“Бүрэнхийн эрвээхэйн цаг”
Энэ цагаар залуусын зүрхэнд 18 насны анхны гэгээлэг хайр нь ч багтахаа байж, түүний орон зайд “амьдрах тухай” зовнил хургаж, үхэн үхтэл нь холдсонгүй. Тэд хар бор, боломжит бүх ажлыг хийж байсан ч эцэг эхээсээ хараат хэвээрээ л байсаар. Энэ үед залуус, нэн ялангуяа охид бүсгүйчүүл амар хялбар аргаар мөнгө олохоор мэрийж эхлэв. Тэр нь нэг төрлийн наймаа байх ба эд барааг мөнгөөр солилцохын оронд өөрийн биеэ бэлгийн зорилгоор “түрээслэх” ажил байлаа. Энэ наймааг нийгэм маш шүүмжлэлтэй хүлээн авч, зах зээлийг нь нураах оролдлого хийж буй мэт харагдавч үнэндээ үүнийг далд байдлаар “сүндэрлүүлсээр”.
“Бүрэнхийн эрвээхэй” худалдаалах зах зээл улам хүрээгээ тэлсээр. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ч энэ “бизнес”-д аль хэдий нь хөл тавьсан нь 2001 онд Хөдөлмөрийн байгууллага, МУИС-ийн хүн амын судалгааны газар, “Монголын залуучуудын хөгжил төв” ТББ-тай хамтран явуулсан 2 дахь удаагийн судалгаанаас харагддаг.
Энэ судалгаанд биеэ үнэлэх асуудлаар 66 охиныг хамруулахад дээрх охидын 36.1% нь гудамжинд, 32.0.% нь траншейнд, 20.6% нь орон сууцны хавиар, 16.0% нь гэртээ 13.9% нь халамжийн төвд, 12.0% нь бусдын гэрт амьдардагаасаа болж биеэ үнэлдэг гэж мэдүүлсэн байдаг. Харин 2011 оны байдлаар Монгол улсад 18 мянган орчим биеэ үнэлэгчид байдгаас тэн хагас нь Улаанбаатар хотод байдаг гэв. Харамсалтай нь зориудаар биеэ үнэлж байгаа бүрэнхийн эрвээхэйнүүдээс илүүтэй өөрөө ч мэдэлгүй “Эрвээхэй” болсон нууцлаг нэгнүүд энэ зах зээлд нисэлдэн ирж байна.
Найзынхаа танилцуулсан залуутай дотносож, түүнтэй бэлгийн харьцаанд орсон тэр өдрөөсөө л охин “бүрэнхийн эрвээхэй”-н далавчаа дэвэв. Найз залуу нь өөрийн гэсэн амьдрал, эхнэр хүүхэдтэй. Түүнд зөвхөн тогтвортой, эрүүл, өөрийн хүслийг гүйцээж чадах сексийн харилцаа чухал байсан юм.
Энэ үед залуу охины бүхий л нийгмийн хэрэгцээг нь хангаж, харин охин түүний хүслийг гүйцээж байв. Тэдний хооронд ямарч хайр сэтгэлийн асуудал байсангүй. Ердөө л зам зуурын залуутай зугаацсан нь албан ёсны зах зээлийн “наймаа” биш гэлтэй. Гэвч энэ өнөөх л биеэ үнэлэх наймааны нэгэн хэлбэр мөнөөсөө мөн билээ. Ядаж л идсэн хоолныхоо төлбөрийг төлчихдөг байх хэрэгтэй гэж үеийн залуусаа голж, мөнгөтэй баян эртэй учирснаар өөрийн мэдэлгүй “бүрэнхийн эрвээхэй”-н замруу хазайх охид.
Энэ цагаар хэнээс ч юм бүү мэд, хамаг муу муухай бузрыг нь өөртөө хурааж, эцэг эхдээ эдлүүлэх охид өөрөө гэм буруугүй мэт аяглан алхсаар. Өдөрт хаа сайгүй холхилдох гоо тансаг охидыг бүрэнхий нөмрөхөд тэд хээнцэр далавчаа дэлгэн хаа сайгүй нисэлдэж, нялуун үнэрээ ханхлуулсаар. Харин “тор” барьсан эрчүүл тэдний дэргэдүүр “Одоо хэн нь “эрвээхий” болох дутав” гэсээр шүлсээ гоожуулан өнгөрнө.







