Хүчирхийлсэн эрийнхээ гэргий болдог Муслим хууль

Дэлхий ертөнцөд бидний мэдэж басхүү ойлгож үл чадах юмс үзэгдэл түм бумаараа оршин байдаг. Тухайлбал, Морокко улсын нэгэн аймшигтай хуулийн тухай дэлхийн нийтэр шуугиж байна. Амина Филали гэх 16 настай охин өөрийг нь хүчирхийлсэн эртэй хүчээр гэрлэх болсонд аргаа барахдаа хулганы хороор өөрийгөө хордуулж амиа хорлосон явдал дэлхийн олон түмний чихийг сортойлгов. Чухам яагаад?
Уг улсын эрүүгийн хуулийн 475 дугаар заалтад “Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хэрэв өөрөө зөвшөөрвөл гэмт хэрэгтэн хохирогчтойгоо гэрлэж ялаасаа зугтах боломжтой” гэсэн Муслим эрүүгийн хууль байдаг юм байна. Хэрэв хуулийг мөрдсөн тохиолдолд тухайн хохирогчийн гэр бүлийн нэр хүндэд сэв суухгүй гэнэ.
Адала хэмээх хуулийн шинэчлэлтийн төлөөх нийгэмлэгийн тэргүүн нь хэлэхдээ “Шүүгч зөвхөн хохирогч болоод тэдний гэр бүл зөвшөөрсөн тохиолдолд гэрлэлтийг санал болгох нь зүйтэй байдаг” хэмээн шүүгчийг буруушаажээ. Нийгэмлэгийн тэргүүний хэлж байгаагаар хохирогчдийн гэр бүл нэгэнт хүчинд өртчихсөн охиныг нь хэн ч тоож гэрлэхгүй байх хэмээх айдсандаа хөтлөгдөн ийм гэрлэлтийг аргагүйн эрхэнд зөвшөөрдөг гэнэ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийнхэн уг хуулийн заалтыг цуцалж өгөөч хэмээн олон жил гуйсаар байгаа боловч төр засгаас тодорхой хариу өгөөгүй л байгаа юм байна.
Хохирогчийн аав ярихдаа: “Шүүх л хамгийн сайнаар асуудлыг шийдэж, охинд минь туслах арга энэ гэж хэлсэн шүү дээ” хэмээн хариулжээ.
Морокко улсад хууль нь хувь хүний төлөө гэхээсээ илүү нийтийн ашиг тусийг илүү хамгаалдаг. Хэдийгээр 2004 онд гэр бүлийн тухай хуулинд шинэчлэлт гарсан ч эмэгтэйчүүдийн хүчингийн хэрэгтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийн төслийг 2006 оноос хойш засгийн газар одоог хүртэл авч хэлэлцээгүй хэвээр байгаа гэнэ.
Филали охины үхэл Муслим соёлд хохирогч болсон олон мянган эмэгтэйчүүдийн хувьд гэрэл цацруулсан явдал байлаа. Нэг жилийн өмнө мөн Афганистанид 21 настай эмэгтэй эр нөхрийнхөө үеэлд нь хүчирхийлэгдсэн хэрэг гарсан бөгөөд үүнийх нь төлөө түүнийг шоронд хорьжээ.
Хэдий эмэгтэйчүүдийгээ эрчүүдээс дор хэмээн үздэг хүйсийн ялгаа их боловч тэдэнд бидэнтэй л адил үнэ цэнэ гэж зүйл байдаг гэдгийг тэд ухаараасай билээ.
Б.Байгаль







