Бүх цаг үеийн шилдэг загвар өмсөгчид (цуврал)


Бид бүх цаг үеийн шилдэг загвар өмсөгчдийг цувралаар хүргэхээр зэхээд байна. Цаг хугацааны тооллоор хамгийн анхлан түүхэнд мөнхөрч үлдсэн хатагтайг танилцуулъя.


Нэг. Dorian Leigh Parker


Dorian Leigh Parker 1917 оны 4 сарын 23-нд төржээ. Америкийн модель тэрээр загварын хөгжлийн эхэн үеийн гол нүүр царай болж байсан эмэгтэйчүүдийн нэг. Dorian хамгийн анхны Супер модельд зүй ёсоор тооцогддог бөгөөд АНУ, Европын орнуудад илүү ихээр танигдсан юм.


Намтар

Dorian дунд сургуульд толгой сайтай байсан учир 15-тайдаа ахлах сургуулиа төгсчээ. Удалгүй Randolph-Macon College-д элсэн оржээ. Энэ коллежид Marshall Powell Hawkins-тай танилцсан байна. Тухайн үед Dorian 16 настай харин Hawkins 25-тай байсан. Жилийн дараа Dorian, Hawkins хоёр Хойд Каролина-д нууцхан гэрлэж улмаар хоёр хүүхэдтэй болсон ч удаан амьдарч чадалгүй салсан юм.

Салсныхаа дараа Dorian Manhattan-ы их дэлгүүрт бичиг хэргийн бүртгэгчээр ажиллаж байжээ. Тэр хугацаандаа өөрийгөө математик, механик инженер болон шугам зурагт сонирхолтой болохоо мэдэж Rutgers-ийн их сургуулийн оройн ангид суралцаж Механик Инженерийн мэргэжил эзэмшжээ. Энэ мэргэжил нь 1940-өөд оны эхэн үед ганц бие, залуу ээжийн хувьд маш ховор үзэгдэл байлаа.

Dorian сургуулиа төгсөөд Дэлхийн II дайны үед Eastern Air Lines-д тоног төхөөрөмжийн дизайнераар ажилд оржээ. Тэрээр онгоцны далавчны загвар гаргахад оролцсон бөгөөд цалин нь анх цагийн 65 цент байснаа сүүлд 1 доллар болж нэмэгдсэн ч эмэгтэй хүн учраас урамшуулал олгодоггүй байв. Тиймээс энэ ажлаасаа гарч Republic Pictures-д зар сурталчилгааны материал зохиогчийн ажилд дагалдангаар оржээ. 1944 онд түүнийг анх загвар өмсөгчийн ажлыг туршиж үзэхийг санал болгосон Хатагтай Wayburn-тэй танилцсан байна.


Загвар өмсөгчийн карьер


Хатагтай Wayburn-ы зөвлөгөөг даган Dorian хэд хэдэн мэргэжлийн зураг даруулан Harry Conover-ын загварын агентлаг дээр очжээ. Dorian тэнд байсан моделиудаас бага зэрэг эгчмэд бас нуруугаар намхан байлаа. Conover түүнтэй уулзаад “Harper"s Bazaar” сэтгүүлийн редактор Diana Vreeland руу явуулсан байна.


Dorian тэнд Vreeland болон зурагчин Louise Dahl-Wolfe-тэй уулзжээ. Түүний гурвалжин хөмсөг зурагчны сонирхлыг ихэд татсан байна. Vreeland түүнийг 1944 оны Harper"s Bazaar-ын эхний нүүрт зургаа авахуулахыг хүссэн бөгөөд "Хөмсгөө яасан ч оролдож өөрчилж болохгүй шүү!" хэмээн анхааруулжээ. Энэ нь моделийн хувьд хамгийн анхны ажил байлаа. Хүмүүс түүнийг 19 эсвэл 20 настай гэж боддог байсан ба жинхэнэ насыг нь, мөн хоёр хүүхэдтэйг нь хожим мэдээд мэл гайхсан гэдэг.

Dorian модель болсноосоо хойш маш завгүй болж хоёр хүүхдээ Флорида дахь эцэг эх рүүгээ явуулсан юм. Тэрээр "Vogue" "Harper"s Bazaar" "Paris Match" "LIFE" болон "Elle" зэрэг томоохон хэмжээний сэтгүүлүүдийн нүүрэн дээр зургаа авахуулж, хамтран ажиллаж байсан. 1946 он гэхэд л Dorian “American Vogue” сэтгүүлийн нүүрэн дээр зургаан удаа гарчихсан байлаа. Түүнчлэн тэрээр загварын алдартай зурагчид болох Irving Penn, John Rawlings, Cecil Beaton, болон Paul Radkai-тай хамтран ажиллах болжээ.

Revlon компани бол Dorian-ыг хамгийн их нэрд гарсан сурталчилгааны ажлуудын нэг юм. Revlon нь бүтэн нүүр өнгөт сурталчилгааг 1944 онд гаргаж байжээ. 1952 онд түүнийг 35 настай байхад Richard Avedon Revlon-ы хамгийн алдартай сурталчилгаа болох “Fire and Ice”-г авчээ.

Энэ сурталчилгаан дээр Dorian бие барьсан, мөнгөн чимэглэлтэй маш урт даашинз өмссөн байлаа. Энэ даашинзны чимэглэлийг нэг бүрчлэн гараар хийж байсан учир даашинзыг урлаж дуустал маш удах байлаа. Ийнхүү даашинзыг дуусгалгүйгээр зураг авалтаа эхлүүлжээ. Даашинзны урд хэсэг бэлэн болсон байсан бөгөөд арын хэсгийг сүлбээр зүүгээр тогтоож зургаа авчээ. Уг сурталчилгаа нь үнэхээр амжилттай болж "Оны шилдэг сурталчилгааны зураг" шагналыг хүртсэн юм.

Harry Conover-ын агентлагт ажилладаг байхдаа Dorian цалин хөлсөө цаг тухайд нь авч чаддаггүй байлаа. Учир нь Conover-ын утас үргэлж завгүй байдаг байсан тул үйлчлүүлэгчид модельд төлбөрийг нь хугацаандаа төлж чаддаггүй байв. Тиймээс Dorian "Fashion Bureau" нэртэй хувийн загварын агентлаг нээжээ. Энэ агентлагийн гол онцлог нь моделиудын хөлсийг долоо хоног бүр олгодогт байлаа. Гэсэн хэдий ч нөхөрт гарах үедээ агентлагаа хааж, Нью-Йорк болон Парист загвар өмсөх болсон байна.

1952 онд Dorian "The Fifth Season" (Тав дахь улирал) жүжгийн моделийн дүрд тогложээ. “Look” сэтгүүлийн 1953 оны 6-р сарын 2-ны дугаарын нүүрэн дээр модель, ээж, жүжигчин мэргэжилтэй Dorian-ыг илэрхийлсэн гэрэл зураг тавигдсан юм. Үүнээс хойш тэрээр 50-иас илүү сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна. “Look” сэтгүүлийн нүүрэн дээр түүний "Би булган пальтотой байснаас хүүхэдтэй байхыг илүүд үздэг" гэсэн ишлэлийг нийтэлсэн байжээ.

Францад тэрээр хүү Кимтэйгээ амьдарч байхдаа хэдийнэ 40 нас хүрсэн байлаа. Үүгий сацуу түүний моделийн карьер дуусах дөхөж байсан тул анхны хууль ёсны моделийн агентлагийг Францад нээн ажиллуулж эхэлжээ. Xарин гэрлэснийхээ дараа уг агентлагаа хаасан байна. 1973 онд Францын Le Cordon Bleu-д (францын хоолны сургууль) сурч анхны “Chez Dorian” ресторанаа нээсэн ч 1975 онд мөн л хаагджээ. 1977 онд Dorian-д Нью-Йоркоос Stewart Cowley Хотын загварын агентлагт оффис менежерээр ажиллах хүсэлт тавьжээ. Энэ саналыг Dorian хүлээж авсан байна.

          

1980 онд тэрээр өөрийн намтараа хэвлүүллээ. “The Girl Who Had Everything” буюу “Дутуу юмгүй охин” нэртэй намтраа өөрийн хамгийн бага хүүдээ зориулжээ. Dorian: "Би үүнийг хэзээ ч уншиж чадахгүй хүү Кимдээ зориулж бичсэн. Гэхдээ магадгүй үүнийг өөр хэн нэгэн унших байх, тэгээд миний азгүй туршлагаас суралцана гэж найдаж байна" гэжээ. Dorian-ыг Нью-Йоркт хүүтэйгээ хамт суурьшаад дөнгөж зургаан сар болсны дараа хүү Ким нь зурвас үлдээгээд 33 давхарт орших гэрийнхээ цонхноос үсэрч амиа хорлосон юм.

Dorian сүмийн асрамжийн газарт амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлж байгаад 2008 онд 91 насандаа өөд болжээ. Өнгөрөхөөсөө өмнө ой санамжаа алдах өвчнөөр өвдсөн байв. Dorian-ы оршуулгын ёслол дээр түүний ууган хүү T.L.Hawkins ээжийнхээ хамгийн алдартай зураг авалт болох "Fire and Ice"- ыг дурсан гашуудсан байдаг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.