“Дээрээ хаалгатай” гэрийн эзэгтэй – “Эмгэнтийнхэн”

Амралтын энэ сайхан өдөр гадуур гарч зугаалюу хэмээн байдаг гэрээс гарсан минь доорх бодол төрөх учиг нь болсон юм. Гэрийн гадаа, орцны үүдэнд бидний нэрлэдэгээр өнөөх “өвгөнтийн” гэх тодотголтой, муу хувцас хунартай, царай зүс нь бараан, харц бүдэг эр сууж байлаа. Тэрээр намайг нэг дагуулж харснаа “Муусайн ядуучууд” гэж байна. Би ч ухасхийн хурдхан дэргэдүүр нь өнгөрч одлоо. Энэ хүн юу бодож тэгж хэлснийг бүү мэд. Харин нилээд газар яваад эргэж харвал урдхан талд байдаг траншейнаас нэг хүн чарласаар гарч ирж байна. Эр эм нь гаднаас нь хараад мэдэгдэхгүй байсан ч, “Ээжийн бор аяга” дуулж байгаа хоолойных нь өнгөнөөс тэр эмэгтэй болов уу гэсэн таамаг төрнө.
Ай, даа... Монголын үзэсгэлэнт сарангуа гэдэг биш билүү. Ид хийж бүтээх, амьдрал нь оргилж байх насан дээр эмэгтэйчүүд минь дээрээ хаалгатай өргөөнд заларч, ямар ч хүсэл тэмүүлэл, зорилгогүй алхах нь юуны учир вэ? Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 17.700 гаруй траншей байдаг гэсэн тоо баримт байна. Тэгвэл өргөө гэрээ хэмээн өмчилөн авсан тэдгээрийн хувьд мөн төдий тооны эмэгтэй амьдралын хүсэл зорилгогүй алхаж яваа.
Гудамж талбайг эзгүйчилж явдаг эрчүүдийг “өвгөнтийнхөн” хэмээсэн юм чинь, эмэгтэйчүүдийг нь “эмгэнтийнхэн” гэлтэй. Эмгэнтийнхэн уг нь энэ ертөнцөд дэлхийн иргэнийг ариун хэвлийдээ тээж, төрүүлэх учиртай ирсэн. Гэвч... Ямар гээчийн үйл лайгаар эд ийнхүү амьдрана вэ?
Биенээ муучилж, бурууг нь нэн түрүүнд анзаарахаас урьтаад эдгээр эзэгтэй нарын сэтгэлд юу нуугдаж, тэдний өр зүрхийг чухам юу ингэж их өмөлж, цөмөлсөн юм бол гэж бодмоор. Гудамжинд гарсан хүмүүсийн ихэнхи нь арчаагүй гэх шалтгаанаар бус, харин амьдралын нугачаанд хэт нухлуулсных байдаг гэсэн сэтгэлзүйчдийн судалгаа ч бий. Үнэндээ, энэ эзэгтэй нарын дээрээ хаалгатай өргөө, өдөр бүрийн унд болсон бор дарс тэдний үхэж болохгүй басхүү үлдэж болохгүй шалтгаан ч юм билүү дээ. Ганц ч болов хүн энэ амьдралаас хагацаж чадахгүй хорогдоод, муу ч болов амьдарч байвал энэ хорвоогоос гомдолтой явсан хэн нэгний чин сэтгэлийг гүйцэлдүүлж байгаа хэрэг бишүү. Ай, эзэгтэй нар минь бидэнд өөр өөрийн гэсэн зовлон байдаг л хойно доо.
Б.Гэрэлмаа





