Францчууд ба номын хэрэглээний соёл

 

            “Ном бол ертөнцийг харах цонх”, “номын цагаан буян” “бэлэг бэлгийн дээд ном”гэх мэт олон үг хэллэг бидний өдөр тутмын үгийн санд хэрэглэгддэг. Гэхдээ эдгээр үгийн ач холбогдол, агуулгыг өнөөгийн залуус нэг л сайн ойлгохгүй өнгөрч байна уу даа гэдэг эмзэглэл байнга төрдөг юм. Нэг үеийг бодоход номын дэлгүүрийн лангуу дүүрч, тоо ширхэг нь нэмэгдэж, өнгө үзэмж сайжирч буй хэдий ч номын агуулга, хүртээмж, уншигчийн тоо барууны хөгжилтэй орны энд хүрэх яагаа ч үгүй байна.

1990 оноос өмнөх Монгол улсад номыг хэвлэх, орчуулах төрийн бодлого хүчтэй, өнөөгийнх шиг мэдээллийн хэрэгслийн далайд живээгүй үед хүмүүс номтой үнэн утгаар нь нөхөрлөдөг байжээ гэж бодмоор. Бие биендээ дамжуулан ном уншиж, номын баатрыг нь даган дууриаж, тухайн номоор амьсгалдаг байсан үе ард хоцорчээ.

Аливаа ард түмний соёлыг номтой хэрхэн нөхөрлөж байгаагаар хэмжиж болох мэт санагддаг. Франц хэлтэй холбогдсон үеэс барууны орон руу зорчих боломж надад нээлттэй болсон юм. Франц руу нисэх онгоцонд суух үеэс л ном барьсан, уншсан хүнтэй алхам тутамд таарна. Тэд ямар л чөлөөт цаг гарна, боломжит үе таарна номоо л ширтээстэй. Аяллын цүнх, хармаа гээд ном хийчихмээр газар бүрт л нэгээс хоёр ном заавал авч явна. Хэдийгээр интернетийн эрин үе эхэлсэн гэж ярьдаг ч номгүйгээр Францчуудын амьдрал үнэхээр утгагүй мэт.

Францад том том номын дэлгүүр хаа сайгүй. Ороход хөл тавих зайгүй олон хүн бужигналдана. 1 давхраас эхлээд дээд давхар хүртлээ номыг өрж тавьсан байх агаад бүх төрөл зүйл, салбар ухаанаар нь ангилсан байна. Тэнд бүх насны хүмүүс хөлхөлдөх агаад залуучууд газар суучихсан нэг номыг өдөртөө уншиж дуусгах гээд яарч байна уу даа гэлтэй шимтэн уншиж сууна. Зөрөн өнгөрөх хэнийг ч анзаарахгүй бөгөөд номын ертөнцөөр ганцаар аялан сууж байгаа мэт санагддаг.

Нийтийн тээврээр тэр тусмаа метро, автобусан дотор ном, сонин бариагүй хүнгүй. Орчин нь тохилог, олон хүн зорчих хэдий ч аятайхан ойлголцоод зөрөөд өнгөрч чадах тул ном уншихад саад болох зүйлгүй. Манай автобус шиг хором тутамд ухас ухас хийхэд хөл гараа хугалахгүй шиг яваад буучих юмсан, зорчигч хөлөн дээр гишгээд, түлхээд гарах тул яаж мөргөлдөхгүй зөрчих бол гэж бодож явахад юун ном унших манатай. Тэгэхээр нийтийн тээвэр нь тав тухтай бол хол зайнд явдаг автобусанд завсар зайгаар нь хэдэн юм уншиж болмоор санагдаад байгаа юм.

Айл болгон мэргэжлийн, хүүхдийн, уран зохиолын гээд ангилсан сайхан номын сантай. Номоо төрөл зүйлээр нь ангилж, цэгцлэн ирсэн зочиндоо танилцуулан, номын тухай асуувал дуртаяа хэлж өгнө. Хүүхдийг багаас нь ном унших арга барилд суулган, уншиж сураагүй үед нь сонирхолтой үлгэр ярьж өгч унтуулан, номонд дасгасаар сүүлд эцэг эхийн оролцоогүй хүүхэд өөрөө сонирхон уншдаг болгодог. Гэр бүлээрээ хоол идэх үед номын баатрын тухай халуун яриа өрнүүлэн, гэр бүлийн гишүүн бүр санал бодлоо илэн далангүй хуваалцах нь хүүхдийн ном унших сонирхлыг өдөөхөөс гадна, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ярьж сурах дасгал болдог.

Сурвалжит гаралтай гэр бүл номыг үе залгамжлан үр хүүхэддээ уламжлан үлдээдэг. XVII, XVIII зууны үеийн зохиолчдын гарын үсэгтэй ховор номыг ихэд нандигнан хадгалах ба арьсаар бүрж бүр алтдуулсан нь ч байдаг. Манайхны торгоор баринтагласан шиг нандигнан хойч үедээ үлдээсэн байх юм.

Францад номыг уншигч түмэнд хүргэхэд хэвлэлийн газрууд маш их үүрэг гүйцэтгэнэ. Зохиолч аль нэг хэвлэлийн газартай гэрээ хийж чадсан бол номыг хэвлэх, худалдаалах асуудалд толгой өвтгөх асуудалгүй бүх зүйл баталгаатай боллоо гэсэн үг. Хэвлэх, тараах, уншигчдад хүргэх гээд бүх шат дамжлагыг тэд хариуцдаг бөгөөд энэ нь нэгэн бүхэл цогц тогтолцоо юм. Уншигчдад номыг хүртээх үүднээс номын яармаг худалдаа, шинэ номын баяр, зохиолчтой уулзах уулзалт зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа байнга явуулдаг. “Галлимар”, “Сөйй” хэвлэлийн газар уран зохиолын ном хэвлэдэг бол “Ашет”, “Кле интернационал” франц хэлийн сурах бичиг, толь гаргахыг чухалчилдаг.

Жил бүр Хэл Зохиолын Академи, уран зохиолын хороо, байгууллагаас шилдэг ном, зохиолчийг шалгаруулан олонд зарласнаар тухайн номын борлуулалт ч нэмэгддэг.

Зун Монголд ирсэн жуулчид маш олон ном авч ирдэг. Өөрсдөө уншиж дууссаны дараа орчуулагчдаа орхиж явдаг. Тэд Монголд ирэхээс өмнө манай орны тухай мэдээллийг мэдээллийн бүх хэрэгслээс олж уншин мэдлэгтэй болж ирсэн байдаг. Тиймээс тэдэнд үйлчлэх хэлмэрч-орчуулагч хүн тэднээс илүү мэдлэгтэй байж эх орныхоо тухай танилцуулахгүй бол гологдоход хүрэх үе их бий.

Ном үйлдвэрлэх, хэвлэх зэрэг олон асуулт дэлхий нийт цаастай танилцсан түүхтэй салшгүй холбоотой билээ. Түүхээс үзэхэд дундад зууны үед шашныг номлогчид номын өргөн утгаар нь ашиглах болсноос хойш Европын ард түмэн номтой салшгүй нөхөрлөө юу гэлтэй.

Францын хаад номыг ихэд дээдлэн өнөөгийн залуустаа олон тооны сайхан ном бүтээлийг номын сангаар үлдээсэн байдаг. Францын Ерөнхийлөгчид ард түмэндээ дурсагдах нэгэн барилга байгууламж босголоо гэхэд бараг бүгд л номын сан, чөлөөт цагаа өнгөрөөх төв барьсан байх юм.

Энэ бүгдээс үзэхэд ном Франц хүний оюуны талх болж чаджээ гэж дүгнэн хэлж болохоор байна.

Б. Алтангүл

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.