Таны гэрлэлт эрүүл үү?
Түшиг тулгуур хайсан гэрлэлт: Хоёр биедээ хайргүй, гэхдээ үзэл бодол, хүсэл тэмүүлэл, ашиг сонирхлоороо ижил хүмүүс хүчээ нэгтгэн хөдөлмөрлөхийн тулд гэрлэхийг хэлнэ.
Романтик гэрлэлт: Гол төлөв залуу хосууд царай зүс, бие хаа, гоо үзэсгэлэнг сэтгэлийн сайхнаас илүү үзэж хурьцлын амтанд мансуурсан гэрлэлтийг хэлнэ.

Нөхөрсөг
гэрлэлт: Хоёр биедээ
хайргүй, гэхдээ бие биеэ сайн мэддэг хоёр, хуучин найзууд учраас ойлголцож
гэрлэсэн гэрлэлт
Жинхэнэ гэрлэлт : Хоёр биедээ жинхэнэ хайртай хосууд жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцахын тулд гэрлэхийг хэлнэ.
Хосууд гэрлэсэн цагаасаа хувь хувидаа тодорхой үүрэг хүлээдэг. Уламжлалт заншлаас авч үзэхэд хосууд дараах үүргийг хүлээдэг байна.
1. Уламжлалт үүрэг.
· Эхнэр :
- Үр хүүхдээ хүмүүжүүлэх
- Гэр орноо цэвэрлэх
- Эр нөхрийнхөө үгэнд орох
- Нөхөртөө үнэнч байх
· Нөхөр :
- Эхнэртээ үнэнч байх
- Гэр орноо тэжээх
- Гэр орноо хамгаалах
- Үндсэн шийдвэрүүдийг бие даан гаргах
- Салсан тохиолдолд хүүхдийн тэтгэмж төлөх
2. Нөхөрсөг үүрэг
· Эхнэр:
- Өөрийн гоо сайханд анхаарал тавих
- Нөхрийнхөө ажил төрөлд анхаарал тавих
- Өөрийн дур тачаалаа нөхрийнхөө хүсэл тэмүүлэлд зохицуулах
· Нөхөр :
- Эхнэрээ хайрлаж халамжлах,
- Чөлөөт цагаа эхнэртээ зориулах
- Эхнэр, хүүхдээ мөнгөний гачигдалд оруулахгүй байх зэргүүд юм.
Эдгээр үүргүүд алдагдахын хэрээр гэр бүлд зөрчил маргаан гарч эхэлдэг байна. Амьдрал дээр эдгээр үүргүүдийн жорыг тааруулж явна гэдэг санаснаар болохгүй нь мэдээж хэрэг.
Та ямар ч хэлбэрээр гэрлэсэн бай гэр бүлийн харилцаанд зөрчил гаргуулахгүй байх, нандин холбоогоо удаан хадгалахад дараах энгийн мэт боловч чухал зөвлөмжийг танд хүргэж байна
.
Адилтган, харьцуулах хэрэггүй.
Нэгэнт л та түүнтэй насан туршдаа амьдарна гэсэн итгэлтэйгээр гэрлэсэн бол хамтрагчаа хэзээч битгий хэн нэгэнтэй сул талаар нь адилтгаж, харьцуулаарай. Тиймэрхүү бодол төрөөд байгаа бол толгойноосоо арчиж хая.
Энэхүү байдал даамжирвал нэг л өдөр түүнд та марташгүй муухай үгийг хэлж л таарна. Харин түүний оронд ханийхаа сайн талыг эрж, хайж эхлэх хэрэгтэй бөгөөд тэрхүү чанаар нь үргэлж бахархаж байгаагаа үйл хөдлөл, үг яриагаараа илэрхийлж байх хэрэгтэй. Ингэснээр та өөрөө ч тэрхүү хүндлэлийг цаг үргэлж хүлээн авах болно.
Буруушаах хэрэггүй
Мэдээж үүргийн будлианаас хамааралтай зөрчил их, бага хэмжээгээр байнга л гарна. Тэр үед та чамаас л боллоо, чи л буруутай гэж хэзээч хэлж болохгүй. Харин түүний оронд чи минь байгаагүй бол үүнээс дор зүйл болох байлаа, эсвэл миний алдаанаас л ийм зүйл боллоо гэж хүсэхгүй байсан ч хэлээд үз. Хань чинь ухаантай л хүн бол өөрийнх нь буруу байсныг ил биш ч дотроо хүлээн зөвшөөрч, өөрийг нь буруу шаахгүй байгаа таныг улам ихээр хайрлан хүндэлж, цаашид алдаа гаргахгүй байхыг хичээх болно. Амьдралд төгс хүн, алдаа гаргахгүй хүн гэж хаа ч байхгүй гэдгийг цаг үргэлж өөртөө хэлж бай.
Магтаж бай
Та ханийгаа үргэлж анзаарч байгаарай. Өмссөн хувцас, үсний засалт, биеэ авч яваа байдал зэргий нь болж өгвөл сайхан талаас нь магтаж түүнийг биширч байгаагаа хэлж бай. Магадгүй бага зэргийн дутагдал байлаа ч түүнийг магтаалынхаа дараа багахан сануулга болгон хэлэхэд тэр алдаагаа дор нь л засахыг хичээх болно. Магтаалыг өдөр бүр сонсох хэнд ч сайхан шүү дээ.
Сонсож бас ярилц
Та ханийхаа
санаа, бодол хэлэлцэх асуудлыг үргэлжид сонсон хуваалцаж, дэмжиж, ярилцаж байх
хэрэгтэй. Энэ нь хосуудад хоёуланд нь хамаатай. Хэн нэгнийхээ хэлж, ярьсан
зүйлийг төдийлөн тоохгүй, ойшоохгүй, өөрийнхөөрөө зүтгэх, хэт мэдэмхийрэх гээд
байвал тэр нь даамжирсаар гомдол, хүйтэн харилцаа цаашилбал хэрүүл, зодооныг ч
үүсгэж болзошгүй юм.

Талархаж бай
Хосууд тус бүрдээ хүлээсэн үүргээ биелүүлж байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хийх л ёстой зүйл мэтээр хэвийн байдлаар бүх зүйлд хандаж болохгүй. Харин ч эсэргээрээ талархаж бай.
Хийсэн хоол, индүүдсэн хувцас, цэвэрлэсэн гэр, авч өгсөн бэлэг, халамж анхаарал, шөнийн жаргал гээд бүх л зүйлд 2 биедээ дандаа талархаж баярлаж байгаагаа хэлж мэдрүүлж байгаарай. Тэгснээр хэн, хэн нь үүрэг хариуцлагатаа улам үнэнч байхыг хичээн бие биедээ үргэлж сэтгэл хангалуун байж чадах болно.
Хардалт дэмий
Амьдралын туршид хосуудыг сорисон олон асуудлууд гарч ирдгийн нэг нь араар тавилт болон хардалт байдаг. Энэ байдал үнэн, худал байх нь гол биш бөгөөд хардалтыг хэтрүүлж болохгүй. Хардаж, хэл ам хийж, араас нь нэхэл дагал болох нь тийм ч зөв харилцаа биш. Харин түүний оронд өөртөө анхаарал тавьж, хэв маягаа өөрчлөөд улам өөдрөг байхыг хэцүү байсан ч оролдоод үз. Уйлан шаналж, уцаарлан бухимдаж, үрчгэр бараан царай гаргаж явснаас энэ нь хавигүй дээр. Заримдаа амьдралд хэтэрхий их зүйлийг мэдэх гэж оролдох нь зовлон авчирдаг гэдгийг санах хэрэгтэй. Үнэн ч бай худал ч бай хардаж байгаа хүн өөрөө л сэтгэлийн гүн дарамт, стресст өртдөг гэдгийг мартаж болохгүй. Нэмж хэлэхэд хардахын оронд түүнд ямар их итгэж, хүндэлж явдаг, ханиараа юутай их бахархаж явдгаа хэлж бай.
Нууц зүйл....... нууц л байх ёстой
Магадгүй танд өөр хэн нэгэн хүн гарч ирсэн юм биш биз. Дур хүсэл, шохоорхол гэдэг тодорхой сэтгэл хөдлөлтэй холбоотой цаг зуурын асуудал байдаг. Хүссэнээ авсан бол одоо бодит байдлаа хар. Хүсэл бүхнийг биелүүлэхийн тулд хүн олон зүйлээ золиослож ч болно. Шунал гэдгийг дар гэж ухамсар, тэвчээр хүнд заяасан нь юутай гайхамшигтай. Эцэст нь хэлэхэд нууц зүйл гэдэг нууц л байх ёстой, нууцлаж байх ёстой учир хэмжээтэй л байх ёстой гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Ер нь эртний сургаальд "Бүх нууцууд хэзээ нэг цагт илэрхий болдог" гэсэн үг байдгийг санаж шийдвэр гаргахаа мартав.
Бие биедээ цаг заавал гарга
Хэн хэн нь ажил төрөл, зорилгоосоо хамааран завгүй байх тохиолдлууд амьдралд цөөнгүй тохиолддог. Та ханитайгаа хамгийн сүүлд хоёулхнаа байсан цаг мөчийг бодоод үз. Үр хүүхэд, ажил төрөл, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зөвхөн хоёулхнаа байх цаг гарах нь 25-40 насныханд харьцангуй бага байдаг байна. Та заавал цаг гаргаж хайртгайгаа хоёулхнаа байх орчинг бүрдүүлээрэй. Тэр цаг хугацааг аль болох хөгжилтэй, дурсамжтай, санаанд оромгүй, сэтгэл хангалуун өнгөрөөхийг хичээгээрэй. Та хоёрын харилцаа улам сайжирч биедээ биенийгээ илүү ихээр мэдэрч, ойлгон хайрлах болно.
Халуухан бай
Хосуудын дунд хийгдсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь, эрэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь сексийн хувьд илэн далангүй байж хүссэн зүйлээ хамтрагчаасаа авч чаддаггүй гэсэн үзүүлэлт гарсан байна. Нэг л хэвийн, онцгой таашаал авч чадахгүй юмаа гэж бодохын оронд яавал илүү халуухан, илүү их таашаал авч болох талаар чөлөөтэй ярилц, биенээсээ асуу, бие биенээ мэдэр. Сексийн харилцаатай холбоотой үзэл бодлын хувьд ямагт нээлттэй байна гэдэг та 2-ын амьдралын амин гол асуудлаа зөвөөр шийдэж, хөгжүүлж, батжуулж байгаа хэрэг юм шүү. Сексийн далд дур хүслээ бусад хүнээс хайх нэг гол шалтгаан нь санаачлагатай, нээлттэй, чөлөөтэй байж чадаагүйтэй шууд холбоотой байдаг байна.






