Эзэгтэй таньд өгөх даалгавар байна – 18
Эрхэм уншигч бүсгүй таны түмэн амар амгаланг эрье. Хайртай хүүхдүүд, хүндэт ханийхаа хамтаар аялал зугаалга гээд завгүй л байна уу? Гэхдээ сайхан амарч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Өнгөрч буй долдугаар сард Үндэсний их баяр наадам тохиож хүн бүр л амралт зугаалгын мөр хөөсөн байх. Тиймээс Цэцэн авхай нь эзэгтэй та бүхэндээ долоо хоног бүр өгдөг гэрийн даалгавраас чөлөөлсөн юм. Харин өнөөдрөөс эхлэн Цэцэн авхайн бэлддэг гэрийн даалгавруудаа үргэлжлүүлэн хүлээн аваарай.
Энэ удаад бид “Гэр бүлийн зураг” нэртэй даалгавар өгч байна. “Өө саяхан авахуулсан шүү дээ” гэж бүү хойш тавиарай. Энэ даалгавар нь зөвхөн таны үр хүүхэд, хайртай ханийхаа зургийг авах даалгавар биш юм шүү. Харин хамгийн ойр байгаа хамаг л хамаатан садангаа цуглуулан дурсгалын зураг татуулах хэрэгтэй. Тухайлбал, би долоон хүүхэдтэй айлын 3 дахь охин. Тиймээс өөрийн эцэг эх, ах дүү болсон бусад зургаагаа үр хүүхэд хань ижлийнх хамт цуглуулна гэсэн үг. Ингэхээр манай гэр бүл хүргэн бэртэйгээ нийлээд 16 хүн, харин өхөөрдөм бяцхан үрсээ нэмээд 23 хүн болж байгаа юм. Ингээд зөвхөн охин бид гурвын зураг биш , миний хайртай 23 хүний дурсгалын зураг болно. Айл бүрт энэ зураг маш сайхан дурсгал болох ба болж өгвөл жил бүр энэ зургийг авахуулах нь зөв. Мэдээж маш хол байдаг ах дүү тань ирэх боломжгүй бол шинэ үеийн дэвшилтэт технологиор энэ асуудлыг шийдэж болох юм шүү.





