Жүжигчин Навчаа: Эр, эм хоёрын уулзах эцсийн цэг нь “итгэлцэл” юм

...Жүжигчин Навчаатай би Facebook-н найзууд л даа. Би биенийхээ оруулсан зураг, бичлэг, бичвэрийг шейрлэдэг, лайк дардаг тийм л найзууд. Саяханы нэг өдөр би Навчаад зурвас илгээж, ярилцлага авах санал тавьсаныг минь жүжигчин бүсгүй хүлээж авсан юм.  Навчаагийн бүтээсэн дүр бүхэн үзэгчдийн сэтгэлд хүрч, тэдний талархлыг хүлээдэг. Саяхан “Ларьдма” хэмээх өвөрмөц нэртэй киноныхоо нээлтийг хийх гээд жүжигчин бүсгүй тун завгүй ажиллаж байгаа хэдий ч бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгснийг уншигч бүсгүйчүүддээ хүргэе.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Хоёулаа ярилцлагаа  таны бага насны тухай тухай дурсамжаар эхлэх үү?
Б.Навчаа: Сайн сайн байна уу? Юуны өмнө emegteichuud.mn сайтынхаа уншигч  бүсгүйчүүддээ хаврын урь орсон энэ сайхан өдрийн мэндийг хүргэе! Миний бага нас бусдынхтай л адил өнгөрсөн. Олон найз нөхдөөр хүрээлүүлсэн, нийтэч, сайн муу аливаа зүйлд бусдыгаа хошуучилсан охин байсан. Ер нь бол хөдөлгөөнтэй талдаа, хичээлдээ сайн сурлага сайтай байлаа.
Томоогүй дэггүй байсан ч хэний өмнө галзуурах уу? Хэний өмнө томоотой байх уу гэдгийгээ ялгаж салгаж чаддаг байсан. Миний бага насны дурсамжууд 1-р ангидаа төмөр замд, тэгээд 1-р хороололд, сансарт, 10-р хороололд үлдсэндээ.
-Хэр олон найзтай вэ? Охидын үерхэлийн үнэ цэнэ юунд оршдог юм бол?
Б.Навчаа: Их олон найзтай. Найз нөхөд бол цагийн уртад, янз бүрийн шалгуураар тунаж үлддэг. Сайн найз гэдэг бол өдөр болгон уулзаж учраад явахын нэр биш хэрэгтэй үед нь бие биедээ тус болдог, хазайхад нь түшиж уруудахад нь урам өгдөг, даварч явбал засч залруулдаг тийм л хүмүүсийг сайн найзууд гэж хэлнэ. Охидын үерхэл хов жив, атаа жөтөөнөөс болж салж сарнидаг л даа. Гэхдээ энэ бүхнийг давж чадсан нь л сайн найзууд хэвээр үлддэг байх. Тиймэрхүү хов живтэй таарч л байсан. Миний хувьд би зүгээр л чимээгүй орхичихдог, араас нь хөөцөлдөөд л, наалдаад яваад байдаггүй. Ер нь бол хүн өөртөөгээ зан аашаараа ижил хүмүүстэй найзалсан харагдаг шүү дээ.

-Өнөөгийн нийгмийн эмэгтэйчүүдийн амьдрал, зан чанарыг тодорхойлвол?
Б.Навчаа: Хүн болгон адилгүй л дээ. Өссөн орчин, сурч боловсорсон байдал, ар гэрийн амьдрал эрхэлдэг ажил мэргэжил гээд өөр өөр л байгаа. Өнөөгийн нийгмийг хараад байхад эмэгтэйчүүдийн маань нуруун дээр ар гэрээ авч явах, ажиллах хөдөлмөрлөх хүнд хүчир ачааг үүрч байх шиг санагддаг. Тэгсэн хэрнээ манай Монгол эмэгтэйчүүд тэрийг тэглээ ингэлээ гээд гоншигоноод байдаггүй тэвчээртэйгээр даван туулж чаддаг мундаг хатуужилтай, хүмүүжилтэй хүмүүс. Бусдыг манлайлаад удирдаад, зоригтой, шийдвэр гаргаад явж байгаа эмэгтэйчүүд ч зөндөө байна.

-Хоёулаа яриагаа арай өөр тийш хандуулъя! Уучлалтыг та  юу гэж боддог вэ? Хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж чаддаг уу?
Уучлалт гэдэг бол хамгийн агуу зүйл... Уучлалт заавал байх ёстой. Хэзээ ч уучлашгүй зүйл хийнэ гэдэг бол гэмт хэргийн л шинжтэй үйлдэл байх. Уучлалтыг харамгүй хэлж, гуйж байх ёстой гэж боддог. Миний хувь би урлагийн хүн болоод ч тэрүү аливаа зүйлд хөнгөн цагаахнаар ханддаг. Хүнд тэгтлээ гомдоод, гомдоогоод хар буруу санаад яваад байдаггүй. Гэхдээ миний буруу байсан үед уучлалт гуйж чаддаг. Ер нь уучлалт гуйна, уучилна гэдэг бол аль аль 2 хүнийхээ  хувьд юутай ч зүйрлэмгүй агуу хүнлэг, сайхан чанар юм.
-Та ер нь хэр сайн гэрийн эзэгтэй, ээж вэ?
Оёж урлахын тухайд бол урагдаж цоорсоноо өөрийнхөө хэмжээнд оёчихно, гэхдээ юм хум эсгээд урлаад суугаад байдаггүй. Хоол хийхийн тухайд, ер нь эмэгтэй хүн хоол цай сайтай байх л хэрэгтэй гэж боддог. Намайг хүмүүс хоол хийдэггүй царайны гэж боддог гэсэн. Харин би хоол өөрийнхөөрөө гайгүй хийчихнэ ээ. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр пицца хийж өгдөг. Миний хамгийн сайн хийдэг хоол гурилтай шөл.

-Хамгийн сүүлд гарынхаа хоолыг хэзээ хийсэн бэ?
Уржигдар гэртээ мөөгтэй хуурга хийсэн.
-Урлагийн “эмэгтэй хүн” байхын сайхан хийгээд хэцүү тал юу вэ?
Хэцүү тал нь гэвэл цаг наргүй, амралтгүй ажилладаг. Амралтын өдрүүдээр бид нар ажиллах хэрэгтэй байдаг. Гэтэл төрийн байгууллагууд амраад ажил урагшлахгүй байх бэрхшээл бас байдаг. Сайхан талууд их байна аа. Өөр өөр дүрд тоглоно, өөр орчинд ажиллана гээд их сонирхолтой мэргэжил шүү дээ.
-Жүжигчин мэргэжлийг эзэмшээгүй бол?
Тооны талын хичээлдээ сайн байсан болохоор санхүүгийн талын л мэргэжил эзэмших байсан байх.

-Эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нийлүүлдэг эцсийн цэг нь юу вэ?
Эр эм хоёрын нийлж амьдрахын эцсийн туйл нь итгэл шүү дээ. Итгэл л байхгүй бол амьдрал байхгүй. Хань гэдэг бол амьдралын туршид хамтдаа байх, итгэх ганц хүн. Зарим үед найз, зарим үед аав ээж, дотны туслагч болдог. Хань гэдэг үгийн утга учрыг сайн бодоах хэрэгтэй байх. Насан туршдаа бие биендээ хань болж амьдарна гэсэн үг.
Амьдрал дээр анхандаа бие биенээ тоодоггүй байсан, нэг нь нөгөөгийнхөө араас гүйгээд байсан хүмүүс хожим нь бие биедээ дасаад, дурлаад эцэст нь амьдарсан л  байдаг шүү дээ. Энэ бол ганцхан итгэлцэл л гэж би боддог.
-Таны тоглож байсан дүрүүдээс таны өөрийн зан чанар, ааш араншинтай адил төстэй дүрүүд байсан уу?
Нэг их тийм ойрхон, энэ л төстэй юм л даа гэсэн дүр байхгүй дээ. Би өөрөө жүжиглэж байгаа учираас үнэн бодитой дүрээ гаргах ёстой, уурлахаараа би өөрийнхөө жинхнээсээ уурлана, гэхдээ хэлж байгаа текст нь миний үг биш л дээ. Миний бүтээсэн дүрүүдэд Навчаа, Навчаагаараа тоглосон гэхэд хэцүү, тоглоогүй гэхэд хэцүү. Гэвч жүжигчин хүн үнэмшилтэй бодитойгоор дүрээ гаргах ёстой.

-Удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа “Ларьдма” киноныхоо тухай?
“Ларьдма” гээд уран сайхны киног бүтээгээд, 5-р сарын 5-нд нээлттэй хийх гэж байна. Продюсерээр нь ажиллаа. Оюуны өмч талаасаа цэвэр миний уран бүтээл. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн тухай кино, энэ хүчирхийлэлд эмэгтэй хүн ямар ихээр өртдөгийг л харуулсан. Эмэгтэй хүн амьдрал дээр ямар олон хэцүү бэрх  зүйлүүдийг тэсч тэвчиж чаддаг юм бэ? гэдгийг өгүүлсэн. Эмэгтэй хүний хайр, тэвчээр хоёр барагдахаараа юунд хүргэдэгийг энэ киногоороо гаргахыг зорьсон.
-Цаг завгүй ажлынхаа дундуур бидэнд зав гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (202.126.91.170) 2013-05-10 17:18:26
mundag egch shuu amjilt