Ертөнцийн гэгээ” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өчигдөр “Ертөнцийн гэгээ” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа “976” арт галларейд болж өнгөрлөө. Үзэсгэлэнг Соёл спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлийн ивээл доор Соёл урлагийг хөгжүүлэх сан болон Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран зохион байгуулжээ. Уг үзэсгэлэн эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг гадаад, дотоодод сурталчилан таниулах зорилготой бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл үзэсгэлэнг үзэж, сонирхож болох юм байна. Мөн үзэсгэлэнд нийт 60 гаруй уран бүтээлч 100 гаруй бүтээлээ ирүүлснээс, Монгол улсын төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, Д.Бадам, Б.Нандин-Эрдэнэ зэрэг 43 авъяаслаг уран бүтээлчдийн 60 гаруй уран зураг 10 гаруй баримал, инстоляц тус үзэсгэлэнд тавигджээ.

Түүнчлэн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрхийн өдөр”-ийг тохиолдуулан дэлгэгдэж байгаа уг үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаан дээр ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл өөрийн таашаалд нийцсэн нэг бүтээлд шагнал гардуулсан байна. Мөн үзэгчдийн саналаар олны таашаал хүртсэн гурван уран зургийг шалгаруулан зураачдад нь шагнал гардуулжээ. Харин үзэсгэлэнгийн нэгэн томоохон гэнэтийн бэлэг нь  33 жил уран бүтээлээ туурьвиж байгаа С.Төгс-Оюун, Д.Бадам нарын хөдөлмөрийг үнэлж СТА цол тэмдэг гардуулан өгсөн явдал байлаа. Олны таашаалд нийцсэн зургийн тэргүүн байранд зураач Д.Булгантуяагийн “Тэнгэрийн ивээл” зураг, удаах байранд  Монгол улсын төрийн соёрхолт зураач С.Саранцацралтийн “July” буюу “Долдугаар сар” хэмээх бүтээл орсон байна. Гуравдугаар байранд зураач Д.Үүрийнтуяагийн “Хэн нь хэн бэ” буюу “Who is who” гэсэн бүтээл шалгарчээ. Мөн эдгээр уран бүтээлчдийн уран зургуудаас шилдэг таван уран бүтээлчийн бүтээлийг шалгаруулан олон улсын үзэсгэлэнд оролцуулах эрх олгохоор болсон байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.