Аян замын тэмдэглэл (2-р хэсэг)
Сонгуулийн сургаар эрээн алаг болсон хөөрхий хотоо хараад үнэхээр өрөвдөх юм. Худлаа үнэн инээж авахуулсан зураг, ард түмэндээ гэнэт хайртай болсон төрийн түшээ болох гэж улайрч юу ч гэж худлаа ярьж, амлахаас ичихээ байсан тэдний зургийг харах гутамшигтай. Амралтын өдөр хаалга амраахгүй зар тараах хүмүүсийн цувааг хараад хайран мөнгө, тэр цаас нь хэнд хэрэгтэй юм бэ, яасан үнэтэй цаасанд хэвлээ вэ, ямар зарчимч хүмүүс вэ зэрэг гуниг гутрал хосолсон харцаар хараад л тэр хэдэн цаас хогийн саванд шидэгдэх нь тэр. Хөдөөд юм уу, гэр хороололд байгаа маань цуглуулж байгаад гал асаачих цаастай л болж байгаа нь тэр дээ. Зарим хэд нь хуримын зургаа авахуулсан болов уу гэмээр, зарим нэг нь баян цатгалангаа харуулах мэт үнэт эдлэлээ барьчихсан яасан ч ядмаг, ядуухан сурталчилгаа вэ, яасан их мөнгө вэ? Ингэж хөрөнгөө ард түмэнд таалагдах гэж цацсан нөхөд 4 жилд шархаа нөхөхөө бодно уу гэхээс юун гудамжинд архи уун хоног төөрүүлж байгаа ядарсаныг бодох юм бэ? Тэгэхээр манайд ардчилсан гээд байгаа улс төр жинхэнэ утгаар төлөвших яагаа ч үгүй, сургийн сонссон мундаг сонгуулийн тухай ийм, тийм гэж худлаа ярьж чаддаг нөхөд л дээшээ гарах магадлал өндөр харагдаж байна.
Тэгэхээр энэ бүхнийг эрэгцүүлэн бодонгоо саяхан Франц улсад явж байхад Францын Ерөнхийлөгчийн хоёр дахь тойргийн сонгууль тухай өгүүлье гэж бодлоо.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд манай хэвлэл мэдээллээр маш ихэд ярьсан тул нэлээд сайн мэдлэгтэй болсон байх гэж бодож байна. Францын улс төрийн амьдралыг авч үзэхэд 1789 оны Хувьсгалаас хойш нэлээд тогтворгүй байсаар 1958 онд V Бүгд Найрамдах байгуулснаар өнөөг хүрсэн байна. Нийтдээ 7 Ерөнхийлөгч өнөөг хүртэл сонгогдсон байгаа бөгөөд 2000 оныг хүртэл 7 жилийн мандаттай байв. 2000 онд Ерөнхийлөгчийн мандатыгбүх нийтийн санал асуулга явуулан 5 жил болгон өөрчилсөн юм.
Манайд сонгууль болоход улс орон тэр чигээрээ сонгуулиар амьсгалж, нам намаар талцдаг тул Францууд яадаг бол гэсэн сониучхан бодол төрж явлаа. Биднийг очиход сонгуулийн 2-р тойрогт Зүүний намаас нэр дэвшсэн Франсуа Олланд, ерөнхийлөгч байсан Никола Саркозигийн гол өрсөлдөгч байв. Нэр дэвшигчдийн зураг хөрөг, инээсэн дүрийг гудамжинд ерөөс олж харсангүй. Хотын захад, метрогоор явж байхад ханан дээр А5-аар хэвлэсэн хоёр нэр дэвшигчийн зураг л хааяахан нэг харагдана. Зурган дээр тэд урагшаа харсан, хэн нэгэнд таалагдах гэж потошоп-аар засаагүй, худлаа инээгээгүй байгаа илт. Тэнд сонгууль болох гэж байгаа нь эдгээр хэдэн хананд хадсан зураг, телевизийн мэдээ үзэхгүй бол мэдэх аргагүй.
Оршин суугчдаас нь сонгуулийн тухай, хэнийг дэмжиж буй тухайд асуувал сонгууль болох өдрөө л сонголтоо хийнэ дээ гээд манайхан шиг хэн нэгнийг газарт ортол муулж, эсвэл тэнгэрт тултал магтахгүй нь нэг бодлын сонин, нэг бодлын ямар соёлтой юм бээ гэмээр.
Харин тэнд сурталчилгааг хэвлэл мэдээлэлийнхэн маш хангалттай хийж байна. Манайхан шиг нэр дэвшигч өөрийхөө тухай өнгөт цаас хэвлээд хэн нэгнээр тараалгахгүй юм. Хэвлэл мэдээллийнхэн байр сууринаасаа сонгогчдод мэдээллийг олон талаар баримттай харуулж байна. Нэр дэвшигчдийн халз уулзалт сонгогчдийн шийдвэрээ гаргах, сонголтоо бататгах эцсийн мөч байдаг. Улсын хэд хэдэн телевиз нийлээд сонгууль болохоос хэд хоногийн өмнө нэр дэвшигчдийг байлцуулан Франц даяар үзүүлдэг. Энэ удаад 30 сая гаруй хүн уг халз мэтгэлцээнийг үзэж, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонсон дүгнэлтээ гаргасан байгаа юм. Ингээд бодохоор ямар их мөнгө төгрөг, хүн хүч хэмнэгдэж, сонгууль байх ёстой нийгмийн нэг үзэгдэл болж хувирсан нь харагдана.
Мөн сонгогчид нь үнэхээр боловсорсон, хэн үнэн, худлаа ярьж буйг ялгаж салгадаг, хэн нэгнийг дагаж хуйлрахгүй, өөрийн бодол өөртөө зөв гэдэг зарчмыг баримталдаг нь илт. Тэд “би тэрийг дэмжиж байгаа, чиний дэмжиж байгаа хүн тийм, ийм” гэсэн элдэв үгээр дарамталж, доромжлохгүй. Хүний хийсэн сонголт, үзэл бодлыг үнэхээр хүндэтгэнэ. Сонгуулийн өдөр мэргэжил нэгт нөхөр болох Виржини, Франсис хоёр маань биднийг дагуулж явахаар өглөө эртлэн ирлээ. Тэднээс сонгуулийн тухай асуутал - “Өгчихөөд ирлээ” гэж байна. Хэний төлөө өгсөн бэ? гэж асуух гэж бодсоноо угаасаа хэлдэггүй юм байна лээ эвгүй байдалд оруулаад яахав гэж бодлоо. Тэр орой бид нэг айлд уригдсан байв. Тэднийд очихоос өмнөхөн Франсис надад хандан: “Бидний очих айлын хүмүүс Никола Саркозийг дэмждэг байсан юм, тэгээд тэр ялагдсан тул сонгуулийн тухай яриа өдөж хэрэггүй байхаа” гэлээ. Бид ч түүнийг дэмжин тэр тухай ямар ч яриа дэлгэсэнгүй, Монгол орон, ард түмэн, зан заншлын тухай ярьсаар тэднийхээс гарлаа. Энэ өчүүхэн жишээ Француудын нэг нэгнээ хүндэтгэн харьцдаг, үзэл бодлыг нь зөвшөөрдөг, хувь хүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлэх гэж улайрдаггүй сайхан зангийг нь харуулж буй юм.
Тэр оройдоо Франсуа Олланд илүү хувьтай явж байгааг телевизээр зарласан бөгөөд сонгуулийн хорооны албан ёсны нэгдсэн дүн гарсаны дараа Никола Саркози ялагчид баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Ялагдсан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг манайд бол ялагдсан нь яаж тавьтаргүйтэж элдэв үгээр нэгнээ доромжлон, бусдыг муу юманд уруу татаж байгаа бол хэмээн бодож байлаа. Үнэхээр ардчиллалыг үнэн утгаар нь ойлгосон хүмүүс эрх, үүргээ бүрэн ухамсарлан гол нь хувийн бодлоор бусдыг хэмжин, бусдад тулгалгүй, хэрүүл уруулгүй, хараал доромжлолгүй өнгөрдөг нь сонгож, сонгогдож сурсаны бэлээхэн жишээ юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






