Тулаанч Есүй ”Монголын эмэгтэйчүүдийг надаар үнэлдэг байсан учир шантрах эрх байгаагүй”
Япон улсад эх орныхоо нэрийг дуурсгасан Монголын анхны бөгөөд
цорын ганц эмэгтэй тулаанч бүсгүй бол Э.Болормаа буюу Есүй билээ. Тэрээр
2007 оноос хойш арлын Япон улсад “pro-wrestling” буюу нохой зодооноор ,
2010 оноос дүрэмгүй зодоон гэгддэг “fighting” –аар, холимог тулааны
төрлөөр тус тус хичээллэж байжээ. "Монголын эмэгтэйчүүдийг надаар үнэлдэг байсан учраас шантрах эрх байгаагүй" хэмээн ярих түүнээс үндсэрхэг үзэл үнэхээр тод томруун харагдаж байсан юм. Хүч чадал, гоо үзэсгэлэн, дайчин чанар...бүгдийг өөртөө цогцлуулж чадсан гайхалтай тулаанч Э.Болормаатай хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Саяхан байгуулагдсан Монголын эмэгтэй тулаанчдын холбооны тухай яриагаа эхлэе.
Энэ сарын 6-нд
Монголын эмэгтэй тамирчдын холбоогоо байгуулж албан ёсоор бичиг баримтаа авлаа.
Энэ холбоо маань эмэгтэй тулаанчдыг бэлтгэх, Монгол эмэгтэй тамирчдыг
дэлхийн тавцанд гаргах зорилготой. Холбооны албан ёсны анхны арга хэмжээ бол
удахгүй болох Монголын эмэгтэй тулаанчдын шоу тоглолт юм. Энэ тоглолт маань
Монголоор омогшиж, Монголоор бахархсан их сайхан тулаан болно гэдэгт итгэлтэй
байна.
Тэмцээн нь хаана
болох вэ? Аль улсаас ямар ямар тамирчид ирж оролцох вэ?
Тэмцээнд Буриад
,Тува, Өвөрмонгол мөн Японоос тамирчид ирж байгаагаараа онцлогтой. Би өөрөө
тулалдана. Монголд анх удаа эмэгтэй тамирчдын тулаан зохион байгуулж байгаадаа
сэтгэл их хангалуун байна. Миний тоглолтонд мөн хамтлаг дуучид ирж, ая дуугаа
өргөнө.Их Монгол үнэртсэн сайхан тоглолт болоосой гэж хүсэж байна.
Тус холбоог байгуулахад юу нөлөөлсөн бэ? Зарим хүмүүс, ялангуяа эрчүүд эмэгтэйчүүдийг сул дорой гэдэг Нөгөөтэйгүүр тулааны урлаг эмэгтэй хүнд дэндүү хүнд ч гэж ярьдаг. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?
Тулаан бол хүнд спорт. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүнд ч гэсэн хүнд тооцогддог. Тэглээ гээд Монголчууд бид хойшоо суух хэрэггүй болов уу. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж бодож байна. Би чадлынхаа хэрээр энэ спортыг Монголд хөгжүүлэхийг зорих болно оо.
Танай холбоонд хэдээс хэдэн насны эмэгтэйчүүд элсэх боломжтой вэ? Ямар нэгэн шалгуур бий юу?
Насны хувьд янз бүрийн л хүн надад ханддаг. Нас бол зүгээр л тоо гэж боддог. Тиймээс ямар нэгэн зааг тогтоохыг хүсэхгүй байна.Тулаанд сонирхолтой хүн бүрийн өмнө манай үүд хаалга нээлттэй байх болно.
Ямар бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байна вэ?
Манай холбоонд
одоогоор удирдах зөвлөлийн таван хүн байгаа.
Таны хувьд тулааны спортоор хичээллэхэд ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн нөлөөлсөн үү?
Манай багш Жудогийн Ц.Шийрэв гэдэг хүн байдаг. Миний амьдралын чухал мөчид зөв шийдвэр гаргахад их нөлөөлсөн хүн гэж боддог.
Гэрийнхэн тань
энэ тал дээр ямар хандлагатай байсан бэ? Ялангуяа ээж тань?
Ээж маань намайг энэ спортыг сонгох үед харамсалтай нь бурхан болсон байсан. Бодвол амьд байсан бол явуулахгүй гэх байсан байхаа. Гэрийхэн маань мэдээж эсэргүүцэж байсан.Гэхдээ залуу хүн хиймээр байгаа зүйлээ цаг хугацаа алдахгүй хийвэл хожим нь харамсахгүй байх болов уу гэж боддог.
Та өөр ямар ямар спортоор хичээллэж байсан бэ?
Сагс, Волейбол, Явган алхалт, Самбо, Жудо Сумо гээд л олон спортоор хичээллэж байсан. Сүүлд Байт харваагаар хичээллэж эхлээд байгаа.
Таны сонирхлыг илүүтэй татсан холимог тулааны гайхамшиг мөн чанар нь юунд оршдог вэ?
Энэ бол бүх
төрлийн хүчний спортыг нэгтгэж чадсан учраас үнэхээр гайхамшигтай спорт .
Японд тулаанч бүсгүйчүүд хэр их байв?
Японд энэ
спортоор хичээллэдэг охид нилээдгүй байсан. Ихэнх нь жудогоор хичээллэж
байгаад тулаанд орсон байдаг.
Харин Монголоос зөвхөн та байсан. Шантрах үе гарч байв уу?
Тиймээ, Шантрах үе
гарна. Гэсэн ч хэрвээ би болих юм бол Монголын нэрийг гаргах өөр хүн байгаагүй.
Монголын эмэгтэйчүүдийг надаар их үнэлж дүгнэдэг байсан юм. Тиймээс би Монголынхоо
нэрийг өндөрт өргөх ёстой байсан.
Хүний нутагт
ганцаараа Монголынхоо төлөө ингэж их хичээж байсанд тань Монгол түмнийхээ
өмнөөс баярлалаа гэж хэлье!
Тэнд байхад хэн их тусалж дэмждэг байсан бэ?
Баярлалаа. Тэнд байсан Монголчууд мөн сумочид маань их дэмжиж тусалдаг байсан шүү.
Тулааны спортоор нийт хичнээн тэмцээнд оролцож байсан бэ? Санаанаас тань гардаггүй, дурсамж үлдээсэн ямар тэмцээн байна вэ?
Миний хамгийн анхны тэмцээн санаанаас огт гардаггүй, их сургамжтай тэмцээн болж байсан. Өрсөлдөгч маань янз бүрийн л хүмүүс байдаг. Амархан өрсөлдөгч гэж байдаггүй болохоор бүх өрсөлдөгчөө сайн судалж байж ордог. Би pro-wrestling буюу нохой зодооноор 130 гаруй тэмцээнд, Харин MMA буюу холимог төрлөөр арван тэмцээнд орж байсан.
Хэдэн
наснаасаа эхлэн энэ спортоор хичээллэсэн бэ? Ер нь тулааны спортод
сонирхолтой хүүхдүүд хэдэн наснаасаа эхлэвэл сайн тулаанч болж чадах вэ?
Би спортоор хичээллээд
14 гаруй жил болж байна. Спортод сонирхол л байвал хэзээ ч эртдэхгүй мөн
оройтдоггүй юм.
Магадгүй охид
маань өөрсдөө хүссэн ч эцэг эх нь зөвшөөрөхгүй байх тохиолдол гарах байх.
Тэгвэл та эцэг эхчүүдэд нь хандан юу гэж хэлэх вэ?
Охин чинь мундаг тамирчин байх албагүй. Харин харанхуй бүрэнхийд биеэ хамгаалах чадвартай байх ёстой гэж бодож байна. Ямар нэгэн юм болсны дараа амаа барьж сууснаас урьдчилан сэргийлнэ гэдэг ухаант хүний зан байх аа.
Япон эмэгтэйчүүд, Монгол эмэгтэйчүүдийн хооронд ямар нэгэн ялгааг та олж харав уу?
Монгол эмэгтэйчүүд их тэсвэр тэвчээртэй, юмыг их хурдан сурдаг юм уу гэж анзаарсан. Ер нь Монгол эмэгтэйчүүд маань мундаг шүү дээ.
Таны бодлоор сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?
Би жүжигчин Урнаа эгчийг их хүндэлж явдаг. Дайчин шийдэмгий сайхан эмэгтэй шүү дээ.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолт мөн тулаанд тань амжилт хүсье!
Баярлалаа та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье!








