Өөдөлье, урагшилъя, дэвшье


...Цаг хугацааны машин хэзээ ч зогсолтгүй урагшилна... түүнтэй зэрэгцэн хүмүүний амьдрал хойшоо биш урагшаа ахисаар...

“Бидний амьдрал нэг үеэ бодвол дээшилж байнаа, мөнгөтэй л бол бүх юм байна” гэж хэн хүнгүй л ярьцгаадаг болсон. Нээрээ л мөнгө байвал “ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг нь ч авч болохоор болчихож. Харин тэр мөнгийг нь хаанаас, яаж, ямар аргаар олцгоох вэ? “Ажил хийвэл, ам тостоно” гэдэгдээ, ажил л хийх хэрэгтэй. Үүнийг бүгд мэддэг. Гэтэл ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй хэсэг нь байхад нас, хүйс царай зүсийг нь хараад ажилд авахгүй. Харин царайлаг, залуучууд нь ажил голно. Тэгээд л өнөөх дээд сургуулийн диплом өвөртөлсөн ажилгүйчүүд гудамж метрлэсээр. Энэ асуудлыг хаа, хаанаа л бодолцмоор. Ажил хийх сонирхолтойг нь ажил олгогчид авдаг, ажил голдог царайлаг залуус нь ямар ч ажлыг голохгүй хийчихдэг бол амьдрал дээшилнэ шүү дээ.  

Өөдөлж дээшлэхийн тулд, хүн шиг амьдрахын төлөө ажиллах л хэрэгтэй. Саяхны нэг өглөө Ерөнхий сайд “Өглөөний лекц” уншсан. Тэрээр хэлэхдээ эцгийнхээ хэлдэг байсан сургаалийг онцолсон. “Уруудах хүн унтаж, идэж, мартах, өөдлөх хүн сэрж санах, сойх”... Энэ сургаалийг бидний өвөө, эмээ, аав ээж бүгд сургаж захидаг байсан. Харин энэ сургаалийн утга учир мөн чанарыг ухаж ойлгодог хүн л өөдлөн дэвшдэг байх.

Унтаж идээд мартаад явбал тэр хүн яаж сайхан амьдрах билээ?

Ерөнхий сайд дээрх сургаалиа ингэж тайлбарласан. “Сэрэх, санах сойх-Сэрэх гэдэг нь өглөө эртлэн босч, нойроо багасгах, санаж гэдэг нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх, сойх гэдэг нь бага идэж бай гэсэн үг” гэлээ. Тэгээд монголын мянга мянган залуусдаа хандаж сайн сайхан амьдралыг хүн өөрсдөө цогцлоодог юм. Өөдөлье, урагшилъя, дэвшье гэвэл “Сэрж, санаж, сойё” гэж уриаллаа. Энэ уриалгыг дэмжих хүн олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

Залуусаа, амьдралынхаа эзэн нь байж аз жаргалыг өөрсдөө бий болгоцгооё!

 

 

У.Чимэг

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.