Адель, Бейонси нар тэргүүн хатагтайн төрсөн өдөрт уригдлаа

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама жилийн дараа цагаан ордонд зохион байгуулагдах 50 насны төрсөн өдрийн баяртаа өөрийн хайртай хоёр дуучныг зочноор урьжээ. Ирэх оны нэгдүгээр сарын 17-нд болох энэхүү ойн баярт Грэммийн шагналт нэрт дуучин Адель, Бейонси нар уригдаад байгаа бөгөөд хүндтэй урилга хүлээсэн дуучин Адель аль хэдийн зөвшөөрсөн хариугаа хатагтай Обамад уламжлаад байгаа аж. 
Тэргүүн хатагтайн 50 насны төрсөн өдрийг сүр дуулиантайгаар тэмдэглэх тухай эх сурвалжууд жилийн өмнөөс шуугиж эхлээд байна. Харин поп од Бейонсигийн хувьд өнгөрөгч оны сүүлээр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Обамагийн сонгуулийн сурталчилгааны арга хэмжээ мөн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд нь оролцсон билээ. Иймд тэргүүн хатагтайн урилгыг албан ёсоор хүлээн авснаа мэдэгдээгүй байгаа ч Бейонси энэхүү хүндтэй баярт оролцох нь ойлгомжой хэмээн эх сурвалжууд энэ үеэр мэдээлжээ.






