Монголдоо анх удаа дэлхийн аваргын алтан цомыг авч ирлээ

БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 21-25-ны хооронд зохион байгуулагдсан “IDF DARTS WORLD CUP-2013” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Олон Улсын Дартсын Холбооны гишүүн байгууллага болох Монголын Дартс Сонирхогчдын Холбооны тамирчид 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. Тэгвэл эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасан МДСХ-ны тамирчид өндөр амжилт үзүүлэн медалийн хур буулгасан таатай мэдээг хүргэж байна.

Тухайлбал, МДСХ-ны тамирчин Д.Эрдэнэчимэг уг тэмцээнээс дээд лигийн эмэгтэй ганцаарчилсан төрлөөр Монголдоо анх удаа дэлхийн аваргын алтан цомыг авч ирэх нь. Эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, хос болон багийн төрлөөр зохиогдсон энэхүү тэмцээнд МДСХ нь дөрөв дэх жилдээ оролцож байгаа юм.

Д.Эрдэнэчимэг нь “IDF DARTS WORLD -2012” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл цомыг хүртэж байсан аж. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн Дартсын Холбооноос зохион байгуулсан “Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс хосын төрлөөр МДСХ-ны тэргүүн М.Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг нар аваргын алтан цомыг хүртэж байсан юм. Харин өнгөрсөн долдугаар сарын 20, 21-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдсон “Бээжин-2013” олон улсын нээлттэй тэмцээнээс эмэгтэй ганцаарчилсан төрлөөр С.Гэрэлтуяа, Д.Эрдэнэчимэг нар 5-р байрт шалгарч тусгай байрын шагналуудыг хүртэж байсан билээ.

Харин энэ удаагийн тэмцээнд дээд лигийн эмэгтэй ганцаарчилсан төрлөөр Ц.Баатар гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, эрэгтэй ганцаарчилсан төрлөөр Б.Биндэрьяа мөнгө, Х.Одхүү 4-р байр, хосын төрлөөр Б.Биндэрьяа, Х.Одхүү нар мөнгөн медаль хүртсэн өндөр амжилтуудыг гаргажээ. Тэд энэ сарын 29-нд эх орондоо ирэх гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.