохиолдоно)

• Аягыг хооронд нь харшуулдаггүй (хэрүүл ирнэ)

 • Ширээн дээр суудаггүй (өрөнд орно)
• Угаасан хувцасаа гадаа хонуулдаггүй (муу юм шүгэлнэ)
• Энгэрээ зуудаггүй (ээж нь үхнэ)
• Малгайгаа буруу харуулж өмсдөггүй (нас барсан хүн дээр ингэж орно)
• Уурган дээгүүр гишгэдэггүй

6. Осол гэмтлээс сэргийлэх
• Хайчны ам ангайлгаж тавьдаггүй (гарз гарна)
• Бороо ороход хаалга голлож суудаггүй (аянганд цохиулна)
• Тулга тойрч гүйж, харайдаггүй 
• Харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумс авдаггүй
• Галаар тоглодоггүй 
• Хутга мэсний ирийг дээш нь харуулж тавьдаггүй 
• Хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулдаггүй
• Унинаас зүүгддэггүй 
• Чихээ төмрөөр ухдаггүй (буян барагдана)

7. Байгальтай харьцах
• Амьтан, хорхой шавьж алдаггүй (нүгэл болно)
• Газар шороо хөндөж сүйтгэдэггүй (эзэн савдаг хилэгнэнэ)
• Усанд өнгөтэй юм /сүү цагаа, цус/ оруулдаггүй (бохирдоно)
• Галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийдэггүй (гал бохирдоно)
• Гал руу сонгины хальс хийдэггүй (малын нүд өвдөнө)
• Булгийн эхэн дээр гэрээ барьдаггүй (лус хилэгнэнэ)

8. Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:
Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно
Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго
Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
Хов зөөх, илүү үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга
Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

Эх сурвалж: hunnu.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.