Монгол эмэгтэй анх удаа дугуйн спортын аварга боллоо
Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин түүхэн дэх анхны алтан медалийг авжээ. Монголын дугуйн эмэгтэй тамирчин Түвшинжаргалийн Энхжаргал Япон, Хонгконгийн тамирчдыг ардаа орхиж, 28 км замыг туулан түрүүлсэн байна. Гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихоор ахлуулсан тамирчид багаараа тус тэмцээнд оролцож байгаа юм. Дугаар шилжих мөчөөс урьтан тэд энэхүү баярт мэдээг Монголын дугуйн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Анандбазарт мессежээр дуулгажээ.

Түүнчлэн Т.Энхжаргал нь усан спортын дэд мастер, триатлон болон дугуйн спортын мастер цолтой, 2010 онд Сингапурт зохиогдсон Залуучуудын анхдугаар олимпийн наадам болон Гуанжоу-2010 Азийн зуны спортын XVI наадамд триатлоны төрлөөр оролцсон билээ. Дашрамд дурьдахад тэрээр дугуйны төрлөөр 2012 оны Монголын Бүх ард түмний спортын XIII наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, хүрэл медаль хүртэж байсан юм.






