Сэтгэл хөдлөлөө барих уу эсвэл илэрхийлэх үү?

 

 

Өдөрт хүнд дундажаар давтагдсан байдлаараа 20 гаруй сэтгэлийн хөдөлгөөн илэрдэг. Үүнийг ерөнхий утгаар нь таатай, тайван байх мэдрэмжүүд үүсч байвал эерэг сэтгэлийн хөдөлгөөн, таагүй, аюултай мэдрэмжүүд үүсэхийг сөрөг сэтгэлийн хөдөлгөөн гэж нэрлэдэг.

Сэтгэл хөдлөл нь нэг талаар бидний доторх сэтгэл санааны гадаад илрэл хэмээн хэлж болох ч, нөгөө талаар тэр бүр хүссэн шиг маань илэрдэггүйг та бид сайн мэднэ. Иймд хүний сэтгэл хөдлөлийн төрөл маш олон янз байдаг. Тиймээс тэдгээрийг яг хүссэн шигээ, эсвэл маш хэрэгтэйгээр /ашигтайгаар/ илэрхийлж сурах нь орчин цагийн “стрeсстэй, завгүй, заримдаа галзуурсан гэж хэлж болмоор энэхүү эрин зуунд” чухал болоод байгаа юм. Учир нь хүн ам илүү шигүү суурьшиж, суурин соёл дэлгэрэхэд хүн хоорондын харилцаа нягтаршихад, ялангуяа манайх шиг төдийлөн олноороо ажиллаж, амьдарч дасаагүй хот суурингийн хүмүүст амаргүй болдог.

Олон хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн төрөлхийн шинжтэй байдаг уу гэж асуудаг. Ингэж асуух нь ч аргагүй юм. Учир нь зарим хүмүүс багаасаа сэтгэлийн хөдөлгөөнөө байнга ил гаргаж, харин зарим нь сэтгэл дотор нь юу болж байгааг нь тааварлахын аргагүй байдаг. Сэтгэл хөдлөлийн байдал хүний төрөлхийн зан араншингаас үүдэлтэй байх хэдий ч түүнийг удирдах, хянах, зохицуулах чадвар нь тухайн хүний өссөн орчны нөлөө, хүмүүжил, соёл, боловсрол, амьдралын туршлагаас түлхүү хамаардаг.

Юун түрүүнд онцлоход та бидний сэтгэл хөдлөл бидний доторх “БИ”-тэй салшгүй холбоотой. Тэрхүү “Би” нь өөрийн хүсэл сонирхол, хэрэгцээнээс өөр зүйлд санаа зовдоггүй, шунамхай, хувиа хичээсэн бидний дотоод чанар гэж хэлж болно. “Би”-гийн энэхүү сул талыг ямар ч хэлбэрийн доромжлол, гүтгэлэг, харилцааны зөрчил хөдөлгөж орхидог бөгөөд тэр биднийг эзэмдвэл – уур уцаар болон гарч ирдэг.  Сэтгэл судлаачид хүмүүст уур уцаараа дотроо хуримтлуулахгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ энэ зөвлөмжийг хэт шууд утгаар нь хүлээж авах нь аюултай ч байж мэдэх тул нухацтай хандахыг танд зөвлөх байна. Жишээ нь, та яг одоо ажиллаж, амьдарч байгаа орчиндоо шуудхан уураа гаргаж байна гэж төсөөл. Ямар айхтар үр дүн гарахыг та бараг л төсөөлж байгаа байх.

Дараагийн та бидний байнга санаж байх хэрэгтэй зүйл бол “асуудлын гол нь надад биш” гэдгийг ойлгох. Үүнийг илүү ойлгомжтой болгох үүднээс нэгэн тохиолдлыг танд толилуулъя.

Нэгэн үйлчлүүлэгч маань ирээд, түүнд сэтгэл санааны хувьд ямар хэцүү байгаа, цаашид яах аргаа бүр олохоо байлаа гэж ярив. Юу болсныг нь тодруулбал, саяхан гэр бүлтэй болсон тэрээр гэрт нь засвар хийж байх хугацаанд жирэмсэн эхнэртэйгээ ээжийндээ амьдрахаас өөр аргагүй болсоноо ярив. Гэтэл бараг л хамт амьдрах болсон эхний өдрөөс бэр, ээж хоёрын дунд харилцааны зөрчил үүсч одоо хөгшин залуу хоёр эмэгтэйн хоорондох дайны дунд амьдарч байгаа мэт болсон байв. Эхнэр нь ээжид нь талархаж гэртээ аль байдгаараа байлгаж байгаад талархахын оронд жижиг ч бай бүх асуудалд хадам ээждээ гомдоллох болсон бөгөөд хэдийгээр хадам ээж нь эрвийх дэрвийхээрээ хөдөлж сэтгэлд нь нийцүүлэх гэж бүгдийг хийсэн ч одоо цөхрөнгөө барсан байжээ. Ээж нь ч тэсэхээ байж уур бухимдлаа ил тод гаргаж, харилцаа бүр ч ихээр хурцдав. Энэ бүхнийг сонсоод хүүгийн ээжийг надтай уулзахыг зөвлөж, цаг товлон уулзсаны дараа хадам ээж өөрт нь гол асуудал байхгүйг ойлгосон юм. Чухамдаа хадам ээжийгээ гомдоох огтхон ч зорилгогүйгээр өөрт тааламжгүй байгаа байдлаа илэрхийлдэг байсныг хадам ээж өөртөө хэт тусган авдаг байжээ.

Та бүхэн бодоод үз л дээ: Залуухан бүсгүй, анх удаа биe давхар, түүний хувьд дасаагүй өөр айлд, өөр орчинд ирээд ямар сайн байхав. Товчхондоо ханиасаа /нөхөр/ өөр хэнийг ч танихгүй, шинэ  айлд анх ирээд хадам аав, ээж гээд л бүх хүн яаж хүлээж авч, хандаж байсныг нь хадам ээжид дахин сануулахад илүү ихээр ойлгож хүлээн авсан. Иймд бэрийнхээ нүдээр эргэн тойрныг нь харж, товчхондоо “өрөвдөх хэрэгтэйг” хэлэв. Сарын дараа тэр эмэгтэйтэй уулзахад бүх зүйл сайхан болсон тухайгаа хэлсэн юм. Тэрээр асуудалд өөр байдлаар хандаж, өөрийнхөө “Би”-г ялан дийлж гэр оронд нь энх тайван тогтсон гээд эцэст нь “асуудлын гол нь надад биш байжээ” гэж хэлсэн юм.

Маш олон хүн үнэнээсээ хандахыг биeэ барихгүй байхтай андуурдаг. Өөрөөр хэлбэл, та шударга хүн гэдгээ харуулж, үнэнийг нүүрэн дээр нь хэлж байгаа нь гээд цагаа олоогүй үг болон үйлдлийг бүү хийгээрэй.

Биeэ барьж чадахгүй байх нь шидэхэд буцаад нисээд ирдэг бумeранг л гэсэн үг. Уурандаа биeэ барилгүй хүний үгийг таслах, өөрийгөө өмөөрөх, хамгаалах, тайлбар хийх бидний оролдлогууд ярилцаж буй хүнийхээ ярианы агуулгыг анзаарахгүй, заримдаа энгийн зүйлийг ч ойлгохгүй, өөрийнхөө юу ярьж байгааг ч анзаарахгүй болгож орхидог. Ийм харилцааны дараа ихэнхдээ хүн өөрийн хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ харамсаж, заримдаа өөрийгөө үзэн ядаж, бүр насан туршдаа харамсах байдалд ч хүргэдэг. Хэн нэгэнд уураа зохисгүй гаргачихаад харин дараа нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж чадвал сайн хэрэг. Та өөрийгөө ч уучилна гэсэн үг. Эс бөгөөс танаас хүмүүс зай барьж, харилцахаа байж, магадгүй ганцаардлын хамгийн хэцүү зовлонд ч унаж мэдэх билээ. Иймд бид өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлийг хянаж, харилцаж буй хүнийхээ үнэн хэрэг дээрээ бидэнд юу ойлгуулах гээд байгааг мэдэж авахыг эрмэлзэх хэрэгтэй.

Сөрөг сэтгэл хөдлөл, тэр дундаа уураа хянаж, зоцицуулах энгийн аргуудаас онцловол:

- Биe махбодийн идэвхтэй хөдөлгөөнтэй бай: Спорт, дасгалаар хичээллэх /фитнeс, бодибилдинг/, зорилготойгоор биeийн хүчний ажил хийгээд үзэх.

- Сэтгэл зүйн хувьд идэвхтэй, санаачлагатай бай: Бусадтай үзэл бодлоо хуваалцаж, бусдын сэтгэгдэл, мэдрэмжийг сонсож, чадахаасаа чадахгүй хүртэлээ аливааг шинээр санаачилж, өөртөө болон бусдад аз жаргалыг бэлэглэ.

- Урлагийн мэдрэмжээ хөгжүүл: Дуртай хөгжмөө сонсох, зураг зурах, эсвэл сонирхолтой ном унших.

Б. Үүрцайх


 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.