Ч.Буянхишиг: Би жаахан дэггүйтэх л байж, хэтэрхий даруухан амьдарчээ
МҮОНР-гоор сонсогчдын хүртээл болдог “Цагаан лавайн эгшиг” хөгжмийн нэвтрүүлгийг намуухан дуутай нэгэн эмэгтэй хөтлөн явуулдаг нь Ч.Буянхишиг эгч. Түүний царайг хараагүй ч дуу хоолойг нь сонссон хэн бүхэн “Хөгжмийн нэвтрүүлгийн редактор чинь энэ хүн байх нь” гэж танина. Хөгжимчин, багш мэргэжлээ орхиж радиод “урвасан” түүнийг Монголын хөгжмийн урлагийн “википедиа” гэсэн ч болох байх. 30 гаруй жил “Улаан бүч” чуулгыг удирдаж, Монголын анхны хит парадыг санаачилсан тэрбээр өдгөө “Эх орон” телевизэд ажиллаж байна.
-Таныг “Цагаан лавайн эгшиг”- ийн Ч.Буян хишиг гэхээр мэдэхгүй хүнгүй юм. Хийсэн бүтээснээрээ алдаршиж, дуудуулна гэдэг сайхан юм.
-Би ХБК-ийг хөгжимчин, хөгжмийн багш мэргэжлээр төгсөөд, дараа нь ЗХУ-д сурч ирээд сургуульдаа хөгжмийн онол, найрал дууны багшаар ажилласан. Арав гаруй жил багшилж байгаад 1981 оны арваннэгдүгээр сараас радиод ажиллах болсон. Хөгжмийн зохиолч Р.Энхбазар радиод ажиллах болсноор намайг ирээч гэж хүссэн юм. Тэнхимийн эрхлэгч болохоор бэлтгэгдэж бай сан учраас сургуулиас явуулахгүй гэсэн ч багаасаа радио сонсож өссөн надад сонирхолтой санагдаад энд ирсэн дээ. Хүүхэд байхын л хөгжимтэй ойр өссөн учраас радио надад танил дотно санагдсан хэрэг. Анх хөгжмийн төлөвлөгч редактор, дөрвөн жилийн дараагаас хөгжмийн редакцын хариуцлагатай редактор болж байлаа. 1980-1990 онд өнөөгийнх шиг олон богино долгионы радио, бас хит парад гэж байсангүй. Монголын нэртэй сэтгүүлчдийн нэг А.Авирмэд минь тухайн үед Залуучуудын нэвтрүүлгийн редакцад ажилладаг байлаа. Бид ярилцаж байгаад сонсогчдын захидалд тулгуурлан тухайн жилийнхээ шилдэг дууг шалгаруулж байя гээд “Цагаан лавайн эгшиг” нэвтрүүлгийг эхлүүлсэн. Жил бүр шилдэг 10 дуу шалгаруулж, цэнгүүн хийгээд, энэ үеэр шинэ бүтээлээ танилцуулдаг байлаа. 1990 оны нэгдүгээр сард нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг сонсогчдод хүргэсэн. Дараа нь амралтад хамт амарсан хүмүүс “Авирмэд та хоёр хөгжмийн нэвтрүүлэг хамтарч хөтөлж байгаа нь цэцэгтэй талаар дөрөө харшуулаад явж байгаа юм шиг сайхан байдаг” гэж хэлж байсан. 2008 оноос хойш МҮОНР-гийн залуу сэтгүүлч энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа. Анхны жилийн шилдэг дуугаар дуучин С.Цэрэнчимэдийн аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадоржийн шүлэг “Ээж минь дээ” шалгарч байлаа. Хөгжмийн зарим мэргэжилтэн тухайн үедээ энэ нэвтрүүлгийг сонсогчдоо хэт дагасан гэж шүүмжилдэг байсан ч тусгай шүүгчгүй, ар өврийн хаалгагүйгээр ард түмэн дуртай дуугаа сонсож, шалгаруулж байсан гэж боддог юм.
-Тухайн үед захидал олон ирдэг байв уу?
-Жилдээ 10 гаруй мянган захиа авна. Нэг ч захиа үлдээлгүй хариу бичиж, дуугаа шалгаруулна. Хэрэв 2-3 захианд хариу өгөөгүй бол ард түмний хүсэлтийг цалгардуулсан гэдэг үндэслэлээр коллегоор орно. Тэр ч бүү хэл сонсогч, уран бүтээлчдийн уулзалт хийнэ.
-Сэтгэлд тод үлдсэн дурсамжтай захидал юу байдаг бол?
-Тэр тухай ярихаар өөрийгөө магтсан болчих гээд байдаг юм. Чихэр, боовны үйлдвэрийн технологч инженер эмэгтэй манай нэвтр үүлгийг байнга сонсдог төдийгүй бүх дугаараар тэмдэглэл хөтөлчихсөн байсан. Тоглолт бүрийг минь алгасалгүй үздэг байнгын сонсогч маань дараа нь манай нэвтрүүлэгт зориулж “Морин хуур” чихрийн цуглуулга хийгээд, дээжийг нь авчирч өгч байлаа. Хөгжим, урлаг хүнд үргэлж эерэг сэтггэдэл төрүүлж байдаг шүү дээ.
-Та ер нь чанга дуугардаг уу?
-Би чанга дуугарч чаддагг үй юм. Хүнээс юм асуухдаа чанга дуугарчихвал намайг уурлаж байна гэж боддог. Аядуу намуун ярьдаг нь миний араншин. Намуухан ярьдаг болохоор хоолой минь онцгой сонсогддог байж магадгүй юм. Ер нь л хүнтэй эвтэй, зөөлөн харилцахсан гэж боддог.
-Таны анхны мэргэжил ёочин хөгжимчин байсан байх аа?
-Тийм. Миний багш бол Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашдаваа. Хүнд гомдож мэддэггүй, хорсож атаархдаггүй сайхан хүн байсан даа.
-Атаархал ер нь байх хэрэгтэй юм уу?
-Огт атаархахгүй гэвэл өрөөсгөл юм. Хор шар, атаархал байх ёстой. Тэгэхгүй бол нэг мөлгөр амьтан болно. Ахиж дэвших ч үгүй. Ямар мундаг тоглож байна, түүн шиг болохсон гэж атаархаж болно. Түүнээс биш энэ ямар зэвүүн сайн тоглож байна вэ гээд бусдад магтаж, муулахын хооронд яриад явж болохгүй. Ер нь ямар ч хүнээс сайныг нь түрүүлж хараад, суралцах хэрэгтэй. Арван хуруу тэгш хүн гэж хаана байх билээ.
-Танд завгүй ажиллах сайхан санагддаг уу?
-Завгүй байх сайхан, ажлаа л бодно. Түүнээс гадна манай ахмадууд их хатуу зэмлэж, тэр хэрээрээ хайрлаж, халамжилж сургадаг байжээ. Ер нь бие биеэ шүүмжлэх хэрэгтэй, гэхдээ гутаан доромжилж болохгүй. Одоо хувь хүн гэлтгүй манай улс төрчид ч энэ тал дээр дутагдалтай харагдах юм. Сонгуулийн үеэр ой гутмаар л байх юм. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж явна гэдэг дээ. Алдахгүй хүн гэж хаана байх вэ. Алдаагаа засдаг хүн л зөв хүн болно.
-Та хэр их шүүмжлүүлж, зэмлүүлдэг байв?
-Шүүмжлүүлэлгүй яах вэ. Нэвтрүүлгийн үеэр алдаа гарч сонсогчдоос шүүмжлэл сонсож байсан ч унаж тустлаа шүүмжлүүлж үзээгүй. Тухайн үед нэг дууг 14 хоногт дахин давтдаггүй гэх мэт нарийн журамтай байлаа. Ингээд хуучнаа яриад байхаар өнгөрснөө магтаад өнөөдрийг муулж байна гэж бүү бодоорой. Хов жив ярихгүй, шударга байна гэдэг зарчмын шаардлага хэрэгтэй юм шүү. Би шүүмжлэлээс илүү магтаал дунд амьдарсан. Дунд сургуульд байхын л онц сурч, зургаадугаар ангиасаа цалин авч, долдугаар ангид байхдаа ээж, аавдаа дээл оёж өгч байлаа. Онц сурдаг хүүхдэд багш нар ч хайртай. Ажлаа хийхдээ ч идэвхтэй. Гэхдээ үүнийг нөгөө талаас нь харвал хэнхэг хүн байсан юм шиг. Ажлын бүтэн жилийн тайлан гарахад улс төрийн сонсгол 53 удаа болоход би нэг ч удаа таслалгүй суусан байсан. Дараа нь түүнээсээ өөрөө ч ичсэн. Одоо манай хүүхдүүд “Ээж ээ, та нэг ч удаа гэсэн ажилдаа хоцорч оч оо. Хүн таныг хэнхэг гэж хэлнэ шүү” гэдэг юм.
-Үргэлж магтуулдаг хүн алдахаас айдаг болно биз?
-Хүний ухаанаас л хамаарна. Магтаалд ташуурдаг хүн ч бий. Алдахгүйг хичээж, зөв амьдардаг нь ч байна. Би магтуулахаас айдаг. Нүүрэн дээр магтвал бүр ч эвгүйцнэ. Намайг маш их хүндэлж байгаа хүнтэй уулзахаар итгэлийг нь алдчихвий гэж эмээдэг юм.
-Тэгвэл шагналаас ч айдаг уу?
-Шагнал бас хэцүү. Өдий насны хүн намбагүй юм гэж хэлэхээр л эвгүй байдаг. Ямар ч өө сэвгүй хүн биш дээ, яаж тэгж магтуулах вэ дээ.
-Дандаа л дүрэм журмыг чанд сахиж амьдраад байхаар хааяа нэг дүрсгүйтдэг байж гэж бодогдох юм уу?
-Тэгж нэг их бодож байгаагүй ч 60 нас гарсан хойноо залуудаа жаахан сахилгагүй явах байж гэж боддог юм. Алдаж, онож явбал хожим нь дурсамжтай байдаг юм байна. Надад бол тийм дурсамж ховор. Хүүхдүүддээ хэлэх сургамжтай зүйл ч байхгүй. Янз бүрийн хүнтэй үерхэж, хаяж, хаягдаж үзэх хэрэгтэй байх аа. Хүүхдүүдээ найз нөхөдтэйгээ орж гарахад нь хориглохгүй юм шүү гэж боддог ч, тэр бүрий чаддаггүй. Гэхдээ миний хүү, хоёр охин минь их хүмүүжилтэй.
-Таны хань ямар зан араншинтай вэ. Магадгүй таныг бодвол илүү яриа хүн байдаг байх?
-Манай хүн эдийн засагч мэргэжилтэй. Надаас тэс өөр араншинтай хүн байгаа. Өдөрт тохиолдсон үйл явдлаа ярьсаар л гэртээ орж ирнэ. Бүгдийг нь ярьж дуусгаж байж л санаа амарна. Харин би бол тэгэхгүй. Бүр 2-3 хоногийн дараа ч хэлэх нь бий.
-Дуугүй хүмүүс дотор хүнтэйгээ илүү сайн харилцаж, өөрийгөө сонсдог байж мэдэх юм.
-Огт юм ярихгүй байхаар яриасаг хүмүүст бачуурмаар хэцүү санагддаг шиг ээ. Би өөрөө өөртөө асуулт тавьж, хариулт өгөөд л явдаг. Уг нь хүнтэй ярьж байх хэрэгтэй юм байна. Нээлттэй ярьдаг хүний сэтгэлд зовлон бага хургана. Дуугүй хүн ганцаараа л шанална.
-Таныг ямар хөгжим илэрхийлэх бол?
-Ж.Чулуун гуайн “Уран хас”-ын адажио, Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан” шиг намуун хөгжим намайг илэрхийлнэ дээ.
-Та яагаад хөгжмийн шүүмж бичдэггүй юм бэ?
-Би ерөөсөө бичдэггүй. Энэ миний алдаа. Бичиж бэлдсэн зүйл харахаараа ярьж чад дагг үй учраас нэвтрүүлэгт орохдоо ч юм харж уншдаггүй. Ра диод 31 жил ажиллалаа. Уг нь уулзсан учирсан ховор хүмүүсийн яриа, дурсамж нэлээд бий. Телевиз, радиогоор нэг л удаа гараад өнгөрсөн болохоор эмхтгэж ард түмэндээ хүргэвэл сайхан байх.
-Танай гэрт хөгжмийн ямар зэмсэг байдаг вэ?
-Зээ охины минь төгөлдөр хуур бий. Хичээлийн ачааллаас шалтгаалаад төгөлдөр хуур заалгаж байгаад больсон юм. Гэхдээ одоо охин минь жаахан ядарсан үедээ өөрийнхөө мэддэг ая, ноотыг тоглоод сууж байгаа харагддаг. Би ч радиогийн хүн болоод төгөлдөр хуур тоглоогүй уджээ. Сэтгэлээсээ хийсэн ажлын үр дүн үргэлж гардаг гэдэгт тэр итгэлтэй байдаг. Хөгжмийг хүнд ойртуулж, ойлгуулах гэж 50 жил урлагийн тогоо, хэвлэл мэдээллийн салбарт хос морьтой давхиж яваа түүний хэлсэн үг бүхэн үнэ цэнэтэй санагдав. Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл болон түүх соёлоо мэдэхгүй, өмнөх үеийн шилдэг уран бүтээлчдээ танихгүй байгаа орчин үеийнхний боловсролд тэр сэтгэл зовниж явна. Тиймдээ БСШУЯ (хуучнаар)- ны Соёл урлагийн бодлогын газраас санаачлан гаргасан “Хөгжим” сургалтад зориулсан хоёр номын тайлбарыг хийжээ. Хүүхдүүд хөгжим сонсонгоо хэний, ямар нэртэй хөгжим болохыг мэдэж, уран бүтээлчийнх нь намтрыг сонсох боломжийг энэ ном олгодог аж.
Эх сурвалж: mongolnews.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.




