Эрчүүдтэй хэрхэн ярилцах вэ?
Дуу цөөтэй эрчүүдийг ярианд татах тийм ч хялбар бус. Эрчүүдийн хувьд яриа бол мэдээлэл солилцох нэг хэлбэр төдий. Гэтэл эмэгтэйчүүд яриандаа сэтгэлийн эмоц, уг асуудалд хэрхэн хандаж байгаа, өөрийн зорилгоо ч битүүхэн хэлээд авчихдаг. Үүнээс болж үл ойлголцол үүсэх нь бий. Эрчүүдэд товч тодорхой үг яриа хэрэгтэй байдаг тул эмэгтэй хүний дарааллан урсгасан олон үгний учрыг ч ойлгож чаддаггүй. Жишээ нь “ Би өчигдөр, яагаав нөгөө Болдтой суусан Туяаг харсан, би чамд ярьж байсан шүү дээ, тэгсэн чинь Туяа нөгөөхөөсөө салах гэж байгаа юм уу, эртээд тааралдсан, яагаад цэнгүүн дээр,...гэх мэт энэ олон эмх цэгцгүй үгний урсгалаас эр хүн ямар нэгэн зүйл ойлгоно гэж бодож байна уу? Юун туяа,юун залуу, бас юун цэнгүүн билээ. Хамгийн тайван эр ч ийм олон үгийг тэсвэрлэх чадал байхгүйг санаарай.
-Хэрэв эр хүнд ямар нэгэн чухал зүйл хэлэхийг хүсвэл эхлээд түүнийг завтай эсэхийг сонирхоорой.
-Ярианыхаа хурдацыг гурав дахин бууруул. Болж өгвөл баримттай зүйл яриарай.
-Яриаг чинь ойлгосон эсэхийг лавла. Гэхдээ шавдуулалгүй эвтэйхэн асуугаарай.
Эр хүн таны ярианд бараг асуулт тавихгүй. Сонссонгүй гэж бүү гомрох. Учир нь эрчүүд ярианы үндэс, утгыг л ойлгосон бол олон юм сонирхож, асуулт шаардлагагүй гэж үздэг.







