Тэднээс цэрвэх хэрэггүй

...Хүүхдийн эмнэлэгт нэлээд хэд хоносон болохоор тасгийнхаа ээжүүдийг хэдийн зүс таних болж. Эмнэлгийн кордоорт зогсож байхад хажуугийн өрөөнөөс хөл гар нь саажилттай жижигхэн биетэй эмэгтэй хааяа нэг гарч ОО орох харагдах боловч хэнтэй ч дуугарахгүй. Би “Хөөрхий минь, гар хөл нь өвдөөд хүүхдээ удаан тэвэрч чадахгүй болохоороо өрөөнөөсөө гардаггүй байх. Эргэлт ирж байгаа ч харагдахгүйг бодоход ганц бие юм бол уу? гэж таамгалахын зэрэгцээ  гараасаа хөтлөх хүүхэдтэйд нь  бас олзуурхан бодно.

Тарианы өрөөнд хүүгийнхээ тариаг хийлгэж зогстол өнөөх эмэгтэй алчууранд хүүхдээ боочихсон тариагаа хийлгэх гэж байгаа бололтой орж ирлээ.

Инээмсэглэн мэндлэхэд хариу инээмсэглэн толгой дохиод хүүхдийнхээ алчуурыг доошлуултал... “Ээ бурхан минь энэ хорвоо ямар хатуу юм бэ? Өнөө олзуурхаад байсан хүүхэд нь ээжээсээ ч илүү саажилттай, хоёр ойтой болов уу гэмээр охин байлаа. Бурхан хүнд ийм хатуу хандаж болно гэж үү ямар нүгэл хийсэн гэж ийм шийтгэл авдаг байна даа. Жирэмсэн байх хугацаанд нь ургийн гажгийг ийм хүмүүс дээр илүү их анхаарч, эрүүл хүүхэд төрүүлэх тал дээр туслах боломж байдаггүй  юм байх даа" хэмээн бодсоор хэд хоног өнгөрлөө.

Ойртон танилцаж, туслах санаатай өрөөний үүдээр эргэлдэвч, орох зориг хүрсэнгүй. Ийм хүмүүс их эмзэг сэтгэлтэй болохоор гомдоочих бол уу гэж бэргэсээр.

Нэг өдөр сувилагч “цаад палатандаа ороод тариагаа хийлгэ” гээд хэлчих гэлээ. Үүдийг нь зөөлөн нээж тариагаа хийлгэ гэж хэлэнгээ хоёр үг солих санаатай ортол өнөө саажилтай ээж байхгүй, эрүүл саруул нүдэнд дулаахан эмэгтэй хүүхдийг нь тэвэрчихсэн хөхөө хөхүүлж байлаа. Би гайхаж мэгдсэндээ “тариагаа хийлгэ гэнээ” гэж түгдрэн хэлээд бушуухан хаалгыг нь хаалаа. Эгч нь юм уу дүү нь хүүхдийн хөхүүлдэг юм байх даа... гэж бодсоор, тасагтаа орж сахиур ээжүүдэд харсан зүйлээ ярьтал “тэр чинь ээж нь, харин тэр саажилтай хүүхэн чинь хүүхдийг нь  хардаг асрагч нь шүү дээ” гэх нь тэр.

...Сувилагч нар саажилттай эмэгтэйг хүүхдээ ямар сайн хардаг болохыг ам уралдуулан магтаж яг л өөрийн хүүхэд шиг л асардаг тухай ярьлаа. Зовлон нэгтэй болохоороо ээжээс нь илүү тэр бяцхан хүүхдийг мэдэрдэг ч юм болов даа. Тийм ч учраас ээж нь асрагч сонгохдоо энэхүү сонголтыг хийсэн нь лавтай. Хүнд зовлон хэлж ирдэг биш дээ, энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байдаг эсэх талаар сонирхож судласан мэдээлэлээ тантай хуваалцъя. 

Манай улсад 1000 амьд төрөлтийн хоёр нь тархины саажилтай төрж байгаа гэнэ. Саяхан дэлхийн эрvvл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас vзэхэд сvvлийн 10 жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн аймшигтай тоо баримт гарсан.

Эхчүүд болон төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд орхигдсоноос тархины саажилттай хүүхэд төрүүлэх магадлал өндөр болсон. Хүүхэд төрсний дараа, төрөх үед, төрөхийн өмнөх үеийн аль нэгд нь тархины саажилт бий болдог.

Тухайлбал, төрсний дараа сэхээн амьдруулах арга хэмжээ авахад тархины цусан хангамж дутагдсан, төрөх үед бүтэлттэй гарсан бол саажилттай болж болно. Харин төрөхийн өмнө буюу эхийн хэвлийд байх үед 400-аад шалтгааны улмаас тархины саажилттай хүүхэд төрүүлэх магадлалтай байдаг байна.

Тухайлбал: агаарын бохирдол, бухимдал, стресс зэрэг гадны нөлөө болон эрүүл мэндийн байдал багтдаг. Энэ өвчнөөс вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлж болно.

Д. Анир

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.