Талийгаачдын сүнсийг сигналиар цочоохгүй үдэх сэн

2012.06.25
Үр хүүхэд, хань ижлийнхээ нөмөр нөөлөг болж явсан ах минь нэг л өдөр зураг болон зулын гэрлийн ард бүртийх боллоо. Хорвоо мөнх бус гэдэг үнэн ч эр бие нь чангарсан идэр насандаа өөд болсонд нь хэн хүнгүй харамсаж гашуудсаан. Гэвч үхэх төрөх нь хорвоогийн жам болохоор бид өөд болоочоо нутаглуулах хүндхэн ажилтай үлдсэн билээ. Өчигдөр ахыгаа сүүлчийн замд нь үдэхээр 1-р эмнэлгийн цогцос хадгалах газрын үүдэнд ирээд байгаа нь энэ.
Өглөөний 07 цаг. 1-р эмнэлэгийн зүүн хойд талд байрлах цогцос хадгалах байшингийн гадаа уйлсан, бухимдсан, хүмүүс бас суудлын жижиг тэрэг, буяны хөсөг гээд л бурхан болоочоо шарил хадгалах газраас авах гэсэн ар гэрийнхэн ийнхүү хүлээж байлаа.
Шарил хадгалах газрын таван хаалга байх бөгөөд тус бүрийнх нь үүдэн дээр хүмүүс дугаарлана. Унаа машин хоорондоо зөрөх боломжгүй нарийн замын хавчигт бачимдсан хүмүүс энд олон байлаа. Монголчууд бид өөд болоочоо нутаглуулахдаа зүг чигийг их чухалчилдаг. Зүгээ буруу гаргаж явснаас үүдэн ард үлдэх ах дүү амраг садан тэр байтугай ажил явдалд оролцсон хүмүүсийг өөд болооч “дагуулдаг” хэмээдэг.
Гэвч энд зүг чигээ зөв гарган явах ямар ч боломж алга. Бараг л худлаа, үнэн чиглүүлсэн болоод маниаварлах нь энүүхэнд. Учир нь энэ байрны ойр орчмын зайг хумин өндөр өндөр барилга сүндэрлэсээр. Яг өнөөдрийн байдлаар шарил хадгалах байшингийн чанх хойно нь шинэ барилга баригдаж тус газрын хаалгыг хаах шахам өндөр саарал хашаа босгосон байна. Зүүн талд нь мөн л барилга барихаар газрыг нь сэндүүлж, хашаа тойруулжээ. Энэ байдлаараа тун удахгүй хотын бид чинь бурхан болоочоо оруулж, гаргаж чадахгүйд хүрч магадгүй шинжтэй болжээ.
Нийслэлийн хэмжээнд жилд 5800-6500, сард 450-600, долоо хоногт 110-150 хүн нас бардаг гэсэн тооцоо, судалгаа байдаг ажээ. Тус шарил хадгалах газар өдөрт 120 цогцос хадгалах хүчин чадалтай хэдий ч сүүлийн жилүүдэд т өдөрт 160-180, зарим тохиолдолд 200 хол давсан тооны цогцос хүлээн авч байгаа гэсэн өнгөрсөн жилийн тоон мэдээ байна. Одоо энэ тоо нэмэгдсэн нь лавтай.
Амьд байгаа нь амьдрах гэж зовсоор, амь тасарсан нэгнийгээ оршуулах гэж зүдэрсээр. Өдөр судар, цаг нар, зүг чигт захирагддаг байтал орон зайд, замын түгжрэлд хавчигдсаар би энэ өдөр ганц ахыгаа биш зургаан бурхан болоочийг эцсийн замд нь үдчихээд ирлээ. Талийгаачдын сүнсийг сигналиар цочоохгүй үдэх сайн цагийг би харах болов уу...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа




