“Сонгодогууд” таалсан VIVA`L OPERA
Дуурь бүжгийн эрдмийн театрын хүндэт улаан хивсэн дээр сул асгарсан үдшийн даашинзтай сонгодогууд од мичидийн инээмсэглэл гялалзуулан алхсан сонгодог үдэш өчигдөр байлаа. Монгол улсад дуурийн урлаг үүсч хөгжсөний 60 жилийн ойн “VIVA`L OPERA” ёслол хүндэтгэлийн ажиллагааг анх удаагаа “Grand Opera” зохион явуулж байгаа нь энэ бөгөөд 60 жилийн турш эгэл даруухан байсан “Сонгодогууд” маань энэ жилээс эхлэн дэлхийн сонорт хүрэхүйц ёслолуудаа түмэнд хүргэх зорилготой байгаа юм.
Ёслолын ажиллагаа үдшийн 18 цагаас эхлэн зочидоо улаан хивснээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Цаг агаар жиндүү байсан ч “Сонгодогууд” маань дэгжин бөгөөд ихэмсэг харагдаж байлаа.
Үдшийн 19 цагт зочид босоо хүлээн авалтын гоёмсог танхимд чуулж, амтат дарс шимэнгээ дуурийн урлагийн 60 жилийн үүх түүхийн талаар хүүрнэлдэж, энэ урлагт хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн алдарт багш нарынхаа хамт зураг татуулав.
Хүлээн авалтын дараагаар үе үеийн дуурийн дуулаачид багш нарынхаа хамт ахин улаан хивсээр алхан алтан тайзнаа гарав. Энэ үдшийн хамгийн хүндэт зочид болох ахмад үеийн дуулаачидад Зууны манлай уртын дуучин Уртнасан “Анхны гоцлол дуулаач” шагналыг гардуулан өглөө.
Ёслол хүндэтгэлийн концерт албан ёсоор үдшийн 20 цагт эхлэв. Италийн Венецийн хөгжмийн консерватурын ерөнхий удирдаач Роберто Салвалаюугийн удирдлагаар анхны ари эхэлж үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлснээр хоёр цаг гаруй үргэлжилсэн сонгодог үдэш эхлэлээ.






















