Франц оронд анх зорчсон минь (2-хэсэг)
Франц оронд анх зорчсон минь (үргэлжлэл)
Мэргэжилтэн багш маань биднийг гадаадын оюутан хариуцдаг байгууллагад хүргэн өгч удахгүй уулзахын ерөөл талбин одлоо. Бид хэд Парис хотод 2 хонож, Эйфелийн цамхаг, Парисын Мари Эхийн сүм гээд жуулчдын хамгийн их үзэх дуртай дурсгалт газраар хөлний улаа эргэтэл явсан юмдаг.
Парис хотод 5-н галт тэрэгний буудал байх ба бүх тээврийн хэрэгсэлтэйгээ холбогдсон байдаг. Яаж ингэж бүгдийг нэг дороос холбон, цаг минутаар ирэх, явах цагийг нь тооцон үйлчилдэг байнаа гэж би өнөөг хүртэл гайхан боддог юм. Францчуудын инженерийн сэтгэлгээ их мундаг, дэлхийд гайхагдсан байдаг.
Бидний хэдэн оюутан цаашаа Францын нутгийн гүнд байх Виши хотын КАВИЛАМ гэх хэлний төвд суралцахаар хурдан галт тэргээр явав. Францын хурдан галт тэрэг дэлхийд алдартай, 400 гаруй км газрыг 1 цаг хагас л туулж байгаа юм. Тэгэхээр цагт 200 гаруй км хурдалдаг бололтой. Галт тэрэгний цонхоор Францын хөдөө нутгийг тольдон харах ямар сайхан гээч. Франц үнэхээр хөдөө аж ахуй нь өндөр хөгжсөн орон юм. Замбараатай барьсан хувийн байшин, эрдэнэ шиш, буудай, чихрийн манжин, үр тариа, усан үзмийн гээд ангилсан талбайнууд, үхрийн, хонины ферм, нарны болон салхины зай хураагуур, нам тайван дөлгөөн амьдрал гээд үнэхээр диваажин. Бүхий л талбай нь эзэнтэй харагдах агаад хувийн аж ахуйгаа зөв арга барилаар хөгжүүлсэн орны хөгжил нүдэнд ил.
Биднийг нэгэн франц эмэгтэй хүлээн авч байранд маань хүргэж ирлээ. Манай байр XVIII зууны үед гэлэнмаа нарын амьдарч байсан газар гэнэ. Тэгэхээр тухайн үеийн уламжлалыг хадгалан зөвхөн эмэгтэй хүнийг л байлгадаг гэсэн. Тэнд дан эмэгтэй хүн байх тул бид их дассан байлаа. Нэг өдөр хичээлээс иртэл нэг эрэгтэй хүн манай байрны нэг давхарт зогсож байсан чинь бид бүүр гайхан “Энэ юун хүн бэ?” гэж бүгд дуу алдтал “Засварчин дуудсан. Заалны гэрэл шатсан тул сольж байгаа юм” гэж бидэнд байрны дарга хэлэхэд нь бүгд нэг санаа амрав.
Бид нарыг нэг нэг өрөөнд байлгах ба өрөө маань тохилог, ор, хувцасны шүүгээ, хичээл давтах ширээтэй. Анх удаа ганцаар нэг өрөөнд удаан амьдрах болсон тул эхэндээ эл хуль оргиод эвгүй л байлаа. Нэгдүгээр давхарт нийтийн галт тогоотой, хүн бүр хоолоо хадгалах хөргөгч, аяга тавга, угаалгын машин гээд хүнд хэрэгцээтэй бүх зүйлийг тавьсан байна. Хүлээлгийн өрөөнд зурагттай, тэнд бүгдээрээ цуглан янз бүрийн сонирхолтой хөтөлбөр үзнэ. Олон үндэстний хүмүүс бүгд франц хэлээр л ярьж ойлголцоно. Анх удаа хар арьстай эмэгтэйг ойроос харж дуу алдлаа. Алганы дотор тал нь улаан, бусад арьс нь хар, ямар гэж хэлэхийн аргагүй үнэр ханхлах, өндөр тарган хүн байв. Тэдний хийсэн хоолыг харж гайхан оноож нэр өгч чадахгүй гайхана.
Виши хот Францын анхны бэхлэлт хотын нэг байсан ба дайны үед гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм. Байгалийн рашаан усны ундаргаараа алдартай энэ хотод ихэвчлэн ахмад хүмүүс байдаг болов уу гэмээр. Ганган ганган эмээ, өвөө нар нохой, муураа хөтлөн цэцэрлэгт гудамжинд салхилан симфони хөгжмийн амьд тоглолт үзээд, кофегоо уун, амтат зайрмагаа иднэ. Хот нь жижигхэн, нийтийн унаанд суухын шаардлагагүй явган яваад л зорьсон газраа хүрчихнэ. Нэг гүүр даваад өөр хот руу орчихсон байх жишээтэй. Өглөө эртлэн сургууль руу алхаж явахад үйлчилгээний газрын эзэд бүх хаалга, цонх шилээ нэг бүрчлэн угааж, заримдаа бүр гудамжны шалыг хүртэл цэвэрлэн, савандаж угаахтай нь таараад яасан цэвэрч хүмүүс вэ гэж боддог байв.
Манай сургалтын төв франц хэлийг олон жил зааж буй төв байсан ч анхны монгол оюутнууд нь бид нар байв. Биднээс хэлний шалгалт аван түвшин түвшингээр нь өөр өөр ангид хуваариллаа. Заасан ангид нь ортол 15 гаруй оюутан газар газраас ирсэн байв. Монгол гэсэн чинь хачин их сонирхон элдэв асуултаар булж орхилоо. Ямар ч байсан чадах чинээгээрээ тэдний асуултанд хариулан, нутгаасаа гаран 10 өдөр явж ирсэнээ ярин бүгдийг нь алмайруулсан юм. Өглөөдөө хэлний хичээл, үдээс хойш сонгон суралцах, дууны болон киноны танхимд орон бие дааж суралцана. Хааяа нэг ангийнхантайгаа нийлж оройн хоолонд орно.
Нэг мэдэхэд 7 сар дуусаж буцах хугацаа ойртсон байв. Бид нараас шалгалт аван үнэмлэх өглөө. Францууд 20 оноогоор дүгнэдэг юм байна. Би 20-оос 18 оноо авсан байв. Багш нар сайн байна гэж магтаж байсан, гэхдээ тэр үед би ач холбогдлыг нь нэг сайн ойлгоогүй л үнэмлэхээ авчихсан юм шиг санагддаг юм. Бидэнд 5000 мянга гаруй франц франк буюу 1000 гаруй долларын тэтгэлэг өгсөн юм. Тийм их мөнгө гартаа барьж үзээгүй миний хувьд яаж зарах тухайгаа ч мэдэж төсөөлж байгаа юмгүй л байв. Нүдэнд харагдсан юмаа л авч байсан байх.
Виши хотод очсоны дараа нутгаас аваачсан хоолоо идэхээ бараг мартсан байлаа. Бид чихэрлэг зүйл бага иддэг болохоор дэлгүүрээс элдэв жимс, тараг, алимны нухаш, шоколад аваад 10 аад хоног идсэн байжээ. Нэг өглөө хичээлдээ явах гэтэл толгой өвдөөд, халуураад босч чадахгүй байлаа. Хоолой өвдөж, ханиад хүрсэн болов уу гэтэл нэг л тийм гэх шинж тэмдэг үгүй, тэгээд бодож хэвтээд ойрын үед махан төрлийн халуун хоол идээгүйгээ саналаа. Хамт ирсэн Зулаад надад сүүтэй цай, борцтой шөл хийгээд өгөөч гээд нутгаасаа авч гарсан шар цай, борц, үлдсэн гоймонгоо өглөө. Найз маань ч тун удахгүй миний гуйсаныг биелүүлж цай, хоол бэлтгэж өглөө. Би халуун сүүтэй цай, борцтой шөлөө хөлсөө дуслуулан идэж уугаад нам унтжээ. Нэлээд хугацаанд нам унтсан бололтой, сэрэхэд нөгөө өвдөөд байсан маань ул мөргүй арилсан байлаа. Дассан сурсан нутаг, хоол унд гэдэг хаана ч тэр хэвээрээ байдаг юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгож байгаа минь тэр дээ.
Бид буцаж Парис хотод ирэхэд багш маань угтлаа. Хэлний түвшин эрс сайжирсан байна гэж багш маань баярлан дуу алдахад бид ч хэрэндээ урамшив. Энэ сайхан уянгалаг хэлийг улам цааш нь үргэлжлүүлэн сурч, соёл иргэншлийг нь улам гүнзгийрүүлэн судлах юмсан гэсэн өөдрөг үзлээр нутгийн зүг жолоо залж билээ.
Б.Алтангүл




