Итгэлийг минь алдсан хоёр өгүүлбэр захидал
Итгэлийг минь алдсан хоёр өгүүлбэр
Нөхөр бид хоёр 6 жил хамт амьдарч байна. Нэг хүүхэдтэй. Бид бие биенийхээ утсыг огт шалгадаггүй л дээ. Анхнаасаа л тийм байсан. Гэтэл нэг орой охиноо унтуулчихаад хамт хэвтэж байтал утсанд нь мессеж ирлээ. Барагцаагаар 23 цаг болж байсан байх. Би тоосон ч үгүй утсыг нь авч өгөнгөө дугаарыг нь хартал Бат гэж тэмдэглэсэн дугаараас мессеж ирсэн байв. Найзыг нь Батаа гэдэг юм л даа. Гэтэл нөхөр маань "Батаагаас ирсэн байна аа" гээд яагаад ч юм нууж уншаад байлаа. Гэхдээ би түүнд эргэлзээгүй итгэсэн байсан юм. Маргааш бид ажилдаа явахаар холхилдож байтал нөхөр маань утсаа орхиод гарчихлаа. Өөрийн мэдэлгүй утсыг нь шалгатал бүх мессежээ устгасан байв. Харин Sent дээр нь ганцхан мессеж үлдсэн байлаа. Магадгүй устгахаа мартсан бололтой. "Чи бол үнэхээр сайхан бүсгүй, би чамд байгаа бүхнээ зориулна" гэсэн хоёрхон өгүүлбэрийг уншаад хамаг итгэл минь нурж, уур хүрч, учиргүй ихээр гомдож уйллаа. Ажилдаа явах гээд будсан нүүр авах юм байхгүй халтар болчихсон.

Уйлж, уйлж жаахан тайвшраад нэгд би нүдээрээ хараагүй, хоёрт баталгаагүй, гуравт охиныгоо бодож хэрүүл хийхгүй байх нь зөв гэж шийдлээ. Маргааш нь өнөөх дугаараас дуудлага ирэхэд нөхөр утсаа авсангүй. Залгаад л байлаа. Нэг өдөр тэсгэл алдан "Чи өөр хүүхэнтэй болоо юу" гэтэл учиргүй уурлаж хаалга үүд саваад гарлаа. Хоёр цагийн дараа юу ч болоогүй юм шиг орж ирээд "Би чамдаа л хайртай өөр янз бүрийн хүн байхгүй" гэж учирлан хэлэхэд нь нээрээ л тийм байх гэж гэнэн зангаараа итгэчихсэн юм даа.
Энэ өдрөөс хойш өнөөх эмэгтэйн дугаарыг харалгүй зургаан сар болсон байлаа.
Гэтэл нөхрийн утсанд дуудлага ирлээ. Дугаарыг нь хальт харвал өнөөх эмэгтэйн
дугаар мөн байв. Би тэр дугаарыг андуураа биз гэж хэсэг тайвширсанаа, баталгаатай
шалгаж үзэхээр шийдээд утсыг нь шалгатал мөн байсан юм. Зүрх хурдан цохилж,
хамаг юм хөмөрчихсөн юм шиг санагдав. Намайг доромжилж байгаад нь уур хүрч,
очингуутаа алгадаад авмаар байсан ч хэсэг азнахаар боллоо. Би л гэрийн эзэгтэй
шиг байж чадаагүй учраас ингэж байгаа байх гэж өөртөө буруу өгөх гэсэн ч миний
гомдол тайлагдсангүй. Яг үнэндээ ийм зүйл анх удаа болсон юм биш. Хэд хэдэн
удаа ийм явдал болоход миний толгойг угаачихдаг байсан юм. Би уучилдаг гэх үү
дээ. Гэхдээ хэзээ ч түүний буруу байгаагүй. Хардсанаараа би л буруутай болдог
байв.

Би бүжигчин хүн л дээ. Бэлтгэл, тоглолт гээд жаахан завгүй байдаг минь үнэн. Гэхдээ би гэр бүлээ анхаарал халамжаар дутаахгүй юмсан гэж их хичээдэг.Намайг хуурсан гэдгийг би нүдээрээ хараагүй болохоор л тэсэж байсан. Гэхдээ ийм зүйл ахин дахин давтагдахад би тэсэхгүй нь. Энэ тухайгаа ээж, аавдаа хэлэх гэхээр нөхрийнхөө нэрийг бодоод чадахгүй, найзууддаа ярих гэхээр бас л болж өгөхгүй юм. Салах гэхээр охиноо бодоод, нийлэх гэхээр итгэж чадахгүй байна. Тийм ээ тэр хоёр өгүүлбэртэй мессежнээс хойш би нөхөртөө итгэх итгэл минь алдарчихсан. Би энэ хорвоогийн хамгийн хүүхэмсэг залуутай суучихсан юм болов уу, эсвэл би өөрөө муу эмэгтэй юм болов уу. Надад хэцүү байна...







