“23 настай багшийн анги 45 жилийн дараа”

1967 оны тэр нэгэн өдөр. Гурваар дарж сүлжсэн хоёр салаа гэзэгтэй охид инээмсэглэнэ. Тэдний нүдэнд баярын басхүү гунигийн нулимс үл мэдэг тодорно. Энэ өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10-н жилийн сургуулийн алтан босгыг  гар гараасаа хөтлөлцсөн 74 жаал алхан орсон билээ. 

А үсэг хамт заалгаж

Арвын тоо зэрэг сурсан

Зүггүйхэн багын хэдэн нөхөд минь

Зүрх сэтгэлд үргэлж хүүхэд хэвээрээ сэн

Харин өнөөдөр энэ ангийнхан эргэн цуглаж байна. 45 жилийн өмнөх дэггүй жаалууд өнөөдөр үр ачаа тойруулсан өвөө эмээ нар болцгоожээ. Ангийнхаа охиныг тэвэрч уйлсан, ангийнхаа багштай золгож үнэрлүүлсэн, ангийнхаа хөвгүүнийг танихгүй будилсан хамгийн гэгээн, хамгийн нандин өдөр байлаа.

Аяны шувууд шиг он жилүүд

Ар араасаа нисээд өнгөрсөн ч

Уралдаж тоглож өссөн болохоороо

Уулзахад тэд маань дандаа хүүхэд хэвээрээ байдаг аа

МУ-ын гавъяат багш С.Баянжаргал:

  "Тэд миний ууган шавь нар”

Би Өвөрхангай аймгийн Уянга сумын Сайн ноён хан Намнансүрэнгийн нэрэмжит сургуулийн математикийн багш. Миний ууган шавь нар төгссөнөөс хойш 45 дахь жилийнхээ уулзалтыг улсын нийслэл Улаанбаатар хотноо Сүхбаатар талбайнхаа хажууд шуугилдан хөөрөлдөн өндөр сэтгэгдэлтэйгээр цуглаж байна.

Миний шавь нар төрөл бүрийн мэргэжилтэй, одон медалиа гялалзуулсан онц сурлагатнууд юмаа. Өнөөдөр энд мэргэжилгүй хүн байхгүй, ийм л сайхан хүүхдүүд байгаа юм. Тэр үед надад загнуулаад л гүйдэг байсан сурагчид маань одоо өндөр насыг наслаад өвөө эмээ болчихсон байх юм. Их сонин, сайхан байна. Миний шавь нар эрүүл энх байж, урт удаан наслаж ажил төрөлдөө амжилт үзүүлээсэй гэж багшийнх нь зүгээс хүсэн ерөөе дөө.

С.Цэнд-Аюуш:

             "Ангийн минь хүүхдүүд яг л хэвээрээ”

Манай ангийнхан 10 төгсөхдөө яг л иймээрээ байсан. Одоо ч хүртэл яг л хэвээрээ мэт санагдаж байна. / инээв /

/Энэ үед бидний яриаг таслан хослол өмссөн эрхэм ирэв. Ангийн охин: Сайн байна уу? Хүүе чи хэн билээ? Ангийн хүү: Би Доржготов байна, за бие тэнхээ сайн уу? гэсээр тэд нэг хэсэг ярилцан зогсов./

-Өчигдөр уулзалдана гээд их л догдлосон байх даа?

Өчигдөр биш ээ, Ангиараа  уулзалдана гэсэн өдрөөс эхлээд л би догдолсон... 8 дугаар сарын 8 их хол байлаа. Ангийнхаа зарим нэгийг сайн танихгүй байна. 45 жилийн хугацаанд нэг ч хараагүй ангийн нөхөд минь иржээ. Бие биенийгээ харж уйлах нь уйлаад л зогсож байна даа. Ангийн нөхөд минь урт удаан наслаж, бие биедээ дэм болж, аз жаргалтай сайхан амьдраарай.

-Та бага насныхаа хөгжилтэй дурсамжаас яриач?

Хүүхэд л болсон хойно сахилгагүй байлгүй яахав. Гэхдээ бидний үед хүүхдүүд их томоотой байлаа шүү дээ. Тэр жил манай ангийн хүүхэд математикийн олимпиадад улсад шалгараад бид бөөнөөрөө гаргаж өгөх гэж онгоцны буудал руу гүйлдэж байгаад бүгдээрээ өнхөрч, ойчиж билээ. Бүр бүгдээрээ шүү. Энэ л санаанаас ердөө гардаггүй юм даа. Дурсамжууд маш их, яриад хэлээд дуусахгүй байхаа.

Боловсролын тэргүүний ажилтнан, тэргүүлэн зэрэгтэй багш Б.Оюунбилэг, М.Гармаа: “Бид гуравдугаар зэргийн тракторчин болж байлаа”

Бид хоёр наймдугаар ангиасаа хойш л нэг хашаанаас хичээлдээ явж, аравдугаар ангиа хамт төгссөн. Ажил дээр гараад ч бид нэг сургуульд ирж багшилж байлаа. 45 жилийн өмнө багшаараа хичээл заалгаж байсан, харин өнөөдөр өөрсдөө багш болчихжээ.

Анх багш болохдоо манай багш миний оронд байсан бол ингэх байсан даа, хүүхдүүдтэй ингэж харьцдаг байсан даа гээд л санаанд ордог сон. Жинхэнэ үлгэр жишээ минь гэж хэлж болно. Бид бага байхдаа ангиараа үйлдвэр сургалттай гээд явж байлаа. Тракторын сургуульд очиж, хавар трактор барьж сураад  гуравдугаар зэргийн тракторчин гэсэн үнэмлэх авч байсан сан. Одооны охид энэ талаар сонсвол итгэхгүй л байх.

Ангийнхандаа хандаж хэлэхэд бид цугаараа эмээ өвөө нар боллоо. Эрүүл энх сайхан байж, урт наслаж удаан жаргахын ерөөл өргье дөө.

Ш.Шоовдор:

                                                            “Ангийнхны минь ааш аяг, инээд нь яг хэвээрээ”

Тэр жил 23 настай залуу ирээд манай ангийг удирдаж авч байсан цаг саяхан юм шиг. Харин өнөөдөр эмэгтэйчүүд нь дандаа эмээ нар, эрчүүд нь дандаа өвөө нар болжээ. Тэр үеийн хүүхэд насны цагаан цолгин, гэгээн сайхан хүүхдүүдийн инээдэм, ааш аяг бүгд л хэвээр хадгалагдан үлджээ. Энэ удаа бид уулзаж байгаа нь 45 жилийн дараа сэтгэлээ онгойтол сайхан ярилцах боломж минь төдийгүй хойч үедээ үр хүүхэддээ одоогийн сургуулийн сурагчдад үлгэртэй гэж санагдаж байна. Энэ уулзалт зүгээр л уулзалдаж зураг хөргөө авахуулах юм биш, харин хойчийн зам мөрөө үлдээж байгаа хэрэг юм шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.