“Үлгэрийн мод”

Нар гийсэн зуны өглөө... Гэрээсээ ажил руугаа алхах замдаа нэгэн сонин дүр зурагтай тааралдаж, зургийг нь аваад цааш алхлаа. Энэ хоёр модыг хараад ах дүү гурвын үлгэр өөрийн эрхгүй санагдлаа.
Ах дүү гурав, гурвуул нэг нэг мод тариад гурван жилийн дараа энэ газартаа эргээд уулзъя гээд өөр өөрийн амьдралыг хөөхөөр салцгаадаг. Гурван жил өнгөрч дунд хүү, гурван мод тарьсан газартаа эргэж ирж гэнэ. Яг адилхан хөрс шороонд тарьсан гурван мод, гурван өөр ургажээ.
Том ахынх нь мод хатаж хорчийгоод ургаагүй, дүүгийнх нь мод салаа мөчир нь сагсайгаад их л өндөр сайхан ургажээ. Харин өөрийнх нь мод ургасан ч юм шиг ургаагүй ч юм шиг, арай л үхчихээгүй байлаа. Гурван модоо харсан дунд хүү, муу ах минь их л ядарч зүдэрч яваа юм байна даа, харин дүү минь их сайхан амьдарч байгаа бололтой гэж бодож зогсов.
Замын хажуудах хоёр мод яг л үлгэрт гардаг шиг, нэг нь ургаад, нөгөө нь хатаж хорчийсон навчаа ч унагаагүй уйтай харагдана. Бидний амьдралд ч иймэрхүү дүр зураг зөндөө их.
Цэнгэг агаар, цэвэр ус, байгалийн баялаг, ашигт малтмалаараа дэлхийд дээгүүрт ордог Монгол орны ард түмний амьдрал ямар байгаа билээ. Яг адилхан нутагт төрж өсчихөөд, тэнгэр газар шиг ялгаатай амьдрах Монголын ард түмэн.
Хоёр, гурван давхар харшид заларч, хэдэн мянган долларын төмөр хүлгээр хурдалж яваа баячууд байхад, шар нар бор хоногийг арайхийж өнгөрөөх ядуус өчнөөн их.
Модыг тарьж, суулгах амархан. Харин түүнийг арчилж тордож ургуулах нь хэцүү. Тарьсан модоо хичнээн их арчилна, төдий чинээ л саглагар сайхан ургадаг аж. Нэг хөрс шороонд тарьсан ч нэгийг нь арчилаад, нөгөөг нь орхивол энэ хоёр мод шиг л болно.
Хүмүүсийн амьдрал ч адилхан...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







