"Хайрын тухай зүүд" шинэ ном худалдаанд гарлаа

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн хайрын сэдэвт өгүүллэгүүдээс бүрдсэн “Хайрын тухай зүүд” сонсдог ном худалдаанд гарлаа.
Түүний “Ганц бие эмчийн яриа”, “Тоорын өнгөт уруул”, ”Хайрын тухай зүүд”, “Бэр”, “Улаан даашинз” зэрэг 5 өгүүллэгийг уран бүтээлийнх нь анд жүжигчин найруулагч Т.Алтантуяа уншжээ. Энэ нь жүжигчин Т.Алтантуяагийн бие дааж уран уншсан хоёр дахь сонсдог ном юм байна. Хоёр цагийн бичлэгтэй, бэлгийн ууттай, уншдаг бяцхан номтойгоо энэ дабль CD-г United colors of Benetton дэлгүүрээс ивээн тэтгэжээ.
"...Ёдок хорих лагерийн дундуур урсдаг Ёнхынган голын ус харлан, намар оройн час улаан навчис ганц нэгээрээ хөвөх нь хөөрхий хөвгүүний зүрхний нулимс гэлтэй...” хэмээн нэгэн хайрын тухай гунигт түүхийг хүүрнэх “Хайрын тухай зүүд” өгүүллэг нь урьд хэвлэгдээгүй цоо шинэ бүтээл агаад энэ зохилоороо сонсдог номыг нэрлэсэн байна. Энэ өгүүллэгт хойд солонгос залуу, монгол бүсгүй хайрын тухай өгүүлэхдээ бодит амьдралаас сэдэвлэжээ.
Ном унших цаг багатай их хотын иргэд ажлаа хийх зуур компьютерээрээ сонсох, замын бөглөрөл дунд машиндаа тавьж уран зохиолын ертөнцөөр аялах боломж олгодгоороо сонсдог ном сүүлийн үед улам их эрэлттэй болж байгаа юм байна. Түүнчлэн валинтены баярын хамгийн сайхан бэлэг болох нь гарцаагүй.






